Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна

 Балба (Непал) болон Төвдийн хилийн орчмоор болсон гэнэтийн бөгөөд асар хүчтэй үер, хөрсний гулгалт нь байгалийн хүчин зүйл ямар аймшигтай байдгийг харуулсан харамсалтай явдал болсон. Энэхүү гамшиг нь зөвхөн дэд бүтцийг сүйтгээд зогсохгүй хүмүүнлэгийн болон ёс суртахууны хүнд цохилтуудыг дагуулж байна.
Балба улсын хувьд дэлхийн өнцөг булан бүрээс аялагчид, мөргөлчид, бясалгагчид цугладаг ариун дагшин газар билээ. Өнөөгийн захиргааны хуваариар Балба улсын Рупандехи дүүрэгт бурхан Будда мэндэлсэн гэдэг. МЭӨ 6-р зуунд үед тухайн газар нутаг Сиддхарта Гаутамагийн гэр бүл болох эзэн хааны эзэмшилд байсан.  Уг газар нь Балбын нийслэл өнөөгийн Катманду хотоос баруун урагш ойролцоогоор 250 километрийн зайтай орших Энэтхэгийн хилтэй ойролцоо нам дор газарт байрладаг.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн энэхүү газар нь дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй мөргөлчид болон жуулчдын зорьж ирдэг ариун дагшин газруудын нэг юм. Тухайлбал, дээр өгүүлсэн Буддагийн мэндэлсэн түүхэн өлгий нутаг болох Лумбини болон уулархаг бүс нутгийн аяллын гол цэгүүд энэхүү үерийн усанд хэсэгчлэн автаж, бясалгал болон аяллын зорилгоор ирсэн олон улсын жуулчид, мөргөлчид байгалийн гамшигт нэрвэгдээд байна. Уулын бэл болон голын сав газруудад байрлах суурингууд, дэд бүтцүүд хэдхэн хормын дотор шавар нурангид дарагдаж, олон хүний амь нас эрсэдэн, сураггүй болжээ.
Гамшгийн хүнд хэцүү энэ цаг үед хүний мөс чанар, ёс суртахуун алдагдсан нэгэн жигшүүрт хэрэг олон нийтийг цочирдуулсан. Үерийн усаар урсаж ирсэн амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг гаргаж байх үед хоёр этгээд голын эрэг дээр зогсож байгаад цогцосноос алтан ээмгийг нь сугалан авч буй бичлэг цахим сүлжээнд тархсан юм. Интернетэд тархсан 41 секундын бичлэгт хоёр эрэгтэй амиа алдсан эмэгтэйн цогцсыг мод, банзаар татаж, үснээс нь зулгааж ойртуулаад хоёр чихнээс нь алтан ээмэг авч, хажуу тийш нь тавьжээ. Эргэн тойронд нь олон хүн байсан хэдий ч энэ мэт харгис үйлдлийг таслан зогсоохын оронд зүгээр харж зогссон нь олон нийтийн дунд маш их эгдүүцэл, дургүйцлийг төрүүлжээ. 
Читван дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт холбогдолтой 25 настай Мадан Гурунг, 38 настай Умеш Чаудхари нар болохыг тогтоон, Бархатпур хотын (Bharatpur Metropolitan City) Покра автобусны буудлын орчмоос зугтахаар завдаж байх үед нь баривчилжээ.Цагдаагийн байгууллагаас байгалийн гамшиг нүүрлэсэн хүнд үед хүний амь үрэгдсэн эмгэнэлт байдлыг ашиглаж дээрэм тонох иймэрхүү ёс суртахунгүй, хүн ёсноос гадуур үйлдлийг хатуу таслан зогсоож, хуулийн дагуу хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдсэн байна.
Энэхүү гамшигт үер болон шавар нуранги үүссэн үндсэн шалтгааныг шинжээчид дараах байдлаар дүгнэж байна.  Уулархаг бүс нутагт болсон хэт халалт болон асар хүчтэй аадар борооны улмаас орой дээрх мөсөн гол эсвэл хад нурж, гинжин урвал үүсгэн асар их хэмжээний шавар, хог шороог доош нь түрж буулгажээ. Гиронг болон Расувагадхи хилийн боомт, олон арван гүүр, цахилгаан станцууд үерийн эрчинд тэсвэр алдан эвдэрч, голын ай сав дагуух зам харилцаа бүрэн хаагдсан нь эрэн хайх ажиллагааг эрс хүндрүүлсэн юм. Одоогоор 1000 гаруй хүн нас барсан тогтоогдсон бөгөөд сурагггүй алга болсон хүмүүсийн тоо түүнээс хавьгүй их байгаа юм. Байгалийн аюул нүүрлэсэн энэ хүнд нийгмийн ёс суртахуун  байгалийн гамшигаас дутахааргүй хүнд сорилтыг харуулж байна. 

 


Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ