Зарим хэвлэлд баавгай бугуйлдсан адуучин залуугийн талаарх мэдээлэл гарснаас хойш нийгмийн сүлжээнд хаа сайгүй хөвчийн хүрэн “бэлчих” боллоо. Есдүгээр сарын 12-ны өдөр Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян сумын заагт орж ирсэн баавгайг онцгойн алба хаагчид олс8 уурга хэрэглэн барьж унтуулж буй бичлэг цахим орчинд түгсэн нь баавгайн тухай мэдээллийг гааруулав. Бамбарууш угжиж байгаа, өөр нэгийг нь хашаан дотроо бугуйлдаж байгаа дүрс хаа сайгүй түглээ.
Энэ сарын эхний арав хоногт БОУАӨЯ-д суурьшмал бүсэд баавгай орж ирсэн 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол түүнээс хойших арав хоногт энэ тоо 80 болж өсчээ. Нийгмийн сүлжээнд тарсан "баавгай хүнд ойртсон" гэх мэдээллүүд ийнхүү цочрол үүсгэв үү, эсвэл өмнө нь бүртгэгдээгүй байсан мэдээллүүд гэнэт нэмэгдэв үү гэдэг нь анхаарал татаж байна.
Хөвчийн эзэн хүнд ойртсон шалтгааныг нийгмийн сүлжээнд хоёр янзаар тайлбарлаж байна. Нэг хэсэг нь баавгайн амьдардаг бүсэд самар, жимс ховордсоноос болж суурьшлын бүсэд халдлаа гэж үзэж байна. Тэд энэ жилдээ самар идэхгүй баавгайд хадгалах уриалга гаргажээ. Өөр нэг хэсэг нь ОХУ-аас олон тооны баавгай орж ирж нутгийг нь булааснаас манай уугууlууд зугтааж, хүнд ойр үзэгдэх болсон гэцгээж байна.
Мэдээж хандалт авахын төлөө улайрсан нийгмийн сүлжээн дэх зарим хуудас, аккаунтууд олон жилийн өмнөх эсвэл гаднын улсад болсон хуучин бичлэгийг саяхан манайд болсон мэтээр зориуд гуйвуулан түгээв. Тухайлбал, сошиал сүлжээнд тарсан баавгайн бичлэгийн зарим нь 2023 онд БНХАУ-ын Шинжаанд болсон үйл явдал байх жишээтэй. Мөн машинаар бамбарууштай баавгай хөөж буй олонд ихэд түгсэн бичлэг нь мөн л гаднын улсад болжээ.
Сануулахад, одоогоос долоон жилийн өмнө буюу яг энэ цаг үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойтын гол гэх газар айлын гэрт баавгай орж, нэгэн гэр бүлийн гишүүдийг хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч байв. Тэр үед баавгайг хүнтэй ойр амьдардаг болсон гэх мэдээлэл гарсан. Яг л өнөөдрийнх шиг тайгын хүрэн малчидтай айлсаж, хог зэмийг нь ухсан, мал амьтныг нь барьсан тухай мэдээлэл түгж байв. Хүмүүс баавгай олширчээ л гэцгээсэн. Хоол хайсан хэрмэл, орон гэргүй тэнэмэл амьтан л даа.
Монгол Улс 1986 онд баавгай тоолсоноос хойш, тоо толгойг нь гаргах оролдлого хийж байгаагүй аж. Тухайн үед ойролцоогоор 500 орчим баавгайтай гэх тоо гаргажээ. Өнөө үед шинжлэх ухаан хөгжиж, зэрлэг амьтдын тоо толгойг хэмжих олон дэвшилтэт арга бий болсон ч манай орны хэмжээнд бодит тоог нарийвчлан гаргах зайлшгүй шаардлага бий хэвээр байна.
Сошиал орчинд бичигдсэн Сибирийн ойгоос баавгай хэдэн зуугаараа манай улс руу орж ирж байгаа гэх нь үндэслэлгүй, худал мэдээлэл аж. Хил орчмын тайга нэг экосистем тул урт хөлийн амьтад, баавгай хил давж сэлгүүцэх нь жам ёсны үзэгдэл аж. Гэвч "олноороо дайрч ирсэн" гэдэг нь хэтрүүлэг юм. Хилийн орчим баавгай үдэлдэг нутагт дайжиж зугатахаар ойн түймэр гарсангүй. Дайны хөлөөс зугатааж, түлш шатахууны хямрал нүүрлээгүй л бол зуу зуугаараа нааш дүрвэх бодит шалтгаан алга. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам болон холбогдох байгууллагууд зэрлэг амьтад, тэртусмаа баавгайн тоо толгойг ул мөр, камерын хяналт болон генетикийн аргаар тогтмол хянаж байдаг. Олноор шилжилт хөдөлгөөн хийх ахул шаардлагатай арга хэмжээ авдаг юм билээ. Манайх шиг төдийг хил давуулаад алдчихлаа гээд халаглаж суухгүй хүчирхэг гүрэн.
Тэгвэл ойн эзэн олноор үзэгдэх болсон шалтгаан юу вэ. Баавгай намар ичээндээ орохын өмнө бие махбодоо бэлддэг. Өвлийн бэлтгэл базааж, өөх тосоо хуримтлуулах биологийн хэрэгцээтэй тулгарна. Энэ үедээ хоол тэжээл эрж хайж хөдөлгөөн нь эрс идэвхждэг бөгөөд ой тайгад үндсэн идэш тэжээл болох самар, жимс ховордсон үед суурьшлын бүс рүү орно.
Үүнээс гадна малын тоо толгой хэт өссөнөөс болж зэрлэг амьтдын бэлчээрт хүмүүс болон мал мал мах цуглах, самар жимс түүхээр ойд олноороо нэвтэрч, хог хаягдал ил задгай хаях зэрэг хүчин зүйлс нь баавгайг хүний суурьшилд татах гол шалтгаан болж байна.
Амьтдын шилжилт хөдөлгөөнийг ашиглаж, сошиал орчинд хандалт авахын тулд айдас төрүүлсэн мэдээлэл түгээх, зарим улстөрчдийн олон нийтэд таалагдах гэсэн ярианууд энэ амьтны хувь заяанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Монгол Улсын хуулиар хүрэн баавгайг агнах, устгахыг хатуу хориглосон бөгөөд зөвшөөрөлгүй агнавал эрүүгийн хариуцлага хүлээх хуультай. Ганц нэг баавгай суурьшлын бүс рүү дөхсөнийг аюул болгон зарлаж, баавгай агнах тухай ярих болов.
Дархан-Уул аймгийн Засаг дарга хүнээ хамгаалахын тулд буудах, тоо толгойг нь системтэй цөөлөх тухай ярьж байсан. Хууль бус анчид, хулгайн агнуураар хөлжигсөд түүний хэлсэн энэ мэт үгийг дэвэргэж мэднэ. Эд, эрхтэн нь чамлахааргүй үнэ хүрдэг энэ амьтныг хөнөөх гэж тоо нь ихэссэн, амьдрах аргагүй боллоо гэж шуугиулна. Угаасаа хулгайгаар агнадаг байтал, ил цагаан хөнөөнө. Буудсан баавгайтайгаа баригдвал "Хадлангаа хадаж яваад араатанд бариулах шахлаа" гэж аргалах нь наад захын явдал болно. Тэр жил, Говь-Алтай аймагт чоно элбэгшээд мал бэлчээх аргагүй боллоо гэж шуугицгаасан. Одоо гишүүн болчихоод байгаа Засаг даргын тогтоол, тушаал гаргаж эрчүүд нь чонын авд мордсон. Хээр талын экосистемийг барьж байдаг саарал чоныг үй олноор хөнөөж, Жанчивын талбайд нутгийнхандаа улай үзүүлж байлаа. Махчин амьтад нь байгаль дээр өвчтэй, сульдаж ядарсан, хөгшин амьтдыг барьж иддэг. Тиймдээ ч сүргийн бүтцийг эрүүлжүүлж, өвчтэйг цэвэрлэх замаар өвчний тархалтыг хязгаарладаг. Баавгайнд ч тийм үүрэг оногддог.
Сошиалчид маань баавгай таарвал ямар амьтан болж аврагдах вэ хэмээн марзагнаж, хэтрүүлэг түгээхийн оронд амьтдыг үргээх, хог хаягдлаа цэгцлэх, ойд болгоомжтой зорчих зэргээр урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй билээ. 2019 онд болсон аав, хүү хоёрыг хөнөөсөн эмгэнэлт явдал нь баавгай элбэгшсэнээс болоогүй. Тухайн жил мөн л самар, жимсний гарц муу байсан. Хууль бусаар алт олборлогчид түүний эзэмшил нутагт халдсанаас болсон юм билээ. Дүгнэлт нь тэгж гарсан.
| Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу |
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35
Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна
2026-09-04 12:36:31
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35
Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна
2026-09-04 12:36:31
Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна
2026-09-01 16:19:19
Алтан үеийн хар толбо, гучин жилийн өмнөх аллагын буруутан
2026-09-01 15:23:59
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авлаа
2026-09-01 08:48:00
Банкны салбарын бодлогын хэлэлцүүлэг: 2027 оны бодлого, олон улсын нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг, салбарын шинэчлэлийг хэлэлцлээ
2026-08-31 15:14:00
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа
2026-08-29 14:04:50
Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого зохицуулалтын хүрээнд гадаад хамтын харилцааг өргөжүүлнэ
2026-08-26 13:12:00