Түүхэн хонзон ногоон талбайн тулаан

 Түүхэн хорсол буюу Аргентин, Английн тулаан
Өнөө шөнө цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дээр хөлбөмбөгийн тоглолт бус, түүхийн олон арван жилийн шарх, үндэсний бахархал, алдрын төлөөх тулаан өрнөнө. Аргентин болон Английн шигшээ багуудын хоорондох тулаан бүрт дэлхий нийт ийнхүү анхаардаг болоод удаж буй. 
Фолклендын арлын маргаан 
Аргентиний эрэг дагуу байх (тус улсаас 500 орчим км орчимд байрлах) Фолклендийн арлуудыг аргентинчүүд өөрсдийн газар нутаг гэж үзсээр ирсэн. Харин англичууд өөрсдийн арлаас 13.000 км хол орших Фолклендэд өнгөрсөн 200 гаруй жилийн турш иргэдээ суурьшуулж, дэд бүтцийг нь хөгжүүлсэн учир өөрийн хэмээн өмчилнө. Арлууд дээр орших иргэд санал асуулгаар дуу нэгтэйгээр Британид хамаарах хүсэлтэйгээ илэрхийлжээ. 1982 онд Аргентинд засаглаж байсан цэргийн хунта дэглэм удаан хугацааны турш үргэлжилсэн дипломат яриа хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа хүчээр асуудлыг шийдэхээр болжээ. Аргентины элит хүчнийхэн Фолклендын нийслэл Стэнли рүү гэнэт довтолж, тэнд байсан Британийн цөөн тооны тэнгисийн явган цэргийг буулган авч, арлыг хяналтдаа оруулсан аж. Ойролцоох Өмнөд Жоржиа арлыг ч эзэлжээ. Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер энэ үйлдлийг эрс эсэргүүцэж, "Task Force" буюу тэнгисийн цэргийн тусгай хүчнийг яаралтай байгуулан Атлантын далай руу илгээсэн юм. Тэд 8,000 гаруй милийн зайд байрлах арлууд руу хөдөлж, дайн бүсийг зарлажээ. Тулаан агаар болон далайд үргэлжилж Британичууд өрсөлдөгчийнхөө “Генерал Бельграно” усан онгоцыг живүүлэв. Агаарын тулаанд ч англичууд илт давамгай тулалдсанаар аргентинчүүд ичгүүртэйгээр буцлаа. Хунтын дэглэм энэхүү дайнаас болж нэр хүндээ унагаж огцров, харин Маргерит Тетчир удахгүй болсон сонгуульд өндөр санал авчээ. 
Далайн тулаан ногоон талбайд үргэлжилсэн нь 
Хоёр орны харилцааны хамгийн эмзэг байдал арилаагүй, дайны шарх аниагүй байхад хөлбөмбөгийн ДАШТ дээр хоёр баг учраа таарлаа. 1986 оны дэлхийн аваргаар Аргентин А хэсгээ тэргүүлэв. Тэд 16-гийн шатанд Уругвайн багийг 1:0-ээр хожиж шөвгийн наймд шалгарав. Харин Английн баг F хэсэгт багтаж, хэсгээсээ хоёроор гарч, Парагвайн багийг 3:0-ээр буулган авснаар шөвгийн наймд Аргентинтай учраа таарсан түүхтэй.  6-р сарын 22-ны өдөр Мехико хотын "Ацтека" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт багийн бүх гишүүдэд дарамт болж байлаа. Аргентинчүүд энэхүү тоглолтыг нэр хүндээ аврах боломж гэж харж байлаа. 74 хоногийн дайны үр дагавар, Аргентины шившигтэй ялагдал ард түмний сэтгэлд шарх үлдээжээ. Алдарт Диего Марадона ногоон талбайд нутаг нэгтнүүдээ баярлуулав. Тэр английн хаалга руу бөмбөг мөргөхдөө гараараа “хачирласныг” шүүгч анзаарсангүй. Хожим тэрхүү гоолоо "Бурхны гар" хэмээн ярьсан нь тэр чигтээ түүх болон үлджээ. Мөн энэ тоглолтод таван хамгаалагчийг хаалгачтай нь хуурсан түүнийг гоолыг FIFA  "Зууны шилдэг гоол" хэмээн үнэлсэн юм. 
Ногоон талбайд болсон хоёр улсын тулаан үүгээр дууссангүй. 1998 оны Дэлхийн аваргад английн багийн ирээдүй болсон залуу, туршлагагүй тоглогч Дэвид Бекхэмийг аргентин хөлбөмбөгч Диего Симеоне  өдөөн хатгасаар байгаад талбайгаас хөөлгөв. Бэкхэм энэхүү үйлдэлдээ хангалттай шийтгэл авч гэрээсээ ч гарч чадахгүй удаан хугацаанд “хоригджээ”. Тэр английн баг ялагдсан гол бурууг үүрч ийнхүү шийтгүүлсэн юм.  Тэр тухайн ондоо эх орондоо хамгийн их үзэн ядагдсан хүн болсон ч, энэ бүх дарамтыг туулан эргэн ирсэн нь олон тамирчдад сургамж, урам зориг болсон гэдэг. 2002 оны ДАШТ-ээр Английн багийн ахлагч Дэвид Бекхэм хариугаа авч чадлаа. Тэр хэсгийн шатны тоглолтод Аргентиний хаалганд торгуулийн цохилтоор гоол оруулж, багаа 1:0-ээр ялалтад хөтөлжээ. Аргентин энэ удаа хэсгээсээ гаралгүй тэмцээнээ өндөрлөсөн юм.
Өнөө шөнө хайнаа хагалах уу
Өнөө орой талбай дээр гарах хоёр багийн хожсон нь “Алтан дагина”-ын төлөө Испанитай тоглоно. Харин хожигдсон баг хүрэл медалийн төлөө Францтай тулна. Мессиг Диего Марадонагийн үзүүлсэн гайхамшигийг давтана гэсэн итгэлтэйгээр фанатууд нь хүлээнэ. Харри Кэйн Бэкхэмийн амжилтыг давтана хэмээн английг фэнүүд харж байна. Энэ шөнө бид гоол, ялалтаас гадна өнгөрсөн үеийн шархыг анагаах, ирээдүйн бахархлыг бүтээх супер тоглолт гарна. 

 


Түүхэн хонзон ногоон талбайн тулаан
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ