Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь

Нас намбаа бодсон ч, хурааж хуримтлуулсан бизнес, улс төрийн туршлагыг нь харсан ч Л.Энх-Амгалан сайд аливаад нуруутай байхаар эр. Гэвч Ерөнхий сайдаа хамгаалах гэж хэт жижиг улстөр хийж эхэллээ. Ердөө хоёр хоногийн өмнө жагсаалтаар сонгогдсон зарим гишүүдийг “Түгжилмаа” хэмээсэн. Өнөөдөр эмэгтэй гишүүдээс уучлалт гуйх эсэх дээр хариулахдаа хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгийг улстөржүүлж, өөрийнхөө хэрэгжүүлж буй хөтөлбөрийг гайтуулж мэдэх яриа гаргав.  
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уржигдархан өгсөн мэдээлэлдээ “Гурван ээлжээр хичээллэх эрсдэл бүхий 38 сургууль байна. “Гэрт ойрхон сургууль”, “Тосгоны бага сургууль” хөтөлбөр хэрэгжсэнээр хувийн хэвшлийн сургуулиудад байгаа сул танхим, бусад боломжийг ашиглаж энэ эрсдлийг бууруулна” гэж хэлж байв. Түүгээр ч зогсохгүй Ерөнхий сайдыг буруутгах гэсэн улстөржилтөөс болж хувийн сургуулиуд бидэнтэй хамтарч ажиллахгүй байж мэдэх юм хэмээн халаглаж байсан билээ. Тухайн үед тэрбээр амжилттай хэрэгжсэн хөтөлбөрүүддээ сургуулийн өмнөх болосролын ахиц дэвшлээ өгүүлсэн.  
Ердөө хэдхэн жилийн өмнө бид хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж аз туршсан сугалаанд дугаарладаг байв. Тухайн үед сургуулийн өмнөх боловсрол олгож,  ашиг олохыг зорьсон зарим хувийн цэцэрлэгийн анги дүүргэлт дутуу байлаа. Хувийн хэвшлийн орон зай, улсын цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал хоёрыг тэнцвэржүүлж, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулж чадсан нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын  цор ганц эерэг ажил байж ч мэднэ. Түүнээс хойшхи бүхий л Засгийн газар төртэй хамтран ажиллаж буй хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлын санхүүжилт олгож, эцэг эхчүүд хүүхдээ сугалаагаар шодож цэцэрлэгт өгдөг хүнд үе ард хоцорсон юм.
“Гэрт ойр сургууль” гэх энэ хөтөлбөр ч мөн дээрх зарчмаар хэрэгжих учиртай. Хичээлийн анги танхим, сургалтын бааз, боловсон хүчний нөөцтэй хувийн сургуулиудад сургалтын төлбөртэй дүйцэхүйц дэмжлэг, санхүүжилт олгож, хүүхдүүдийг сургана. Тухайлбал, гурав бүү хэл дөрвөн ээлжээр хичээллэж болзошгүй Сонгинохайрхан дүүрэгт байх сургуулийн ачлааллыг хугаслах зорилгоор  ойролцоох “Их засаг кингс” сургуулиас судалгаа авч байсан юм билээ. Н.Учрал болоод түүний ээж хүсэлт илгэсэн эсэх нь бүүр дараагийн асуудал. Энэ бүх дуулиан дэгдээгүй бол уг сургууль хөтөлбөрт багтаж, төрийн сургуулийн ачааллыг бодитоор хөнгөвчлөх байсан нь лавтай.
Нөгөөтэйгүүр, Хан-Уул дүүрэг, ялангуяа Зайсан орчимд төрийн өмчит их сургуулийн төлбөрөөс ч өндөр өртгөөр хүүхдээ цэцэрлэгт явуулдаг чинээлэг эцэг эхчүүд бий. Тэдний “Хүүхдээ энгийн хүүхдүүдтэй нэг ангид байлгамааргүй байна” гэх ялгаварласан хандлагаас болж улстай хамтраагүй цэцэрлэгүүд ч цөөнгүй. Нийгэм хэдийнэ баян, ядуу гэсэн бүлгүүдэд хуваагдсан. Хувийн хэвшлийн сургуулиуд ашиг орлого олохын тулд төлбөр төлөх чадвартай хэсгийг л зорилтот бүлгээ болгодог. Хэрэв мөнгө төлсөн эцэг эхчүүдийн дээрхийн адил шаардлага, сургуулийн цаад эздийн улстөржилтөөс хол байх гэсэн сонирхол нэгдвэл хэрхэх вэ.  
Л.Энх-Амгалан сайд Ерөнхий сайдаа өмөөрөхийн тулд улсаас санхүүжилт авдаг хоёр цэцэрлэг, нэг сургуулийг нэр цохож, АН-ын үе үеийн дарга нарын эзэмшлийн сургууль, цэцэрлэг улсын төсвөөс санхүүжилт авдаг тухай өгүүлэв. Лу.Гантөмөрийн нэртэй нэг сургууль, О.Цогтгэрэлийн хамааралтай хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авдаг гэнэ. Сайдын үг нийгмийн сүлжээнд сөрөг хүчний улстөрчдийг “идэш” болгон шидэж байна. Магадгүй, олон арван үзэгчид АН-ын улстөрчдийг зүхнэ. Өөрсдөө мөнгө авдаг байж энэ хөтөлбөрөөс мөнгө аваагүй Ерөнхий сайдыг буруутгалаа гэнэ. Л.Энх-Амгалан хувь улстөрчийнхөө хувьд зорилгодоо хүрлээ. Харин сайдын хөтөлбөр хэрхэх бол. Эдгээр улстөрчид болон өөр улстөрчтэй хамаарал бүхий сургууль, цэцэрлэгүүд бизнесийн нэр хүнд болон бусад хүчин зүйлээс шалтгаалаад “Төртэй хамтрахгүй” гэж мэдэгдвэл Л.Энх-Амгалан сайд яах вэ. Түүнд дараагийн бодит төлөвлөгөө бий юу.
Түүний  болчимгүй хэлсэн өгүүлбэр эдгээр хувийн хэвшлийнхнийг төртэй хамтрахаас татгалзахад хүргэж, улам холдуулах эрсдэлтэй юм. Сургууль, цэцэрлэгийг улс төрөөс ангид байлгаж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх нь аль ч Засгийн газрын хувьд нэн тэргүүний зорилт байх ёстой. Гэтэл сайд хүний улстөржсөн мэдэгдэл гаргаж төр, хувийн хэвшлийн итгэлцлийг үгүй хийж, эцэст нь үр хүүхдээ танхимд сургах гэсэн энгийн иргэд, бяцхан сурагчдыг хохироох аюултай. АН-ын гишүүн, иргэн Б.Энхмөнх Ерөнхий сайдыг “Хувийн сургуульдаа мөнгө олгохыг завдсан учир огцор” хэмээн төрийн ордны гадаа суулт хийж байгаа. Л.Энх-Амгалан сайд “Тэр залуу өөрийнхөө намын дарга нарт шаардлага хүргээч” гэж байсан. Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлээд жагсаал хийх эрх нь нээлттэй. Тэр хүнд зав нь байгаад эхнэр хүүхдээ тэжээх мөнгө байвал тэндээ хэдэн цаг суусан ч болно. Харин БШУ-ны сайд нь нэгийг өмөөрөх гээд нөгөөг харлуулах нь даанч харуусмаар. Дашрамд Б.Энхмөнх гэх тэр залуугийн үгэнд үнэн үг байсан. Төрийн өмчит сургууль, дөрөв, таван жил дамжин баригддаг. Сургуулийн хүрэлцээ муу атлаа ингэж удаан баригддаг шалтгаан нь улстөрчид сургууль, цэцэрлэгийн байр түрээслүүлж мөнгө олох зорилго агуулдаг юм биш биз хэмээн хардаж байсан. Н.Учрал болоод Лу.Гантөмөр, О.Цогтгэрэл нар эрх мэдэлд ойр, мөнгөтэй хүмүүс. Тэд биш юм гэхэд өөр улстөрчид сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг санхүү болон бусад зүйлээр гацаагаад яг тэр бүсэд том танхим бүхий барилга бариад байвал хэрхэх вэ. Дэлгүүр, үйлчилгээний газраас ч ашигтай, баталгаатай хөрөнгө оруулалт болох биш үү.   
Төрийн бодлого тогтвортой, алсын хараатай байж гэмээнэ сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайжирна. Тэртусмаа анги танхим түрээслэх гэх мэт богино хугацааны шийдлийн хажуугаар урт хугацааны бодлого хэрэгжих учиртай. Түүнд нь Б.Энхмөнхийн хэлсэнээр сургууль аль болох хурдан баригдах учиртай. Хэн нэгнийг өмөөрөх эсвэл харлуулахын тулд салбарын бодлогоо барьцаалах нь эрүүл үзэгдэл биш билээ. Боловсрол бол улстөржих талбар биш, харин ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Тиймээс эрх баригчид үг хэлэндээ хянамгай хандаж, хувийн хэвшлийнхэнтэй харилцах харилцаандаа эрүүл түншлэлийн зарчмыг хатуу баримтлах нь өнөөгийн нөхцөлд хамгийн чухал байна. Эс бөгөөс гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудын ачааллыг бууруулах зорилготой уг чухал хөтөлбөр эхлэхээсээ өмнө гацаанд орж, хамгийн түрүүнд бяцхан сурагчид хохирогч болон үлдэх болно. Угаасаа манайд баригдаж буй ихэнх сургууль хамгийн багадаа гурван жил баригддаг юм билээ. Ойрын гурав, түүнээс ч олон жил сургуулийн байргүй, байгаа сургуулиуддаа  гурав, дөрвөн ээлжээр хичээллэх хэрэг гаргах вий. 

 


Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ