ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд

Өмнөговийн Гурвантэс хилийн сум. Тус сумд байх заставд хэдэн бор цэргүүд эх орныхоо ширхэг чулууг ч нүд цавчилгүй хамгаалж, хил амгалан, хилийн тэнгэр тогтуун байна. Гурвантэсчүүд харин сумын төвийнхөө дэргэд нүүрс ачсан машиныг сахидаг ажилтай болжээ. Сумын сургуулийнхан төгсөлт төгсөлтөөрөө ээлжлэн эмэгтэйчүүд өдөр өнжин, эрчүүд нь шөнө хоноглон 1000 тн нүүрс ачсан долоон машиныг хил рүү явуулахгүй гэж манаж байгаа аж. 1958 оноос 2018 оны төгсөгчид ийнхүү нэгдэх болсон шалтгаан нь өрөвдмөөр бас халагламаар. Хийх ажилгүйдээ тэд замын тоосонд дарагдан өдөржин суусангүй. 
Гурвантэсийн иргэд нүүрсний уурхайн захирлуудад “Хатуу хучилттай зам тавь. Түүгээрээ нүүрс зөө” гэж шаардаж байгаа аж. Олуул цуглавал хөзөр, даалуу эргүүлнэ. Биднийг очиход 100 гаруй км-ын цаана нутагладаг малчин бүсгүй дунд сургуулийн ангийн анд одоо дэлгүүрийн худалдагч хийж буй өөр нэг эмэгтэйтэй сууж байна. Сумын иргэдийн хурлын төлөөлөгч залуу тэдэндээ хүч өгөн нэгджээ. Шивээ хүрэн боомт орох гол зам дээр ойр ойрхон машин зорчино. Сул нунтаг шороон дээр хурд мэдэн давхих машины дугуйн хөдөлсөн тоос дээш тэнгэр рүү дэгдэнэ.  Манаа хийж байгаа хэд тэгэх бүрийд ам, хамраа дарна. Өлөн тоосонд бүрэн дарагдсан тэдний нүд шүд л гялалзана. Багш, сувилагч, дарга даамал хэн байсан ч хамаагүй, ачааны машиныг хөдөлгөхгүй байх ганц үүрэгтэй.  
Бидний хэсэг сэтгүүлчид нутгийн олны урилгаар тэнд очоод байгаа нь энэ. “Хүнээ, иргэдээ бодоогүй, зөвхөн олз хөөсөн Ерөнхий сайдын шийдвэр говийнхонд ямар байгааг газар дээр нь сурвалжилж  олон нийтэд хүргээч” гэсэн тэдний хүсэлтээр чадвал төрд, ядвал олон нийтэд байгаа байдлыг нь харуулах гэж яваа минь энэ.
 “Секер ресурсос Монголиа” компани Зам тээврийн яамтай гэрээ хийж тусгай зориулалтын нүүрс тээврийн замыг өөрсдийн хөрөнгөөр барихаар болжээ. Хотгорын уурхайгаас олборлох боломж бүхий 110 сая гаруй тн нүүрсийг зөөсний эцэст уг  замаа улсад хүлээлгэж өгнө. Компани техник эдийн засгийн үндэслэлдээ жилд 7,5 сая тн нүүрс зөөнө гэж тооцжээ. Ачааны нэг машин 150 орчим тн нүүрс зөөдөг гэж тооцвол уг замаар өдөрт 136  машин зорчих нь.  Олборлох магадлалтай нөөцийг бүгдийг зөөнө гэвэл 50 мянган машин 15 жил явна. Буцах рейсийг тооцвол уг тоог үржүүлж таарна. 
Тус компани компани нүүрс тээвэрлэх замын даланг өнгөрсөн жил барьжээ. Байгаль орчны үнэлгээ болон, зураг төсөлдөө  уг замаар хүнд ачаа ачсан тээврийн хэрэгсэл зорчих учир олон давхар даац авах бүтэцтэй байхаар тусгасан аж. Тоосжилт болон бусад эрсдлийг бодолцож, сумын иргэд болон байгаль орчин, мал амьтанд хамгийн аюулгүй байхаар тооцоолж, тэрхүү үндэслэлээ танилцуулж байсан гэнэ. Нүүрс ачдаг олон тэнхлэг бүхий машины жин  40-60 тн байдаг гэнэ. Түүн дээр нь ачааг нь нэмбэл манайхны түгээмэл хэрэглэдэг “приус” маркийн машиныг 140 ширхэгийг нийлүүлсэнтэй тэнцэнэ. Энэ хэмжээний жин говийн хөрс болон авто замын дэд бүтцэд ямархуу ачаалал учруулах нь тодорхой. Тиймдээ ч нүүрсний зам гэдэг бидний долоон жил бариад өнөөг хүртэл дуусаагүй  Улаанбаатар Дарханы замаас огт өөр, өөр илүү даац авдаг зам байдаг аж.   
Өнөө харин “Секэр ресорсус Монголиа” компани танилцуулж байсан гайхамшигтай даацын замын зураг төсөл яриа хэлэлцээр, дүрэм журам бүхнийг мартаад Ерөнхий сайдын тогтоолыг барин хууьчаар өмгөөлүүлж,  хамгаалагчдаар дэмжүүлэн долоон машинд нүүрс ачиж, шороон замаар тээвэр хийхээр орж ирсэнийг нь иргэд зогсоосон байгаа. Цааш явуулахгүй хэмээн сахиж суугааг дээр өгүүлсэн. Н.Учралын гаргасан тэрхүү тогтоолд өөрсдийн барьсан далангаар нүүрс тээвэрлэх боломж олгохыг Зам тээврийн сайддаа даалгажээ. Сумын иргэд Ерөнхий сайдын тогтоол “Гурвантэсчүүдийн амьдрал, ахуйг огтоос бодолцоогүй, зөвхөн эдийн засгийн ашиг хонжоо харсан” хэмээн дүгнэж байна. Өмнө нь өөр хоёр ч уурхай нутгийн иргэдийг  хуурч, шороон далангаар нүүрсээ зөөж зараад мөнгөтэй болсон үедээ хучилт тавина гэж хуурчээ. “Терра энержи” компани есөн жилийн турш улирал харгалахгүй, өдөр шөнөгүй нүүрс зөөсөн ч замаа хучих мөнгө олоогүй л байгаа аж.  Уншигч та санаж байвал тус компанийн жолооч хүнд даацын машинаар харанхуй шөнө айлын гэр дайрч,  гэрт байсан хүмүүс газар дээрээ нас барсан удаатай. Олон жилийн өмнө болсон уг явдал “Секэр ресурсос Монголиа” компанийн барьж буй уг зам дээр давтагдсан. Замын ажилд явсан хүнд даацын машин “приус” маркийн машиныг мөргөснөөс суудлын машинд зорчиж явсан  гурван залуу өөд болсон. Биднийг сурвалжлага хийх үеэр уг зам дээр мотоциклтэй зорчиж явсан 46 настай залуу шороон хаалт мөргөж, мөн л газар дээрээ нас баржээ. Замын голд шороон хаалт асгасан атлаа эргэн тойронд нь анхааруулга бүү хэл хамгаалалтын тууз ч татаагүй байсан... Осол болсон газар дээр зураг авахаар хэдхэн хором болоход дэргэдүүр явсан машины тоос үзэгдэх орчныг бүрэн хааж байсан. Эрүүл саруул хүн улаан зам дээр асгасан хаалт шороог анзаарч харна, тойроод гарна. Гэвч нүүрсний зам дахь тоосжилт эргэн тойрны 300 м газрыг үзэгдэхээргүй болгож байсан. Эцэст нь, үхсэний хохь болж, болгоомжгүй явсан зорчигчийн буруу болоод өнгөрөх биз. Ерөнхий сайдаас хоёр ч тусгай хамгаалалттай газраар 200 км  дайруулан шороон зам дээр нүүрс тээвэрлүүлэх зөвшөөрөл авч чадаж байгаа компани энэ ослыг хохирогчийн өөрийнх нь буруу болгож өлхөн чадна. 
Биднийг очсон тэр өдрүүдэд Тост, тосонбумын нурууг ЮНЕСКО-гоос шим мандлын нөөцөд бүртгэсэн батламжаа өгөх ёслол таарсан. Монголд уг бүртгэлд орсон 13 газар бий. Хүссэн газар, ус бүхнийг бүртгэдэггүй байлгүй дээ, тэр байгууллага. Гурвантэсчүүд говийн байгалийн үзэсгэлэн болсон уг газраар бахархахын зэрэгцээ удахгүй  амьтан байтугай мал ч тогтохгүй хувхай тал болох вий хэмээн эмзэглэж байсан. Үнэхээр ч тэдний эмзэглэл үндэслэлтэй юм билээ. Монголын Улсын хамгийн том газар нутагтай, олон иргэнтэй сумдын нэг болох Гурвантэсд мал малладаг 64 айл байдаг гэх. Нүүрсний уурхайд талхлагдаж, нүүрсний замд хэрчигдсээр уламжлалт аж ахуйгаа хөтөлж чадахааргүй болж. Одоогоор хамгийн олон малчин өрхтэй Тост баг хоёр ч нүүрсний замын трассд өртөжээ. “Алтаргана хайрхан” гэх өөр нэг компани хил дагуу мөн л тус сумыг бүтэн дайрч замаа тавихаар эхэлжээ. Хятадын замын ажилтнууд хил дагуу хэд хэдэн кемп босгоод эхнээсээ ажлаа эхэлжээ. Гурвантэсчүүд Н.Учрал Ерөнхий сайдыг гаргасан тогтоолоо эргэн хараач гэж хүсч байна. Амьдралд нийцэх шийдвэр гаргаач гэж эрх мэдэлтнүүдэд уриалж байна.    


ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ