Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ

Монголын хүндийн өргөлтийн спортыг олон улсын түвшинд гаргахад жинтэй хувь нэмэр оруулж, олон арван шилдэг тамирчдыг төрүүлсэн Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын нэр хүнд өнөөдөр спортын ертөнцөд анхаарал татсан хоёр өөр өнцөг дээр яригдаж байна. Шавь нарынхаа төлөөх чин сэтгэл, түүхэн амжилтуудыг нь ч баллуурдаж мэдэх допингтой холбогдсон сахилга батын ноцтой сорилттой тулгараад байна. Амжилт нь унаж, хүнд нөхцөлд байсан хүндийн өргөлтийн спортыг тэрбээр нөхдийн хамт өөд татсан. Ц.Хосбаяр багшийн удирдлага дор Монголын тамирчид түүхэн амжилт үзүүлж эхэлсэн. Азийн аварга, Дэлхийн цом болон Азийн наадмаас аваргууд төрж, Монголын хүндийн өргөлтийг дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд хүрсэн. Олимпийн дэвжээнээс монгол тамирчин амжилт үзүүлнэ гэсэн үзэгчдийн хүлээлтийг тэр шавь нарынхаа хамт бий болгож чадсан. Тэр зөвхөн хүндийг өргөлтөөр хязгаарлагдахгүйгээр үндэсний бөх, жүдогийн төрөлд улсын цолтой олон арван бөхчүүдийг бэлтгэж, тамирчдынхаа сэтгэлзүйн бэлтгэл дээр ахуй хангамжийн асужудлыг ч шийдэх гэж эрвийх дэрвйихээр зүтгэж байсан. Гаднын улсаас хүндийг өргөлтийн “алтан охин” М.Анхцэцэгт өндөр үнэтэй санал ирж улсынхаа нэрийн өмнөөс оролцох санал ирж байсан. Энэхүү саналыг түүний багш Ц.Хосбаярт ч хамт тавьсан. "Яагаад монгол хүн монголдоо бэлтгэлээ хийгээд олимп, дэлхийн аварга болж болохгүй гэж" хэмээн гаднын улсаас ирсэн өндөр саналаас татгалзаж, эх орондоо үлдэж байсан нь түүнийг спортынхоо төлөө гэсэн тууштай зүтгэлтэйг нь гэрчилдэг. Шавь нар нь ч түүнийг бэлтгэл дээр хатуу шаардлага тавьдаг ч амьдрал дээр үргэлж түшиг тулгуур болдог сайн багш хэмээн үнэлдэг юм билээ.
Хууль эрх зүйн зөрчил ба спортын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь
Гэвч амжилт, алдар гавьяаны ард гарсан энэ үйл явцын хажуугаар сахилга бат, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой ноцтой асуудал үүсээд байна. Шүүхээс Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан гэм буруутайд тооцож, 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, холбогдох эмийн зүйлсийг устгахаар шийдвэрлэсэн.
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас уг асуудлыг шалгаж, Дэлхийн допингийн эсрэг байгууллагын хориглосон жагсаалтад орсон бодис худалдсан байж болзошгүй гэх үндэслэлээр Допингийн эсрэг үндэсний дүрмийн холбогдох заалтуудыг үндэслэн арга хэмжээ авчээ. Тодруулбал, шүүхийн шийдвэр болон цугларсан нотлох баримтыг үндэслэн 2026 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн түүний спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг урьдчилсан байдлаар түдгэлзүүлсэн байна. Энэ хугацаанд тэрбээр тамирчин дасгалжуулах, зөвлөгөө өгөх болон спортын аливаа байгууллагад чиг үүрэг хэрэгжүүлэх эрхгүй болоод байгаа юм.
Гэвч Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу дасгалжуулагч Ц.Хосбаяр нь өөрийгөө өмгөөлөх, тайлбар болон холбогдох нотлох баримт гаргах, шийдвэрийг хянуулах эрхтэй бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа аж. Спортын талбарт гаргасан түүхэн амжилт, хүүхэд залуусыг бэлтгэж ирсэн хөдөлмөр нэг талаар үнэлэгдэх ёстой ч нөгөө талаас спортын ёс зүй, хууль тогтоомж, допингийн эсрэг хатуу дүрэм журмыг зөрчсөн гэх энэ мэт асуудлууд нь спортын салбарт хатуу сануулга болж байна. Хууль хяналтын болон холбогдох спортын байгууллагуудын эцсийн шийдвэр гараха хүртэл уг асуудал олон нийтийн анхаарлын төвд байх нь дамжиггүй.

 


Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ