Ямааны халдварт өвчин Монголын хил, гаалийг “годронтсон” болохыг батлав уу

Монгол Улсад 70 гаруй жилийн өмнө гарч, хэдийн мартагдаж, устаж үгүй болсон хараалаас өөрөөр хэрэглэгдэхгүй удсан годрон  өвчин Говь-Алтай, Төв аймгийн зарим сумдад  гарч, мал аж ахуйн салбарыг цочирдууллаа. Амьд мал, тэр тусмаа ямааны уушгинд халддаг нянгийн гаралтай уг өвчний улмаас одоогоор 28 өрхийн 600 гаруй ямаа өвчилж, халдварын голомтыг хумихын тулд 6000 шахам ямааг устгалд оруулжээ. Хот, хороогоо харлуулсан малчид буруутан хайцгааж байна. Бас хохирлоо хэрхэн барагдуулах вэ хэмээн хөл болж байна. Хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй ч ямаан сүргийг богино хугацаанд олноор нь хиаруулж чадах энэ өвчин хаанаас яаж, гарч ирэв. 
Албаныхны мэдээлж буйгаар уг өвчин нь өмнөд хөршөөс, хууль бусаар ирсэн байж болзошгүй аж. Салбар хариуцсан сайд Ц.Идэрбат 40 мянга гаруй дагагчтай “Саятан сүрэг” гэх цахим дэлгүүрийг буруутгаж байна. Цагдаа, тагнуулынхан шалгаж илрүүлсэн бол түүний мэдээлэл ортой л байх. Тус дэлгүүрийн эзэн нь хэвлэлүүдэд хандаж бизнесийн нэр хүндэд  халдсан талаар өгүүлж байна.  УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Идэрбат хил, гаалиар “чемодантай ямаа” орж ирдэг тухай өгүүлсэн. Түүнийгээ баталж, хилээр ямаа оруулж ирсэн нэгний “чат”-ыг нийгмийн сүлжээн дэх өөрийн хаягаар цацав. Олон ямаа амжилттайгаар хил давсан ч нэг ямааных нь унтуулга гараад гаалийнханд баригдсан гэнэ. Өөр нэг хууль бус наймаачны бууны сумыг рентгэн илрүүлж, хил нэвтрүүлэх үйл явц удаад “чемодан” дахь ямааны нойрсох цаг дуусчээ.  
Ховд аймгийн Булган сумд тахь тээвэрлэж ирэх бүхий л үйл явцыг сурвалжилж байлаа. Амьд амьтныг хил давуулах нь асар их саадтай тулгардаг юм билээ. Хил, гаалийн ажилтнуудаас гадна хорио цээр, малын эмнэлгийн мэргэжилтнүүд олон төрлийн дээж авч, бичиг цаас, бүрдүүлэлт болно. Энэ бүх ажил асар их цаг авч ирсэн тахины идэш тэжээл, арчилгаа сувилгаа холдоод тахь тээвэрлэж ирсэн төслийн ажилтнууд ихэд бухимдаж байсныг санаж байна. “Европдоо бүхий л шинжилгээнд орж вакцин тариулсан. Герман, Чех, ОХУ-ын хил, шалганы холбогдох байгууллагууд  эрсдэлгүй гэж үзсэн, удаан саатуулаагүй” гэцгээж байхад ч дөрвөн тахийг “шалгасаар” байсан. “Тусгаар тогтносон Монгол Улс дүрэм, стандарттай. Түүнийгээ л мөрдөж байна” гэж бид хилийн ажилтнуудаа өмөөрч байлаа.
 Гэтэл годрон тээсэн ухна хэзээ, хаагуур, хэрхэн орж ирсэн талаарх гаалийн болон бусад бичиг огт байхгүй гэнэ.  Нэгэнт ийм баримт байхгүй учир “Саятан сүрэг” дэлгүүрийн эзэд нүүр бардам хэвлэлд хандаж байгаа юм болов уу. 
Эрх баригч нам "Боомтын сэргэлт" гэх мэт том хөтөлбөр хэрэгжүүлж, хилийн боомтуудыг бүрэн цахимжуулсан, рентген болон хяналтын дэвшилтэт техник хэрэгслээр тоноглох ажлыг үе шаттай хийсэн. Хил, гааль дээр ямар нэгэн хууль бус бараа, амьтан нэвтрүүлэхгүй байх техникийн нөхцөл бий. Амьд мал байтугай, атга будааг ч алган дээр тавьсан мэт харах технологи тэнд бий. Гэтэл унтуулсан ямаа саадгүй хил давж байна. Хянах, шалгах ёстой хил гаалийн салбарынхан нь авлигад идэгдсэн, хахуул бүхнийг шийддэг гаж тогтолцоог харуулж байна. Техник, төхөөрөмж хэчнээн сайн байвч түүнийг ажиллуулж буй хүн болон тогтолцооны ёс зүй нурчихвал улс орны аюулгүй байдал үүд хаалгагүй хоосон байшин шиг л хоцордог ажээ.
Сүүлийн жилүүдэд "Малчид малаа зарж байна" гэсэн нэрийн дор хот суурин газруудад хэн дуртай нь гар дээрээс, ямар ч гарал үүслийн бичиг, мал эмнэлгийн хяналтгүйгээр мах зарж, цахим сүлжээгээр дур зоргоор арилжаа хийдэг болсон. Хилийн хяналт нь цоорхой, дотоодын махны зах зээл нь эзэнгүй, дур зоргоороо байгаа энэ нөхцөлд иргэд эрүүл хүнс идэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Иргэдийн хоолны ширээн дээр очиж буй хүнс буух эзэнгүй, буцах хаяггүй болжээ. Золоор энэ өвчин цөөхөн малчны хотыг харлуулаад зогсох байх. Мах, сүүгээр хүнд дамждаг малын гаралтай халдварт өвчин олон бий. Хил, гааль нь зоос хараад нүдээ таглуулчихдаг бол хөрш орнуудаас малаар дамжуулан ямар ч аюул түгээж болох нь. Өнөөдөр гарсан годрон өвчин зөвхөн Говь-Алтай, Төв аймгийн хэдэн малчны зовлон биш юм. Энэ бол монголчуудын бий болгосон, биднийг хүрээлж буй тогтолцооны хүнд хэлбэрийн өвчин, жинхэнэ утгаараа нийгмийн хэмжээний халдвар болж хувирлаа.
Халдварт годронг устгахын тулд 6000 ямааг устгаад, газар булж болно. Харин бидний тархийг, төрийн босгыг, нийгмийн ёс зүйг нэвт идэж буй энэхүү авлига, хариуцлагагүйн “годрон"-гоос хэзээ, хэрхэн салж ангижрах вэ.  

 


Ямааны халдварт өвчин Монголын хил, гаалийг “годронтсон” болохыг батлав уу
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ