МэдээНийгэм

Амбаартай болж байгаад АН-ыг авна

А бүсэд амбаартай ч болоосой. Ядаж Зайсангийн аман дахь газрынхаа зориулалтыг өөрчлөөд амбаар барих хэрэгтэй юм болов уу. Зөвшөөрлийг нь авчихвал зориулалтыг нь өөрчилж, өндөр байшин сүндэрлүүлээд сарын 30 сая төгрөгөөр АН-д түрээслэж болдог юм байна.

С.Эрдэнийн эхлүүлсэн энэ бизнес санааг УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюүзан Батбаяр “өвлөх”-өөс урьтаж Л.Болд үргэлжлүүлэх сэдэл төрдөг “овжин” юм гээч. АН ер нь АТМ юм биш үү. Намын гишүүдийнх нь хандив, нэр дэвшигчдийнх нь дэнчин гээд ядаж байхад өнөөх нь хөрөнгөлөг гэж. Арга ч үгүй юм даг уу, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү, АН-ын дарга асан С.Эрдэнийн хүргэн нар нэр дэвшиж байгаа юм хойно. Дэнчингийн мөнгө тэдний хувьд “Encanto”-д ганц өдөр зугаацах санхүүжилт төдий биз.

Уг нь Туулыг уйлуулан байж, бургасыг нь хядан байж Д.Кёкүшюүзан Батбаяр олон барилга барихдаа Яармагийн дэнж хавьцаа Ардчиллын өргөө сүндэрлүүлэхээр шав тавьж байсан удаатай. Нөгөө сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж гэгчээр намынхаа 30 жилийн ойгоор тууз уяад С.Эрдэнэ даргад гардуулах ам гарсныг яана.

Шавь тавьж, шороо хүрздэсний ачаар УИХ-ын сонгуульд нэр дэвших мандат өвөртөлж дөнгөсөн. Гэвч Япон явуулах амлалт өгөөд сонгогдчихож байсан Сонгинохайрханчуудын санаа барахын аргагүй болсныг 2020 оны УИХ-ын сонгуулиар мэдрэх нь тэр. Цаг цагаараа байдаггүйтэй адилхан Сонгинохайрханчууд ч санаа сэтгэл нь гэнэн хэвээрээ байсангүй. Яармаг шиг бүтээн байгуулалтыг Толгойтод өрнүүлнэ гээд байхад итгэсэнгүй гэнэ, хөөе. Ингээд яахав, эцэст нь итгүүлж дөнгөөгүй тул сонгогдож чадсангүй. Иймээс өнөөх Ардчиллын Өргөө ч дашийн шог болсон юм даг уу, таг чиг.

Ядаж байхад С.Эрдэнэ хүний үнэргүй нэгэн юм гээч. Өөрөө намын даргын тамгаа тушаачихаараа л намаасаа харьяаллаа салгаж буй аятай буруу хараад суучихдаг нь увайгүй юм гээч. Гэхдээ л сонгууль дөхсөн энэ үед намын төв аппарат гэр гэрээсээ ажил төрлөө явуулалтай биш нэгэн цагт “дайсан” мэт явсан УИХ-ын гишүүн асан Л.Болдын хатавчинд очоод шургалчих нь тэр. Харин ардчиллынхан эл үйлдлээ “Ёстой л амьдралын эрхээр аргагүй накаутанд” гэж тайлбарлана биз.

Ер нь энэ намыг амбаартай хүнд нь “арилжчихья”. Орон нутгийн сонгуулийн дараа болох Их хурлаараа амбаартай нь АН-ын дарга гэсэн шинэ заалт дүрмэндээ оруулчихья. Тэртэй тэргүй энэ намд ямар дүрэм зарчим үйлчлэх биш. Хэн намын дарга байна, хэн эл намыг ил болоод далдаас атгаж дөнгөнө тэр хүн дүрмээ зохиож, аяа тоглуулдаг хойно.