Дээрээ тэнгэрээс өөр зүйлгүй Үндсэн хуулийн цэц гэж байв. Парламентаар батлагдсан хуулийн цэг, таслалыг нь хүртэл эцэг хуульдаа нийцүүлж шүүн тунгаадаг, үндсэн хуулиа сахиулдаг ийм бүтэц дэлхийн бүхий л улсад бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гаргасан шийдвэрийг засч, залруулдаг болохоор тэнгэртэй зүйрлүүлсэн нь энэ. Харамсалтай нь, манай Үндсэн хуулийн цэцийн ажиллагаа улс төрийн захиалгатай мэт, эрх баригч намд үйлчилсэн аятай шийдвэр гаргах болсон. Мөнгөтэй нь дуртай хөгжмөө захиалдаг шиг эрх мэдэлтэй нь цэцийн шийдвэрт нөлөөлөөд байж боломгүй. Гэвч цэцээс яг л тийм мэдрэмж төрөхүйц шийдвэрийг гаргасаар ирсэн. Өөр цаг үед харилцан адилгүй шийдэлд алх цохих, зарим тохиолдолд өмнөхөөс эсрэг утгатай шийдвэр гаргаж байсан тохиолдол цэцэд цөөнгүй бий. Сонгуулийн тогтолцоо, нэр дэвших эрхтэй холбоотой маргаануудыг тэд өөрөөр тайлбарласан удаатай. “Давхар дээл”гэгддэг УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэх эсэхтэй холбоотой асуудал дээр хэд хэдэн удаа хувирч, улс төрийн маргаанд хүргэж байсан. Цэцийн гишүүд солигдсон, нийгмийн харилцаа өөрчлөгдсөнөөс үүдэн Үндсэн хуулийн зүйл заалтыг цоо шинээр тайлбарлах зэргээр өмнөх шийдлүүд өөрчлөгдөж болохыг үгүйсгэхгүй. Гэвч энэ бүхэн эцэстээ Үндсэн хуулийн цэц гэх байгууллагын нэр хүндийг дордуулдаг. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээсэн шийдвэр нь олон хүнд энэ байгууллага зөв ажиллаж чадаж байна уу гэх эргэлзээг төрүүлсэн. Нэг хүнд буюу ерөнхийлөгчид илт үйлчилсэн дүр зураг харагдсаныг хэн ч үгүйсгэхгүй. Тэгвэл цэцэд нэр дэвшигчид эрүүлээр сонгогдож чадаж байгаа юу гэх эргэлзээ төрөм үйл явдал энэ долоо хоногт өрнөлөө. Төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдаж арайхийн нэр мултарсан нэгэнтэй бусдыг эрүүдэн шүүсэн хэрэгт яллагдсан нэгэн “хөтлөлцөөд” цэцийн суудал горилж явна.
Ялтнаас “шүүгч” болох хуулийн гажуудал
Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат салбарын байтугай хүн сонирхмоор харизмтай нэгэн. Тэр бусдад ад үзэгдээд ч хамаагүй үнэний төлөө дуугарч чадах цөөхөн улстөрчийн нэг. Нийгмийн сүлжээнд сөхөрдөг, шуугианыг дагаж ханардаг “фэйсбүүк”-ийн лайк, зүрхний гуйлгачин болсон өнөө цагийн улстөрчдөөс огт өөр дүр. Хуульчийн хувьд ч хуульзүйн сургуулийн багшаас Ерөнхий прокурорын орлогч хүртэл албан тушаалд эрдэм чадал, суу заль, чигч шударгаар буюу мерит зарчмаар хүрсэн нэгэн. Г.Эрдэнэбат С.Зоригийг хөнөөсөн гэх дуулиант хэргийн яллагчаар ажиллаж байсан. Гэвч ийнхүү ажиллахдаа алдаа гаргасан. “Ардчиллын алтан хараацай” гэгдэх С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт мөн л гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар түүний үйлдлээс болж суллагдсан. Энэ хоёр хүн Г.Эрдэнэбатын тогтоосноор алуурчид мөн бол чухам өөрөөс нь болж ял завшиж буй. Тэд С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй бол мөн л түүнээс болж олон жил орон шоронд тарчилж, эрүүл мэнд цаг хугацаагаар хохирч хэлмэгдсэн болж таарна. Тэгэхээр аль ч талаас нь харсан тэр энэхүү хэрэгт буруутан. Түүнийг ”...бусдыг тарчлаан зовоосон хууль бус үйлдэлд хяналт тавиагүй, зохих арга хэмжээ аваагүй буюу өөгшүүлэн дэмжсэн” гэж шүүхээс буруутгасан. Гурван шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж тогтоосон. Үндсэн хуулийн цэцэд шүүхээс ял авсан этгээд тэр тусмаа эрүүгийн хуулиар яллагдсан ялтан ажиллах ёсгүй. Харин Г.Эрдэнэбатад энэ хамаагүй бололтой.
Ялархагчаас хамгаалагч болж чадах уу
Ж.Сүхбаатар ногоон автобусны хулгайн номер нэг сэжигтэн. Тэр Монгол Улсын сайд, төвлөрөл сааруулах, түгжрэлийн эсрэг Үндэсний хорооны дарга гэх албыг хашиж байв. Түүний хамар доор хулгай гарч, түүний захиран зарцуулдаг данснаас гарсан татвар төлөгчдийн мөнгө хулгай, худлын замд нийлж, гадна дотнын луйварчдын хэтэвчинд шилжсэн. Мань эр харин шүүх дээр ч хэвлэлийнхэнд ч сайн нэрийг минь гутааж, сайхан дүрийг минь сэвтүүллээ хэмээн дөвчигнөсөн. Өөрөө сайд болохыг хүсээгүй байхад Ерөнхий сайд албан тушаалд тохоон томилсон, авна гээгүй байхад данс руу нь автобус худалдан авах мөнгийг шилжүүлсэн хэмээн шүүхэд ялархаж байсан. Төрийн өндөр албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэр, удирдсан байгууллагын үйл ажиллагаанд эцсийн хариуцлага хүлээгч нь мөн. Сайнаар бодоод хулгай, цавчаанд нь гардан оролцоогүй байж болох ч тэр эс үйлдэхүйгээр буруутай. Удирдаж буй салбартаа гарч буй том хулгай, мөнгөний урсгалыг хянаагүй, хариуцлага алдсан. Ямбанд нь жаргах дуртай мөртлөө ял, хариуцлагаас зугатдаг энэ мэт нөхдийг эрх баригч нам “хэвэнд цутгаж үйлдвэрлэдэг”. Яг түүн шиг хүн сүрэг тэнд мянга мянгаараа бий. Тэд мэдлэг, чадвар, ёс зүйгээс илүүтэйгээр нам дагасан үнэнч байдал, ах дүү, амраг садангийн холбоо, ашиг сонирхлын бүлгүүдэд үйлчилнэ. Тийм хүмүүс булхай нь ичлэгдэхээр намын хамгаалалт дор нуугддаг, эзнийхээ гутал, гишгэсэн газрыг үнсэж зусарддаг. Ширвэгдэж хөөгдөөд нам ч үгүй, зам ч үгүй болсон цөөхөн хүн байх ч долдойчууд зусараар тэнхэрдэг. Гэм нь илчлэгдэж, өршөөл хүртэх тусам эзэндээ илүү дуулгавартай, бусад руу ноцооч болдог.
Тэд тэнд суувал нийгэм хохирох уу
Үндсэн хуулийн цэц бол улс орны "ёс суртахууны луужин" байх ёстой байгууллага. Гэтэл ял зэмтэй, хариуцлагаас зугтагсад суудал горилж байна гэдэг нь манай төрийн бодлого ямархуу гүнзгий гэгчийн хямралд орсны тод илрэл юм. Хэрэв хуулийг хамгаалах ёстой институци нь өөрөө хууль бус үйлдэл, ёс зүйгүй байдлын "хоргодох байр" болчихвол нийгэм шударга ёсонд итгэх итгэлээ бүрмөсөн алдана.
Төр хууль, тогтоолоос гадна түүнийг хэрэгжүүлэгчдийн ёс суртахуун дээр тогтдог. Алдаагаа ухамсарладаггүй, ашиг хонжоо хайгчдаар Үндсэн хуулийн цэцийг бүрдүүлнэ гэдэг нь ард түмний эрх ашгийг хулгайчдад даатгасантай яг ижил. Ийм цэцээс шударга шийдвэр хүснэ гэдэг нь чононоос хурга гуйхтай агаар нэг. Цэцийн гишүүнээр хэн нэгнийг томилох тухай бус, харин төрийн дархлаагаа хамгаалах эсэх тухай ярьж байна. Хэрэв бид энэхүү гажуудлыг эсэргүүцэхгүй, ёс зүйн өндөр босго тогтоохгүй бол, энэ улс хулгайчдын, долдойчуудын, эзэндээ үнэнч байхыг эрхэм болгосон бөөрөлхүү сүргийн тоглоомын талбар болж үлдэнэ. Шудрага ёсыг нэхэмжилж эрж хайж байж тогтоодог. Тэр хэзээ ч өөрөө ирдэггүй. Үндсэн хуулийн цэцэд суух хүн нь зөвхөн хуулийн мэдлэгтэй байгаад зогсохгүй, ёс зүйтэй байх ёстой.
| Ялархагч, “ялтан” хоёр цэцэд “цэцлэх үү” |
МУ-ЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙГ ОРШУУЛАХ ТУХАЙ ЗАРИМ ТОГТООЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2026-06-23 16:59:31
"Эрүүл мэндийн" халамж уу, эсвэл далд эдийн засгийн "тэжээгч" үү
2026-06-23 15:05:25
ЯМАР ЧУЛУУГ ЭРДЭНИЙН ЧУЛУУ ГЭДЭГ ВЭ?
2026-06-19 16:06:54
Ялархагч, “ялтан” хоёр цэцэд “цэцлэх үү”
2026-06-25 16:34:19
"Их баатар"-ын нууцлаг хувь заяа Рерихийн суут бүтээлийг сураггүй болгож байсан соёлынхон маань хоёр дахь удаагаа нэгмөсөн алдчихаагүй биз
2026-06-24 16:42:22
МУ-ЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙГ ОРШУУЛАХ ТУХАЙ ЗАРИМ ТОГТООЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2026-06-23 16:59:31
"Эрүүл мэндийн" халамж уу, эсвэл далд эдийн засгийн "тэжээгч" үү
2026-06-23 15:05:25
"Арслан"-гуудын аймшигт өшөө авалт буюу “Air India 182”-ын эмгэнэл
2026-06-23 13:01:43
2026-06-22 18:30:16
500 жил нууцлагдсан Микеланжелогийн "шорон"
2026-06-22 15:46:40
2026-06-21 19:20:15
2026-06-19 16:25:47
ЯМАР ЧУЛУУГ ЭРДЭНИЙН ЧУЛУУ ГЭДЭГ ВЭ?
2026-06-19 16:06:54
Дипломгүй мэс засалч, хуурамч шоронгийн дарга: Фердинанд Демарагийн сэтгэл татам луйвар
2026-06-19 14:27:43
Теслаг дарах гэсэн Томас Эдиссоны булай түүх
2026-06-18 11:38:03
2026-06-16 18:05:03
Долоон хүний аминд хүрсэн Авдрантын хоригдлуудын орголт
2026-06-16 17:52:20
“Никс”-ийн тоглолтын үед 30 секунд 1 сая ам.доллар хүрэв
2026-06-16 11:55:13