3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу

Улстөр уугиж байна. Удахгүй утаа май тавиад шатах биз. “Гэрт ойрхон сургууль” гэх гэнэ, сэргүй хөтөлбөр Н.Учралын уруудах цаашлаад унах шалтгаан болох уу...
Засгийн газраас оруулж буй төсөв, төсвийн тодотголыг байнгын хороод хэлэлцээд эцэст нь нэгдсэн хуралдаанаар нэг талд нь гаргадаг. Ер нь бол эрх баригч намаас гаргасан хуулийн төслүүд олонхоороо түрий бариад дэмжигддэг жишигтэй. Н.Учралын оруулж буй төсвийн тодотгол ч энэ маягаар шийдэгдэх байв. Гэвч... Боловсрол, шинжлэх яамнаас Өргөдлийн байнгын хороо ирүүлсэн төсөвтөй холбоотой мэдээлэл өгч байх үед Х.Баасанжаргал гишүүн тус хөтөлбөрөөс санхүүжилт авах хувийн сургуулийн нэрсийг асуув. Мэдээж, асуултдаа хариулт авч чадсангүй.  Орой нь зарим хэвлэлүүд төсвөөс санхүүжилт авах гэж буй сургуулийн нэрсийг нийтэлж эхлэв. Гарын хуруунд багтах цөөхөн сургуулийн нэрс дунд Ерөнхий сайд Н.Учралын ээжийнх нь эзэмшдэг сургуулийн нэр гарав. Яамны ТНБ-ийн дарга  Т.Ням-Очир  тус сургуульд 3,5 тэрбум төгрөгийн хувьсах зардал өгөх боломжтойг хүлээн зөвшөөрөв. Эндээс хойш, бүхий л үйл явдал олны нүдэн дээр өрнөж байна. Харин далдуур юу болсон бэ. 
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө парламентад жагсаалтаар орсон зарим гишүүд багаар ажиллаж чадахгүй байгааг хэлээд Н.Амарзаяа нарын эмэгтэй гишүүдийг “Түгжилмаа” хэмээн нэрлэв. Эрх баригчид талцаад бие биедэ нэр, хоч өгөхөд гайхах зүйлгүй болсон. Энэ намын цөөнхийг хэвлэлүүд “30 –ын бүлэг” гэж нэрлэдэг. “Гомдогсодынх” гэх нь ч бий. Унаад ууртай байгаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нараас гадна албан тушаалын бялуунаас хүртэж чадаагүй зарим гишүүдийн нэгдэл. Жагсаалтын гишүүдийн листийг тухайн үед намын дарга болон генсэкээр ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар гаргасан. Тиймдээ ч нэр бүхий гишүүд ач хариулах зорилгоор тэднийхээ талд байдаг биз.  Асуудал анх яригдсан Өргөдлийн байнгын хороог 30-ийн бүлгийн гишүүн О.Номинчимэг даргалдаг.  Хурал дээр хувийн сургуулийн нэрс асуусан гишүүн Х.Баасанжаргал ч энэ бүлгийнх. Сүүлд нь сэтгүүлчидтэй хамтран 50 тэрбумын “эксэл файл”-д “Их засаг кингс” сургуулийн нэрс байгаа эсэхийг тулгасан О.Саранчулуун ч тэдний нэг. Эдгээр гишүүн бүгд жагсаалтныхан. 
Л.Оюун-Эрдэнийг бэрийн тансаглалын талаар МАН-ын гишүүд анх гаргасан. Түүнийг түгээх ажлыг ч тэд гүйцэтгэсэн гэдэг. Энэ удаа Н.Учрал дээр тохиосон үйл явдал яг л өмнө өрнөсөн зургаар явж байна. Үйл явдлыг тунгаавал Н.Учралын ээжийнх нь сургууль 50 тэрбумын гэгдэх файлд байгааг жагсаалтын гишүүд дэлгэсэн.  Ил гарсан нь тэд болохоос далдуур засагт багтсан 30-ынхан байгааг Н.Учрал өөрөө ч үгүйсгэсэнгүй. АТГ-ын гадаа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ч хэлсэн. Эхний удаа жадны үзүүр, сэлэмний ирийг танхимын гишүүн С.Амарсайхан руу чиглүүлэв. Г.Занданшатарыг “даадаг” удган гэх эмэгтэй ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цагдаагийн удирдлагад даалгавар өгч өөртэй нь хэрэг наймаалцах гэж оролдсон гэх бичлэгийг цацав. Ерөнхий сайд нийгмийн сүлжээнд өөрийн хөтөлдөг нүүрномоор дамжуулан С.Амарсайханд сануулга илгээсэн. ШШГЕГ-ын дарга, генерал мөрдөстөн бүх өөрийн албаны дарга нарыг цуглуулаад хэвлэлийнхэнд хариуцсан сайд нь ажлын байранд дарамталдаг тухай хов ярив. Жолоочийнх нь дүүг, эхнэр болон өөр олон хүнийг сайдынхаа шаардлагаар дарга болгож байсан гэнэ. Уг нь бол Монгол төрийн ажлыг хувь хүний гуйлтаар явуулж байсан генарал энэ мэдээллээ хийгээд өөрөө огцорох ч багадна. Гэхдээ Ерөнхий сайдад галын дэмжлэг үзүүлсэн болохоор мөрдэснийхээ таван хошууг нэмээд өөр том тушаалд ажиллах биз.
АН энэ бүх дуулианыг зүгээр ажиглаж суусангүй. Тус намын улстөрийн зөвлөл  хуралдаж Н.Учралд өөртөө  итгэл үзүүлэх суудлыг оруулах шахалт үзүүлэх болжээ. Хэрэв парламентад өөрөө асуудлаа оруулахгүй бол төсвийн тодотгол дээр нь бойкот хийнэ. Цаашлаад огцруулах санал гаргах гэнэ. УИХ-д олонхийн суудалтай, өрсөлдөгч хоёр ч намтай эвсэн засаг барьсан Н.Учрал огцорсон сайдын тоог нэмэх эсэх үйл явдал энэ маягаар цаашид өрнөнө.   
Эцэст нь Н.Учралын засгийг савлуулсан  3,5 тэрбумын төсөв байсан уу. Эксэл файл хэн нэгний санаанаас зохиосон зүйл үү. Ийм файл байсаныг Л.Энх-Амгалан сайд үгүйсгэсэнгүй. Гэхдээ хувийн сургуулийн багтаамж зай, талбайг, тооцоолж судалгаа хийсэн. Тэрхүү судалгаанд үндэслэн зарим хувийн сургуулийг түрээслэх болон бусад хэлбэрээр 50 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж “Гэрт ойр сургууль” хөтөлбөрөө явуулах байсан аж. Түүний хэлснээр уг судалгаанд Ерөнхий сайдын ээжийн өмчийн сургууль багтаж. Харин хамтран ажиллах хүсэлт ирүүлээгүй гэнэ. Багийн гишүүд нь тус сургуульд хүүхэд сургах боломжтой гэж санаачилга гаргасан аж. Мань эр хэн нэг нь энэ бүхнээс болж хэн нэг нь хохирох ёстой бол би өөрөө хохирьё гэж байна. Ерөнхий сайд дээр бууж буй галыг хамгаалах, түүнд үнэнч байгаагаа илэрхийлж байгаа юм уу даа. Төрийн байгууллага таныг мэдээгүй байхад мөнгө өгөх гээд таны байр, савыг түрээслэх гээд төсөв гаргасан байдаг юм билээ. Та авахгүй гэсэн ч өгнө. Түрээслүүлэх байртай, эрх мэдэлтэй байх нь гол юм даа.      

 


3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ