Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"

Дэлхийн бизнесийн гигант, нэгэн цагийн дэлхийн хамгийн баян хүн Монголд иржээ. Манайхан харин түүнийг “хүүхдийн мах иддэг хүнийг хөөж явуул” хэмээн нийгмийн сүлжээнд бичицгээж байна. Яадаг ч байсан Билл Гейтс өөрийг нь ирснийг харж, муулж байгаа хүмүүсийн гар утас, пи си-тэй дэндүү хамаатай нэгэн. 1981 оны наймдугаар сарын яг энэ өдөр худалдаанд гарсан IBM PC Model 5150 бол орчин үеийн компьютер, технологийн салбарын чиг хандлагыг сууриар нь өөрчилсөн түүхэн үйл явдал юм. Энэхүү үйл явдалд “хүний махан идэштэн” гэгдэж бидэнд нүд үзүүрлэгдсэн тэрбумтан эр хамгийн их хамаатай.
1980-аад оны эхэн үед “Apple”, “Commodore”, “Tandy” зэрэг компаниуд гэрийн болон жижиг оффисын зах зээлд амжилт олж, технологийн салбар дахь “IBM” компанийн үнэмлэхүй давамгайлал ганхаж эхэлжээ. Тухайн үед “IBM” нь том, үнэтэй, зөвхөн корпораци болон засгийн газруудад зориулсан систем үйлдвэрлэдэг байв. Өөрсдийн зах зээлээ хамгаалахын тулд “IBM”-ийн удирдлага “Шатар” гэх төсөл эхлүүлж, шинэ баг бүрдүүлжээ. Зорилго нь ердөө жилийн дотор шинэ компьютер бүтээх явдал байв.

“Шатар” багийнханд хэтэрхий бага хугацаа байсан учир технологийн түүхэнд байгаагүй хоёр шийдвэр гаргасны аль аль нь амжилт авчирсан юм. Тэд гуравдагч этгээдээс эд ангиуд ашиглахаар шийдвэрлэжээ. Бүх эд ангиа өөрсдөө зохион бүтээж үйлдвэрлэдэг байсан тэд хугацаа хэмнэхийн тулд ийнхүү шийджээ. Тухайлбал, процессор нь Intel 8088, харин үйлдлийн систем нь тухайн үед жижиг гарааны компани байсан Microsoft-ын бүтээл MS-DOS (PC-DOS) байв. Өөр нэг чухал шийдэл нь компьютерийн үндсэн схемийг бусад үйлдвэрлэгчдэд нээлттэй болгосон явдал юм. Ингэснээр бусад компаниуд IBM PC-тэй нийцтэй программ хангамж, тоног төхөөрөмж үйлдвэрлэх боломжтой болж, PC стандартын суурь тавигджээ.
Өнөөдрийн ухаалаг утастай харьцуулахад хэтэрхий жулдах мэт санагдах ч тухайн үедээ хамгийн дэвшилтэт технологи бүхий “Model 5150” загвараа товлосон хугацаандаа гаргаж амжив. Процессор нь Intel 8088 (4.77 MHz хурдтай), санах ой буюу RAM нь ердөө 16 KB байсан ба үүнийг 256 KB хүртэл өргөтгөх боломжтой байв. Хатуу диск гэж байгаагүй бөгөөд загваруудаас шалтгаалж 5.25 инчийн уян диск (floppy) ашиглана. Мөн зарим загварт кассетны тоглуулагч холбодог байжээ. Дэлгэц нь хар цагаан эсвэл ногоон өнгөтэй. Үндсэн загвар нь ойролцоогоор 1,565 ам.доллараар худалдаалагдаж эхэлсэн нь өнөөгийнхөөр бараг 5,000 ам.доллартай тэнцэхүйц өндөр үнэтэй байсан ч уг бүтээгдэхүүн эрэлт ихтэй байв. “IBM” брэнд угаасаа нэр хүндтэй байсан тул томоохон компаниуд, албан байгууллагууд уг компьютерийг айдасгүйгээр хүлээн авсан юм. 1981 онд “Time” сэтгүүл жил бүр оны хүн тодруулдаг уламжлалаа эвдэн IBM PC-г "Оны машин"-аар өргөмжилжээ.
Мэдээж хэрэг компьютерийн "тархи" буюу үйлдлийн системийг нийлүүлж буй “Microsoft” болон түүний босс Билл Гейтс өдрөөс өдөрт хөрөнгөжив. Тухайн үед “Microsoft” програмчлалын хэл зохиодог жижигхэн гарааны компани байсан бөгөөд өөрсдөө үйлдлийн системгүй байв. Гэсэн хэдий ч Билл Гэйтс “IBM”-ийн захирлуудад "Бидэнд тохирох үйлдлийн систем бий" гэж амлаад амжилттай тохиролцоонд хүрч чаджээ. Тэр Сиэтл хотын жижиг компаниас үйлдлийн системийг хямд үнээр худалдаж авч, үүнийгээ сайжруулаад IBM-д зориулж PC-DOS нэрээр нийлүүлсэн нь “IBM” PC-ийн үндсэн үйлдлийн систем болсон юм. “IBM” программ хангамжийг нь түр түрээслэх эсвэл эрхийг нь худалдаж авах өндөр дүнтэй санал гаргасан ч Билл Гейтс MS-DOS үйлдлийн системийн зохиогчийн эрхийг өөрсөндөө үлдээх гэрээг зөвшөөрүүлж чаджээ. Тэр өнөөдрийн их мөнгийг биш удаан хугацааны байнгын орлогыг харж байлаа. Бусад компаниуд “IBM”-ийн загварыг дуурайж, ижил төстэй компьютерүүдийг үйлдвэрлэж болох ч компьютер бүр “Microsoft”-ын үйлдлийн системийг ашиглах шаардлагатай болсон юм. Компьютер үйлдвэрлэгч компани бүрээс “Microsoft” хувь буюу лицензийн төлбөр авч эхэлсэн нь Билл Гейтсийг дэлхийн хамгийн баян хүн болоход хамгийн том суурийг тавьж өгсөн түүхтэй.
Охид бүсгүйчүүдийг бэлгийн боолчлолд оруулсан үйлдэлдээ шүүгдэх гэж байхдаа амиа егүүтгэсэн Эпштейн гэгчтэй найз нөхдийн холбоотой байж, түүний тансаг арал дээр удаа дараа очсон үйлдэлдээ Билл Гейтс нийгмийн шүүмжлэлд өртөж байв. Энэхүү дуулианы улмаас түүний үүсгэн байгуулсан “Мэлинда ба Гейтс” сангаас эхнэр нь өөрийн нэрийг авснаар сангийн нэрийг албан ёсоор "Гейтс сан" болгон өөрчилөгдсөн түүхтэй. Тус сан 2045 онд хаагдах хүртлээ жил бүр есөн тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ мөнгөнөөс бидэнд ирж нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдаж байвал тун сайн хэрэг. Элдвээр хэлж хөөж туух, тэртусмаа Ховд  аймагт алга болсон арван настай охинтой холбох нь хэрээс хэтэрнэ шүү. 

 


Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ