Өөрийгөө иддэг каннибализм буюу МАН дахь зодоон дараагийн Ерөнхий сайдаа унагах уу

Иргэн Х.Нямбаатар нийгмийн сүлжээнд “”...Би дүүг сайн мэднэ. Дэлхий сүйрлээ гээд зуслан руугаа лаа аваад явж бхыг нь мэднэ. Махны үнэ буусан уу. Үгүй. Поп хүн 3 гишгэхгүй баригддаг” хэмээн бичжээ. Ерөннхий сайд Н.Учралын залуугийн гэнэн үйлдлийг сануулангаа өөрийг нь огцруулсан шалтгаан шалтаг төдий байсныг сануулж буй нь энэ. “Гүрээнийхээ судсыг тасартал” намын даргатайгаа тэмцэхээ зарласан Х.Нямбаатар энэ байтугайг бичнэ, бас мэднэ. Одоохондоо ил байгаа гэмгүйг нь сануулж байгаа. Цаашдаа далд үйлдсэн гэмтэйг нь дэлгэнэ. Түүнд буруутгах баримт алд алдаар байгаа биз.  
Л.Оюун-Эрдэнийг бодоход Х.Нямбаатар амаргүй эр. Тэр юухнаар ч манипуляци хийж чаддаг МАН-ын сонгодог кадр. Зуумтгай, нөхцөл байдал хүндэрвэл өөрийгөө хамгаалж, хохирогч эсвэл аврагчийн дүрд маш хурдан хувирна.  Энэ нь түүнийг улс төрийн хүнд үед ч амьд гаргадаг.  Ярьж буй бүхнээ шударга, үнэн болгож чаддаг харизмын мастер. Хонзогнуур, бусдын алдааг мартахгүй атлаа тоочоод байхгүй. Хэрэгтэй цагт, оновчтой үед гаргаж ирдэгээрээ хууль зүйн сайд хийж байсан өмнөх нэгэнтэй адлхан. Тэр онилсон бол алдахгүй, барьсан бол тавихгүй. Нэг тийм хуучин нөхөр, шинэ дайсантай Н.Учрал тулжээ. 
Түүхийг сөхвөл МАН үргэлж бие биеэ идсээр ирсэн. М.Энхболдын засгийг С.Баяр чөлөөлж байв. Намын даргаар сонгогдсон С.Баяр “бүрэн эрхээ хэрэгжүүлье” гэж Ерөнхий сайдаа шахсан. (Сонирхолтой нь М.Энхболдыг унагахгүй гэж  тавхан гишүүн кноп дарсны нэг нь хожим Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдсөн Х.Баттулга байв). Ж.Эрдэнэбатыг чөлөөлөх ажиллагааг кабинетынх нь  Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө толгойлж байв. “Ерөнхий сайд намайг тагнаж, чагнаад байна” хэмээн ил цагаан мэдэгдэж, тагнуулын байгууллагаар хүртэл шалгуулсан. Эцэст нь өөрөө өөрийгөө мөрдсөн нь тогдоогдлуу. Ямартаа ч санасандаа хүрч, УИХ-д үнэмлэхүй олонхийн санал авсан нам 33, 32 гишүүнтэйгээр хагарсан. Эв тасарсны эцэст 41 гишүүний саналаар Ж.Эрдэнэбат огцорсон. Дараагийнх нь болох У.Хүрэлсүхийн засгийн эсрэг бослогыг Х.Хаянхарваа толгойлж, нам нэгт 27 гишүүн  дэмжсэн. “Концессчин, жендэрчин, ЖДҮ-чин сайдуудыг буулгая” гэсэн тэдний санаачилга эрчийг авч, бие даагч С.Жавхлан аль талд гарснаар асуудал шийдэгдэх болж билээ. Дуучин, гишүүн үнэд орж, төрийн ордноос салж чадахгүй, тэндээ хонож хэвлэлийнхэнд ярилцлага өгөөд л... Ерөнхий сайд У.Хүрэлсүх Х.Баттулгаас дэмжлэг авч арайхийн тогтсон. Сөрөг хүчний, Х.Баттулгын толгойлдог “Ардчилсан холбоо” фракцын хэд хэдэн гишүүн У.Хүрэлсүхийн талд кноп дарж, тэрбээр сэнтийдээ үлдсэн.
У.Хүрэлсүхийн залгамж, Л.Оюун-Эрдэнийг засгийн газар хэзээ ч буухгүй мэт хүчирхэг байлаа. Парламент дахь сөрөг хүчнээ хөнжилдөө хийгээд дарчихсан түүнийг хууль зүйн сайдаар нь ажиллаж байсан Б.Энхбаяр идэвхийлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар “тугдайлгав”. Дараагийн Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим бүрдсэн өдрөөсөө л унах мөчөө тоолсон. Цагны элс дээд талдаа гарангуут доод хорго руу урсдаг шиг эрх мэдлийнх нь эхний өдрүүд төгсгөл рүү чигтэй байсан. Түүнийг намын даргад өрсөлдсөн, журмын нөхөр Д.Амарбаясгалан чармайж, Л.Оюун-Эрдэнэтэй хавсайдсаар түлхэв. 
 Угаасаа манай намуудын түүх энэ мэт ижлээ идэгсэд, хавиргаа хазагсад, сүүдрээ довтлогсодоор дүүрэн.  Шинэ үндсэн хууль баталснаас хойш 21 засгийн газар ажилласнаас ердөө хоёр нь буюу  П.Жасрай, Н.Энхбаяр хоёр л бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадсан. Ардчилсан намын засаг ч адилдаа адил. М.Энхсайханыг Ц.Элбэгдорж өшиглөж, Ц.Элбэгдоржийг М.Энхсайхан нар дэгээдэж байв. Хожим Н.Алтанхуягийг ч хамгийн ойроос нь буюу Хэрэг эрхлэхийн газрын дарга Ч.Сайханбилэг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоотой дарж байсан. 
Өдгөө Н.Учралыг ч Г.Занданшатарынх шиг харанхуй тавилан хүлээж байгаа. Унасан, уурласан, гомдсон, гологдсон нам нэгтнүүд парламентын танхимд олон бий. Хамтарсан засагт сайдын дүрээр сууж  мига таслөөс, улсын төсвөөс өрмийг нь сүүтэй нь хамж байгаад ёроолд унаж, хусам ч үгүй болсон Л.Оюун-Эрдэнийн хонзогногсод түүнээс алдаа гаргахыг нь хүлээж суугаа.
 Одоохондоо Н.Учрал ард олондоо хайртай, ухаалаг удирдагчийн дүр эсгэж байна. Дуу, шүлгийн мөр бичдэг нь хэрэг болж толгой холбосон уран үгсээр биднийгээ халамжилсаар. Гоё үг сонсоход сайхан ч ходоод дүүргэдэггүй болохыг Ц.Элбэгдоржийн жишээнээс бид мэднэ. Үгээ үйлдэл болгож чадахгүй бол түүний нас ч богинохон байгаа. Эцгийнх нь оронд эцэг болсон төрийн тэргүүний гал дэмжлэг, кабенитийн гишүүдийн халуун талархал бий ч Г.Занданшатар тийм хөлөг дээр тоглоод мадлуулсан. 
Хэдхэн хоногийн өмнө О.Цогтгэрэл хэвлэлийнхэнд хандаж Н.Учралын засгийг унагахаар гарын үзсэг цуглуулж байгаагаа мэдэгдсэн. АН, УИХ дахь сөрөг хүчний бүлгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэдэг түүнд  Х.Нямбаатар дэмжлэг өгвөл түүний засаг хөгшин хонины насгүй болно. Одоохондоо Х.Нямбаатар "Махны үнэ" гэсэн сэдэв барьж, ерөнхий сайдыг “бацаан”,“поп" хэмээн нэрлэж байна. Удахгүй нийслэлийн намын даргын тамга, албан тушаалаа өгнө. Энэ бүхний дараа жинхэнэ тулаан өрнөнө. МАН-ынхан нэг нэгнийхээ сул тал, урьд нь идсэн уусныг бүгдийг нь мэднэ. Тэднийг гадны дайсан биш, өөрсдийнх нь дотоод харгислал л устгадаг. Н.Учралын хувьд энэ бол зүгээр нэг улс төрийн сорилт бус, өөрийнх нь "хугацаа дуусах" үйл явцын эхлэл юм. МАН-ын "каннибализм" дахин нэг Засгийн газрыг залгихад бэлэн болжээ. 

 


Өөрийгөө иддэг каннибализм буюу МАН дахь зодоон дараагийн Ерөнхий сайдаа унагах уу
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ