"70 нь ажилд, 30 нь 'идшэнд': Улаанбаатарчуудын гунигт сонголт

-Нийслэлээс хэрэгжүүлэх 16 мега төслийн санхүүжилт, төсөвт өртөг нь 28,9 их наяд төгрөг. Энэ нь 2025 оны улсын төсвын 93 хувь. Орон нутгийн нийт төсвөөс 3,6 дахин их. Улаанбаатар хотын төсвөөс 6,3 дахин их.

Тайлбар: Л.Оюун-Эрдэнэ өөрийн үеэл Х.Нямбаатарын ХЗДХЯ-ны сайдын эрх мэдэл, УИХ-ын гишүүний өндөр сэнтийнээс буулгаж, энэ ажилд томилсон. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцыг 1 их наяд 193 тэрбум 510.3 сая төгрөгөөр баталсан байдаг. Та 29 их наядыг захиран зарцуулах уу, эсвэл 1,2 их наяд орчим төгрөгийг мэдэж гарын үсэг зурах уу.

-Монгол Улсын төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөг. Нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байна.

Тайлбар: Нийслэл Монгол улсын нийт төсөвөөс илүү их алдагдалтай ажилладаг бөгөөд нийслэлийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ашигт биш алдагдалд суурилсан болохыг эндээс харж болно.

-Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжийн тоо 2024 онд 32 байсан бол 2025 онд 52 буюу 62,5 хувиар өсчжээ. Эдгээр байгууллагын алдагдал 2024 онд 20,5 тэрбум байсан бол 2025 онд 41,1 тэрбум буюу 100,3 хувиар өсчээ.

Тайлбар: Нийслэл нэг жилийн хугацаанд өөрийн өмчит аж ахуйн тоог нэмжээ. Төсөв захиран зарцуулах эрх бүхий хүний тоо өссөн ч алдагдал нь нэг нугарч нэмэгджээ. Хуримын ордон зэрэг хувьд гаргаж, ашигтай ажиллаж болохоор байгууллагууд алдагдалтай байжээ.  Зарим төрийн өмчит  байгууллага, аж ахуйн нэгж ашгийн төлөө ажиллах албагүй  ч, алдагдлаа хоёр дахин нугалж, улсын төсвөөс ч их байга нь "төсвөөс хумслах суваг" болгон ашиглаж буйн тодорхой  жижээ юм.

-НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байна. Нийт суудлын 65 буюу 62.5 хувь нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн байна. Мөн 10 төлөөлөгч байгууллагын гүйцэтгэх удирдлагын албан тушаал эрхлэхийн зэрэгцээ бусад байгууллагын ТУЗ-ийн түвшний шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байгаа.

Тайлбар: Тэнд сөрөг хүчний дуу хоолой сонсогддоггүй, үхмэл байсан шалтгаан нь энэ болов уу.  2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд  34 нь МАН-аас, 11 нь АН-аас сонгогдон ажиллаж байгаа. Эсэргүү хоёр төлөөлөгчид албан тушаалын эрх олдоогүй  бөгөөд эрх баригч нам сөрөг хүчин болох 11 гишүүний есийг нь давхар дээлээр хангажээ. Тэд нийслэлийн хяналтын механизмыг бүрэн устгажээ. Ингэснээр хэн ч хэнийгээ хянахгүй, бүгд нэг тогоонд "буцалж" байгаа  эмгэнэл юм.

-Барилга, байгууламжийн англалын 5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 93 төсөл, арга хэмжээ байгаагаас 51 нь зураг төсөвгүй байна.

-Тайлбар: Зураг, төсөвгүй барилга байгууламжинд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг гэртээ талх авах гээд дэлгүүр орсон эмэгтэй өөртэй гутал аваад ороод ирсэнтэй адил. Хэдэн төгрөгөөр юу баригдах нь тодорхойгүй ажилд мөнгө төсөвлөх нь төсөв захиран зарцуулагчид хулгай хийдэг олон аргуудын нэг. Олон улсын жишгээр бол авлигын хамгийн том "ногоон гэрэл" юм. Төсөв, төлөвлөгөөгүйгээр хөрөнгө оруулалт хийх нь санхүүгийн сахилга бат огт үгүй болсныг,  нотолж байна.

-Энэ оны тавдугаар сарын гүйцэтгэлээр 2026 онд 5.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс татварын орлогоор 4.2 их наяд төгрөг, татварын бус орлогоор 1.1 их наяд төгрөг төвлөрүүлнэ.

-Тайлбар: Нийслэлийн төсвийн дийлэнх буюу тавны нэгийг иргэд, аж ахуйн нэгжээс авдаг татварын орлогоор бүрдүүлдэг болох нь эндээс харагдана.  

Эцэст нь: Төрийн ордонд болсон Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсгол дээрх цөөхөн тоонд өнгөхөн тайлбар хийлээ.

Эцэст нь: Төрийн албан хаагчид бизнес эрхлэгчдээс баян, үрэлгэн байдгын шалтгаан эндээс бэлхнээ харагдах биз. Тэд мөнгө олох гэж зовохгүй. Татвараар, ажил хийж олсон нэгний арайхийж олсон орлогоос албадан авч орлого бүрдүүлнэ. Хялбар орж ирсэн, хэнд ч тайлагнахгүй хөрөнгийг захиран зарцуулахдаа гарын салаагаар урсгана. Өөртөө ихэнхийг авч, өрөөлд нийцтэй, нийтэд хэрэгцээтэйд нь багыг зарцуулна.

 “Шинэ хотын даргаас юу хүсэх вэ” гэсэн MGL 102.5 FM радиогийн асуулгад холбогдсон нэгэн сонсогч “70 хувиар нь ажил хийгээд 30 хувийг нь ид” гэж хэлж байсан. Хэд хэдэн сонсогч яг ижил агуулга бүхий хүсэлт хэлж билээ. Хөөрхийс, улаанбаатарчууд авлигатайгаа эвлэрчээ. Бид албан тушаалтанд долдойж, тэдэндээ дээрэлхүүлж явах тавиланг сонгосон юм болов уу.  


"70 нь ажилд, 30 нь 'идшэнд': Улаанбаатарчуудын гунигт сонголт
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ