Цөөн хэдхэн хүн л дэлхийг өөрчлөх шийдвэрийг гартаа барьж үзсэн байдаг. Дэлхийн дайны хувь заяаг өөрчилсөн суут хүн өөрийнхөө үнэн түүхийг хэлж чадахгүй нийгэмд адлагдсаар эцэст нь амиа хорлон нас барсан юм. 2014 онд "The Imitation Game" киногоор хүмүүс түүний тухай мэддэг болсон ч бодит амьдрал нь киноноос ч сонирхолтой, эмгэнэлтэй байлаа.
Блетчли Парк ба "Кристофер" машины домог
Дайтагч талууд эртнээс өөрсдийн мэдээллээ алдахгүйн тулд хамгийн сайнаар нууцалдаг. Эртний Спартачууд тодорхой зузаантай модон савааг тойруулан тууз ороож, түүн дээрээ мэдээллээ бичдэг. Туузыг тайлахад үсгүүд холилдсож утгагүй мэт харагдах ч яг ижил зузаантай саваа дээр орооход мэдээлэл уншигддаг байж. Юлий Цезарь цэргийн нууцаа цагаан толгойн үсгийг тодорхой тоогоор урагшлуулж сольсоноор дайснууддаа мэдээлэл алдахгүй гэж үздэг бол. Монгол дайчид элчдээ үгээ тогтоолгож явуулдаг байсан гэдэг. Дэлхийн II дайн ид өрнөж, Гитлерийн арми Атлантын далайд ноёрхож байв. Тэд "Enigma" төхөөрөмжөөр бүхий л тушаалаа кодлоно. Британийн тагнуулын алба “Блетчли парк” хэмээх төв байгуулж хамгийн шилдэг математикчдыг цуглуулсан юм. Тэд Германы "Энигма" машины шифрийг тайлах зорилготой байв. “Энигма”-гийн онцлог нь эргэдэг хүрд эх хавтан дээр суурилна. Энигма дээр А үсэг дарахад хүрдний тусламжтай өөр үсэг болон хувирна. Дараагийн удаа дахин А үсгийг дарахад роторууд эргэж, өмнөхөөс өөр үсэг болж гарна. Германчууд Энигмагийн кодыг шөнө бүр сольно. Тэд өөрсдөө “Энигма”-г тайлахын аргагүй хана хэрэм гэж үнэлж байв. Тюринг тэдэнтэй санал нийлж байсан бөгөөд хамгийн шилдэг математикч ч энэхүү кодыг тайлж чадахгүй гэж үзэж байлаа. Үнэхээр ч тэрхүү кодыг тайлах магадлал 158 квинтиллионд нэг байсан бөгөөд Хэрэв 10 хүн секунд тутамд нэг хувилбар шалгавал бүх боломжийг дуусгахад 20 сая жил шаардагдаг аж. Алан Тюринг шинэ онол гаргажээ. Тэр "Машины эсрэг машин л тэмцэж чадна" гэсэн зоримог санааг дэвшүүлжж, "The Bombe" машиныг бүтээв. Үүнийг компьютер, гар утасны "өвөг эцэг" гэж үздэг. Кинонд түүнийг машинаа анхны хайр Кристофер Моркомын нэрээр нэрлэсэн мэтээр гаргадаг нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх гэсэн найруулагчийн шийдэл байв. Бодит байдал дээр энэ машин нь хамтын хөдөлмөрийн үр дүн байсан ч Тюрингийн логик сэтгэлгээ түүний "зүрх" нь байсан юм.
Тюринг хэрхэн тайлсан бэ
“Энигма”-гийн онцлог болох ямар ч үсэг хэзээ ч өөрөө өөртөө хувирдаггүй болохыг Тюринг мэджээ. ("A" үсэг хэзээ ч "A" болж хувирахгүй). Тюринг энэ бяцхан логик алдааг ашиглаж кодыг тайлсан гэдэг. Түүний бүтээсэн төхөөрөмж боломжит бүх 158 квинтиллион хувилбарыг шалгахгүй. Харин Германы холбоо бүрийн төгсгөлд гардаг "Хэйль Гитлер" эсвэл "Цаг агаарын мэдээ” гэх мэт тогтмол хэллэгийг ашиглаж, боломжгүй хувилбаруудыг маш хурдан хасдаг байв. Мөн Британийн нисэх хүчин зориудаар мина тавьна. Германууд мина байгааг анхааруулж, байршлыг нь кодоор илгээхэд Британичууд тухайн газрын нэрийг аваад кодыг нь тайлдаг байжээ. Хэрэв Тюринг Энигмагийн тэрхүү математик "алдаа" болон Германы цэргийнхний сахилга баттай (тогтмол үг хэрэглэдэг) байдлыг ашиглаагүй бол кодыг тайлахад хэдэн зуун жил шаардлагатай болох байсан гэдэг.
(1).jpg)
Бурхдын тоглоом ба ёс хүнлэг шалгалт
Киноны хамгийн оргил бөгөөд бодит хэсэг бол код тайлагдсаны дараах мөч юм. Тюринг болон түүний багийнхан кодыг тайлсан даруйдаа Британийн doh флотыг аврах гэж яардаггүй. Хэрэв тэд бүх дайралтыг зогсоовол Германчууд кодыг тайлсныг мэдээд шууд өөрчлөх байв. Тюрингийн баг тулааны аль хэсэг үхэж, хэд нь амьдрахыг математик тооцооллоор шийдэж байлаа. Кинонд Тюрингийн багийн гишүүн Питер Хилтоны ахын зорчиж буй хөлөг онгоцыг золиосолж буй хэсэг гардаг. Тюринг багийнхаа гишүүнийг үл тоомсорлож буй мэт боловч дайныг богиносгож, илүү олон хүний амийг аврах хариуцлага түүнд байдаг. Түүхчдийн үзэж байгаагаар, тэдний энэ нууцлалт дайныг 2 жилээр богиносгож, 14 сая хүний амийг аварсан юм.
Дайны үед Энигмаг тайлж олж авсан мэдээллүүдийг "Ultra" гэж нэрлэдэг байв. Энэ нь “маш нууц”-аас ч дээгүүр зэрэглэлийн нууц байлаа. Дайн дууссаны дараа Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль Блетчли Паркийн бүх ажилчдад хандан "Насан туршдаа энэ тухай ярихгүй байх" тушаал өгсөн юм. Нууцын эзэд гэр бүлийнхэндээ ч энэ талаар хэлэх эрхгүй басйан гэдэг. Учир нь Дэлхийн II дайн дууссан ч зөвлөлтүүдтэй хийх хүйтэн дайн эхэлсэн байлаа. Британичууд өрсдийн олзолсон олон мянган Энигма машиныг өөрийн колони байсан орнууд болон бусад улсуудад "хамгийн найдвартай төхөөрөмж" хэмээн худалдсан эсвэл бэлэглэсэн байжээ. Тэр улсууд Энигмаг ашиглаж байгаа цагт Британичууд тэдний бүх нууц мэдээллийг ямар ч саадгүй уншсаар байжээ. 30 орчим жил хав дарагдсан энэ нууцыг Фредерик Уинтерботам (Frederick Winterbotham) хэмээх тагнуулын ажилтан ил болгосон юм.
Кинонд гарах Кристофер Морком гэх хүү Тюрингийн дунд сургуулийн дотны найз бөгөөд түүний анхны хайр байсан гэдэг. Математикт авьяастай нууцлагдсан бүхнийг нээх сонирхолтой бяцхан хүү сүрьеэ өвчнөөр нас баржээ. Тэр хүүгийн үхэл бяхан Тюрингийн амьдралд онцгой нөлөөлж үхэл болон хүний тархины бүтцийг судлах цаашлаад математикд гүн дурлах шалтгаан болсон аж. 1952 онд Тюринг 19 настай Арнольд Мюррей хэмээх залуутай дотно харилцаа тогтоож, энэ нь Тюрингийг хуулийн өмнө очих шалтгаан болсон юм.
Яг л кинонд гардаг шиг үйл явдал болж Алан Тюрины гэрт хулгай оржээ. Манчестер хотын цагдаа нар хулгайн хэргийг мөрдөв. Гэрийн эзэн харин цагдаа нарт хэтэрхий сэжигтэй санагджээ. Мөрдөгчид түүүнийг Зөвлөлтийн тагнуул байж магадгүй хэмээн хардав. Тухайн цагт ижил хүйстнүүдийн үйлдлийг Британид гэмт хэрэг гэж үздэг бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байж.
Кинонд Цагдаагийн газар очсон Тюринг хулгайчийн талаар огт болохыг мэдэхгүй гэж байсан ч эцэстээ мэдүүлэг нь зөрж эхэлдэг. Түүний хайрт Арнольд Мюррейгийн найз нь хулгай хийсэн гэдгийг гадарлаж байгаа ч нууцлаж байгаа нь мэдэгдэнэ. Эцэст нь ижил хүйстэн гэдгээ хүлээхээс аргагүй болж байгаагаар гардаг. Британы хуулиар бэлгийн харилцаанд орсон ижил хүйстнүүдэд хоёр төрлийн шийтгэлийг сонголттойгоор оногдуулдаг байжээ. Эхнийх нь хоёр хүртэлх жилээр хорих ял, нөгөөх нь химийн эмчилгээ байв. Тюринг хоёр дахь шийтгэлийг сонгосон бөгөөд энэ нь бараг л эрүү шүүлт байлаа. Түүнд хүчтэй нөлөөтэй гармоны эмийг албадан уулгаж эхлэв. Бэлгийн дур хүслийг үгүй хийх зорилготой, бие махбодод гаж нөлөө үзүүлдэг тарилга хийлгэснээс үүдэн тэр сэтгэл гутралд оров. “Ultra” зэрэглэлийн нууцыг мэдэж буй учир тагнуулын албаныхан түүнийг Зөвлөлтийн тагнуулуудын дарамтад амархан өртөх "нууц хадгалах чадваргүй, аюултай этгээд" гэж үзэв. Түүнийг ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн даруйд Британийн засгийн газар "Нууцад нэвтрэх эрх"-ийг нь цуцалжээ. Үр дүнд нь тэрээр компьютерын шинжлэх ухааны хамгийн чухал төслүүддээ ажиллах боломжгүй болсон юм. Эмчилгээний явцад сэтгэл гутралд орсон Тюринг амиа хорлосон аж. 1954 онд тэрээр 41 настай байжээ. Цогцосны хажуугаас цианидтай алим олдсон нь түүний дуртай байсан "Цасан гуа ба долоон одой" үлгэрээс сэдэвлэсэн гэх таамаг бий. “Apple” компанийн логог эхэнхүү явдалтай холбох нь бий ч батлагдаагүй юм.
Бодит байдал ба Киноны зөрүү:
Кинонд: Тюрингийг нийгмээс тусгаарлагдмал, зожиг, аутизмтай мэтээр дүрсэлдэг.
Бодит байдалд Алан Тюринг хошин шогийн мэдрэмжтэй, олон найз нөхөдтэй, Блетчли Паркийн хамт олондоо хүндлэгдсэн нэгэн байв. Тэрээр холын зайн гүйлтээр олимпын түвшинд хичээллэдэг байсан нь түүний дотоод эрч хүчийг илэрхийлдэг. Мөн тэрээр өөрийнхөө бэлгийн чиг баримжааг дотны найз нөхөд, тэр байтугай сүй тавьж байсан Жоан Кларктаа ч нуулгүй хэлж байсан. Тэрээр нийгмээс өөрийгөө тусгаарлаагүй, харин нийгэм нь түүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байсан юм.
Кинонд: Тюрингийг ганцаараа машинаа бүтээсэн мэтээр харуулдаг. Бодит байдал дээр Гордон Велчман зэрэг суут математикчид түүнд тусалсан байдаг.
Кинонд: Мөрдөгч Роберт Нокын дүр гардаг. Бодит амьдрал дээр ийм мөрдөгч байгаагүй бөгөөд Тюринг өөрөө хулгайн хэргийн байцаалтын явцад ижил хүйстэн гэдгээ илэн далангүй мэдүүлсэн нь түүнийг баривчлах үндэс болсон юм.
Кинонд: Зөвлөлтийн тагнуул Жон Кэрнкросс Тюрингийг ижил хүйстэн гэдгийг нь мэдээд, "Хэрэв намайг илчилбэл би чиний нууцыг хэлнэ" гэж сүрдүүлдэг. Тюринг үүнээс айгаад тагнуулыг нуун дарагдуулж байгаагаар дүрслэгддэг. Бодит байдалд Тюрингийн нэр хүндэд халдсан хамгийн том гуйвуулга юм. Тюринг хэзээ ч улсын эрх ашгаас урваж, тагнуулыг нууж байгаагүй. Кэрнкросс Тюрингтэй нэг багт ажиллаж байгаагүй төдийгүй, Тюринг ийм төрлийн сүрдүүлэгт автах хүн биш байв. Тэрээр зарчимч, шударга математикч байсан юм.
Кинонд: Тюринг шүүх хурлын дараа шууд л туйлдаж, мэдүүлэг бөглөж чадахгүй болж байгаагаар гардаг.
Бодит байдалд: Дааврын эмчилгээ нь түүний бие махбодыг маш ихээр зовоож байсан ч (хөх нь томорч, бие нь суларсан) тэрээр сүүлчийн өдрөө хүртэл математикийн судалгаагаа үргэлжлүүлсээр байсан. Тэрээр өөрийгөө "золиос" мэтээр харахгүйгээр, хүнд цаг үед шинжлэх ухааны нүдээр ажиглаж, тэмдэглэл хөтөлж байсан гэдэг.
Киноний далд зүйрлэлүүд
Киноны нэр болох "Дуурайх тоглоом" нь Тюрингийн хиймэл оюун ухааныг шалгах тестээс гаралтай боловч кинонд дараах зүйлсийг зүйрлэдэг. Алан Тюринг өөрийнхөө мөн чанарыг (ижил хүйстэн байдал, суут ухаан) нууж, жирийн хүн шиг харагдах гэж оролдож буй нь нэг төрлийн "дуурайх тоглоом" юм. Хүн өөрийгөө машин мэт сэтгэж, машин нь хүн шиг сэтгэх гэж оролдож буйг харуулсан нь Тюрингийн дотоод ертөнцийн метафор юм.
Германы Энигма машин бол Тюрингийн хувь хүнийг илтгэх метафор юм. Энигмаг тайлахад маш хэцүү байдаг шиг, Тюрингийг ойлгож, түүний дотоод сэтгэлд нэвтрэх нь бусдын хувьд "тайлагдашгүй код" мэт байдаг. Тюринг өөрөө маш логиктой, механик сэтгэлгээтэй хүн тул түүнийг заримдаа машин мэтээр дүрсэлдэг.
Тюрингийн бүтээсэн аварга том машин бол түүний дурсамж болон хайрын метафор юм. Тэрээр нас барсан найзыгаа (Кристофер Морком) машинаар дамжуулан "амьдруулж", түүнтэй ярилцаж, түүний тусламжтайгаар дайныг ялахыг хичээж байгаа мэтээр дүрслэгддэг. Машины эргэлдэж буй роторууд нь Тюрингийн зогсолтгүй ажилладаг тархи, бас Кристоферыг мартахгүй гэсэн тэмцлийн илрэл юм.
Киноны эхэнд Тюринг багийн гишүүдээ сонгохдоо кроссворд буюу үг таавар ашигладаг.Энэ нь амьдрал өөрөө нэгэн том таавар бөгөөд зөвхөн стандарт бус сэтгэлгээтэй хүмүүс л түүнийг шийдэж чадна гэсэн метафор юм.
Киноны төгсгөл болон Тюрингийн үхэлд алим маш том метафор болдог. Энэ нь нэг талаас "хориотой жимс" (Тюрингийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй байдал), нөгөө талаас шинжлэх ухааны нээлтийн (Ньютоны алим) бэлгэдэл юм. Тюринг өөрийнхөө бүтээсэн ертөнцөд (компьютерын шинжлэх ухаан) баатар байсан ч, бодит ертөнцөд "хортой алим" идсэн мэт гадуурхагдсан гэдгийг илэрхийлдэг.
"Заримдаа хэний ч төсөөлөөгүй хүмүүс хэний ч төсөөлж чадаагүй агуу зүйлийг хийдэг."Энэ өгүүлбэр өөрөө киноны хамгийн том метафор юм. Энэ нь зөвхөн Тюрингт биш, Жоан Кларк (эмэгтэй хүн учраас гадуурхагдсан) болон нийгэмд адлагдсан бүх хүмүүст хамаатай "далд хүч"-ийг илэрхийлж байгаа юм.
The Imitation Game кинонд анх харахад анзаарагдамгүй боловч Тюрингийн дотоод ертөнц болон тухайн үеийн нийгмийн зөрчлийг гайхалтай илэрхийлсэн хэд хэдэн "үл үзэгдэгч" метафорууд бий:
Киноны эхэн хэсэгт Тюринг хоол идэхдээ вандуйг луувантай холихгүй гэж тусад нь ялгаж байгаа харагддаг. Энэ нь зөвхөн Тюрингийн "хачин" занг харуулаад зогсохгүй, түүний ертөнцийг үзэх үзлийг илэрхийлдэг. Тэрээр аливааг маш тодорхой ангилал, логик дотор байлгахыг хүсдэг. Нийгэм түүнийг "өөр төрлийн хүн" (вандуйн дундах лууван шиг) гэж үзэн тусгаарлаж байгааг, эсвэл тэр өөрөө нийгэмтэй холилдож чадахгүй байгааг энэ жижигхэн үйлдлээр зүйрлэсэн байна.
"Кристофер" машин ажиллаж байхдаа гаргадаг тэрхүү тасралтгүй "тик-тик" гэсэн чимээ нь Тюрингийн зогсолтгүй ажилладаг тархи, түүний дотоод түгшүүрийг зүйрлэдэг. Машин гацах эсвэл удаашрах нь Тюрингийн сэтгэл зүйн хямралыг, харин машин хүчтэй эргэлдэж эхлэх нь түүний суут санаа төрж буйг илэрхийлнэ. Энэ нь "хүн ба машин" хоёр нэгдмэл нэгэн тархи болон хувирч буйн илрэл юм.
Блетчли Парк бол өндөр хашаа, харуул хамгаалалттай цэргийн бүс байдаг. Харин Тюрингийн хувьд энэ хашаа нь түүнийг дайсны тагнуулаас хамгаалж буй "бамбай" биш, харин түүнийг нийгмээс тусгаарлаж буй "шорон" юм. Тэрээр дайны үед энэ хашаан дотор эрх чөлөөтэй (өөрийнхөөрөө байж, машин бүтээх) байсан бол, дайны дараах "эрх чөлөөт" нийгэмд жинхэнэ утгаараа шоронд орж байгаа нь гашуун метафор юм.
Тэр Кристофер Моркомтой нууц кодоор харилцдаг. Энэ бол Тюрингийн бүх амьдралынх нь харилцааны загвар юм. Түүний хайр, түүний мөн чанар үргэлж "шифрлэгдсэн" (нууц) байх ёстой. Хэрэв хэн нэгэн түүний кодыг тайлчихвал тэр аюулд орно. Дайны кодыг тайлж баатар болсон хэрнээ өөрийнхөө "кодыг" тайлуулснаас болж шийтгүүлдэг.
Киноны тухайд
Британийн математикч, зохиолч Эндрю Хожес бичсэн намтар номыг АНУ-ын зохиолч Грэм Мур кино зохиол болгон бичсэн. Норвегийн найруулагч Мортен Тильдум энэхүү бүтээлээрээ Холливудад өөрийгөө таниулж, дэлхийн хэмжээний найруулагч гэдгээ харуулсан. Гол дүрд Британийн алдартай жүжигчин Бенедикт Камбербэтч тоглосон. Зураг авалтыг Британийн Оксфордшир болон бодит үйл явдал өрнөсөн Блетчли Паркт хийсэн нь киног илүү үнэн бодитой харагдуулдаг. АНУ-ын The Weinstein Company ихэнх санхүүг гаргаж, “Оскар”-ын шагналд сойсон учир олон хүн Америк кино гэж боддог. Гэвч агуулга, түүх, жүжигчдийн бүрэлдэхүүний хувьд энэ нь Британийн түүхийг дэлхийд таниулсан Британи-Америкийн хамтарсан сод бүтээл юм. Кино харьцангуй бага буюу ойролцоогоор 14 сая доллараар бүтсэн Гэвч дэлхий даяар 233.5 сая долларын ашиг олсон нь кино урлагийн зах зээлд асар том амжилт юм. Кино нь олон улсын томоохон наадмуудаас нийт 50 гаруй шагнал хүртэж, 150 гаруй төрөлд нэрд эвшсэн:
Оскарын шагналын найман төрөлд нэр дэвшиж, Грэм Мур "Шилдэг зохиол" төрөлд Оскарын алтан баримал хүртсэн. “Алтан бөмбөрцөг”-ийн 5 төрөлд нэр дэвшсэн. Британийн кино академийн есөн төрөлд нэр дэвшиж, тухайн жилийнхээ Британийн хамгийн шилдэг киноны нэгээр тодорсон.
Кино шүүмжлэгчдийн дунд маш өндөр үнэлгээ авсан. Үзэгчдийн үнэлгээгээр 8.0/10 гэсэн тогтмол өндөр оноотой байдаг. Энэхүү кино нь Алан Тюрингийг дэлхий нийтэд таниулж, түүхийг амилуулсан юм. Кино гарсны дараа болон киноны нөлөөгөөр 2013-2014 онуудад Британийн хатан хаан Тюрингийг албан ёсоор цагаатгах үйл явцыг эрчимжүүлсэн билээ.
| Сая сая хүний амийг аварсан “гэмт хэрэгтэн” |
МАЗААЛАЙ ГИШҮҮНИЙ НААДАМ
2026-06-09 11:40:35
Ус сувгийн удирдах газарт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллагдлаа
2026-05-25 00:00:00
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 2-р компакт гэрээний хүрээнд бүтээн байгуулсан “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол боллоо
2026-05-18 00:00:00
Ажил хийж яваад амь үрэгдсэн хүү ээжийнхээ эмчилгээнд мөнгө хайж байжээ
2026-06-09 15:34:46
"GOAT"-уудын үе төгсөж, шинэ хаад тодорно
2026-06-09 13:51:30
Сая сая хүний амийг аварсан “гэмт хэрэгтэн”
2026-06-09 11:51:59
МАЗААЛАЙ ГИШҮҮНИЙ НААДАМ
2026-06-09 11:40:35
УСУГ: Нөхөн сэргээлт, дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ
2026-06-03 00:00:00
"МИАТ" ТӨХК Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ
2026-05-29 15:45:00
“МИАТ” ТӨХК-ийн 70 жилийн ойг тохиолдуулан салбартаа амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
2026-05-25 09:07:00
Ус сувгийн удирдах газарт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллагдлаа
2026-05-25 00:00:00
"МИАТ" ТӨХК-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон"-гоор шагналаа
2026-05-24 12:45:00
"МИАТ" ТӨХК “Улаанбаатар Марафон-2026”-д дэмжигч байгууллагаар оролцлоо
2026-05-23 13:23:30
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 2-р компакт гэрээний хүрээнд бүтээн байгуулсан “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол боллоо
2026-05-18 00:00:00
“МИАТ ТӨХК 70 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
2026-05-15 09:19:00
Газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын олон улсын стандартыг дахин баталгаажууллаа
2026-05-11 15:49:00
“МИАТ”-Эрүүл мэндийг дэмжих нийгмийн хариуцлагын шинэ хамтын ажиллагааг эхлүүллээ
2026-05-05 10:50:00
“МИАТ”: Олон улсын нислэгийн зуны цагийн хуваарийг танилцуулж байна
2026-04-16 15:44:00