Хүүхдийн "статус"-ын онцлог

Хүүхдийн төлөвшилд айлын хэд дэх хүүхэд, түүнчлэн хувийн онцлог давуу болон дутагдалтай тал зэрэг олон зүйл нөлөөлдөг. Үүнээс хамгийн чухал асуудал бол аливаа гэр бүлийн уур амьсгал хэдэн хүүхэдтэйгээс шалтгаалдаг гэж сэтгэл судлаачид дүгнэсэн байдаг. Тиймээс та хүүхдийнхээ зан төлөвийг мэдэж авснаар цаашид хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар зөв төсөөлөлтэй болно.

Айлын ууган хүүхэд
Дэлхийн хаана ч уламжлал талаасаа айлын ууган хүүхэд нь гал голомтоо, улс төрөө яривал бодлогыг үргэлжлүүлэх үүрэг хүлээдэг. Ази, Европын хаана ч гэсэн хаан суудлыг хааны ууган хүү залгамжилдаг уламжлалаас үүнийг олж харж болно. Мөн "Монголын нууц товчоо"-нд Өгөөдэй хаан, Цагаадай ахтайгаа хэлэлцээд хүч, сүр их болох учир баруун зүг рүү хийх дайнд айлын ууган хөвгүүдийг явуулах тухай хэлэлцэн шийддэгийг уншигч Та юу эс андах билээ.
Айлын ууган хүүхдэд ганц хүүхдийн шинж илрэх боловч гэр бүлийн уур амьсгалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм хүүхдүүд төлөв үнэнч шударга, нээлттэй, хариуцлагатай, юманд их ноцтой ханддаг ба зарим тохиолдолд бухимдуу байх нь бий. Айлын ууган хүүхдийн зан төлөвийг тодорхойлох нэг чухал зүйл бол айлын энхрий хүүхэд байж байгаад дүү төрснөөс эхлэн эцэг эхийн хайр, анхаарал халамж суларч эхэлдэг бөгөөд яваандаа дүү нараа асрах, гэртээ туслах гээд амьдралын хэв маяг илт өөрчлөгддөг явдал юм. Ийм хүүхэд хүний анхаарлыг татахын тулд сахилгагүйтэх, үймүүлэх, уйлах зэрэг бүхий л арга хэрэглэнэ. Гэвч айлын том хүүхдүүд "Сайн" хүүхэд байхыг эрмэлзэнэ.

Айлын дунд хүүхэд
Феодализм ид дэлгэрч байсан дундад зууны үеийн Европын түүх, мөн тэр үеийн төв, өмнөд азийн орнуудын түүхээс харахад ууган ахаа явуулгаар унаган хаан ширээг өөрийн болгохыг тэмцэгч дунд хүүхдийн тухай олон дурдагдана. Өөрөөр хэлбэл дунд хүүхэд өрсөлдөгчөө хоёрдогч гэж боддог болох хандлага ихтэй. "Монголын нууц товчоо"-ноос иш татаж болох тод жишээ бол Хавт Хасар юм.
Өөрийгөө байнга ах эгчтэйгээ харьцуулах бөгөөд өөрийн үнэлгээ их доогуур байдаг. Гол төлөв сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, атаархуу зантай байх бөгөөд ах, эгчийгээ дийлэх гэж байнга оролддог нь хэвийн үзэгдэл. Мөн тэд ах эгчээсээ тэс өөр зантай байх нь элбэг. Ах нь дуулгавартай, томоотой бол дүү нь хөдөлгөөнтэй, ах нь зожиг зантай бол нийтч гэх мэт. Үүний шалтгаан нь эцэг эхчүүд тэднийг ах эгчтэй нь байнга жишиж байдагтай холбоотой юм. Түүнчлэн их бие даасан, хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах чадвартай, арай илүү хөдөлгөөнтэй, шүүмжлэлд их эмзэг зантай байдаг. Ийм хүүхдийг бусадтай харьцуулахгүй байж, аливаа зүйлд тэвчээртэй, уужуу хандаж сургах хэрэгтэй.
Айлын бага хүүхэд
Бага хүүхэд бол айлын хамгийн эрх танхи хүүхэд гэдгийг түүхийн туршид хүлээн зөвшөөрч ирсэн. Тиймдээ ч илүү сэргэлэн, ухаалаг байдаг байгаад юм. Христийн шашны, Орос ардын гэх үлгэр туульсад хамгийн бага хүү л хамгийн ухаалаг сэргэлэн нь байдаг. Зөрүүд дураараа байдгийн жишээг бид "Монголын нууц товчоо"-ноос хайвал урагт эс тоологдох атал энд юу хийнэ хэмээн салж оддог Бодончар Мунхагийг дурдаж болно. Өөрийгөө хамгаалалтанд байгаа гэдгээ мэдэрч байдаг тул өөртөө итгэлтэй, дураараа, омголон зантай болох нь их. Ямар нэгэн зүйлд айдас болгоомж багатай байх бөгөөд энэ чанараараа ажил хэрэгтээ эрсдэлтэй алхам хийн, өндөр амжилтанд хүрэх магадлал их байдаг ч зарим зүйл дээр бусдын үгийг авах дургүй зангаасаа болон хэт өөрийнхөөрөө зүтгэх гэх мэт бодлогогүй байдал нь насанд хүрсэн хойно нь хүүхдэд хүндээр тусдаг. Мөн тэд үргэлж хэн нэгний анхаарал халамжинд байсаар ирсэн тул амьдралын ханиа сонгохдоо өөрийг нь эрхлүүлж бөөцийлж байх нэгнийг сонгодог. Эцэг эхчүүд бага хүүхдээ бага гэлтгүй өөрт нь таарсан үүрэг хариуцлагыг хүлээлгэж сурах хэрэгтэй.
Хүүхдийг хүмүүжүүлэхдээ Монгол хүн болгон хүмүүжүүлэх нь одоогойн манай нийгэмд хамгийн чухал асуудал билээ. Монголчууд хэдийгээр асар их соёл уламжлалтай, тэр дундаа хүүхдийг хүмүүжүүлэх тухай ч арвин ёс заншилтай байсан гэх боловч өнөөгийн бидэнд үлдэж хоцорсон нь алга. Гэсэн ч бид байгаа түүхээ эргэн харж, түүнийгээ олон талаас нь харж дүгнэн явахад баримжаа олдоно гэж үзээд "Монголын нууц товчоо"-той жишин энэхүү мэдээг бэлтгэлээ.
Айлын ганц хүүхэд
Айлын ганц хүүхэд гэдэг асар онцлог статус бөгөөд дээрх гурван төрлийн статусын сул талууд давамгайлах нь бий. "Монголын нууц товчоо"-нд Тоорил ваны ганц хүү нь Сэнгүм байдаг. Хэдийгээр бусгуй дүү нартай ч ганц "хүү"-гийн ёсоор багаасаа эр танхил өссөн болохоор нялх Сэнгүм гэж дууддаг байж. Түүний ямар хүн болж төлөвсөн, ямар тавьлангаар замнасныг та бүхэн надаар хэлүүлэх юун.
Айлын ганц хүүхдэд нэг л зөрүүд байх нь их бөгөөд амьдралд "дундаж"-ийг барьж явах нь ховор байдаг. Хэрэв та нэгээс илүү хүүхэдтэй болохоор төлөвлөж буй бол хүүхдээ багаас нь эхлэн цэцэрлэг, сургууль, дугуйлан зэрэг олон хүнтэй газар байлгаж бусадтай харилцаа сайжруулах хэрэгтэй. Мөн түүнийг хэт түрэмгий зантай болгохгүйн тулд зарим зүйл дээр хүүхэддээ буулт хийхээс татгалзах хэрэгтэй.


Хүүхдийн "статус"-ын онцлог
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ