Кино болсон түүхүүд
2000 оны 8 дугаар сарын 12-ны өдөр. Баренцын тэнгисийн ёроолд Оросын тэнгисийн цэргийн хүчний бахархал болсон асар том зэвсэглэлтэй "Курск" (К-141) цөмийн шумбагч онгоц сургуулилалт хийж байх үедээ сүйрсэн нь эмгэнэлт түүх болон үлдсэн. Шумбагч онгоц Баренцын тэнгист, Оросын хойд эргийн ойролцоо, Североморск боомтоос баруун хойд зүгт 135 орчим километрийн зайд осолджээ.
Осол болсон газар нь далайн ёроол харьцангуй гүехэн буюу ердөө 108 метрийн гүнд оршдог байсан юм. Хэдийгээр гүн нь аврах ажиллагаа явуулахад боломжтой мэт санагдавч, далайн хүчтэй урсгал, цаг агаарын таагүй нөхцөл байдал болон шумбагч онгоцны хазайсан байдал нь аврагчдад маш хүнд сорилт болж байжээ.
Энэхүү түүхийг Данийн нэрт найруулагч Томас Винтерберг 2018 онд дэлгэцнээ амилуулж, хүний амь нас, төрийн хойрго байдал хоёрын хоорондох эмзэг заагийг ил гаргасан нь кино урлагийн ертөнцөд дуулиан тарьсан юм. Тэгвэл энэхүү бүтээлийн цаад бодит үнэн, ард үлдсэн түүх, киноны бүтцэд юу нуугдаж байсныг хамтдаа эргэн харцгаая.
"Далайн мангас" хэрхэн живсэн бэ
"Курск" бол Зөвлөлт Холбоот Улс задрахаас өмнө буюу 1990 онд эхэлж, 1994 онд ашиглалтад орсон, дэлхийн түүхэн дэх хамгийн том дайралтын шумбагч онгоцнуудын нэг байв. Антей төсөл (Oscar II class) ангиллын энэхүү 154 метр урттай, 24,000 тонн жинтэй аварга хөлөг байв. Оросууд томоохон түүхэн үйл явдалтай холбож, эсвэл цэрэг дайны баатруудынхаа нэрээр аварга хөлгүүдээ нэрлэдэг жишгээрх дэлхийн хоёрдугаар дайны алдарт Курскийн тулааны дурсгалыг хүндэтгэн ийм нэр өгчээ. Курскэд дайны эргэлт гарсан бөгөөд германы эсрэг сөрөг давшилт хийсэн чухал тулаан болсон учир ийн нэрлэв.
Социалист системийн үед бүтээгдсэн лужир том Курск онгоц өдрөөс өдөрт хуучирч байсан ч үндсэн зэвсэглэл болох 24 ширхэг P-700 Granit далавчит пуужин болон бусад зэвсгээрээ далайд хамгийн хүчирхэг мангас хэвээр байв. Өрсөлдөгчдийнхөө онгоц тээвэрлэгч усан онгоцуудыг устгах зориулалт бүхий "аварга биет" далайд үүргээ гүйцэтгэхээр бэлэн байдалд байсан юм. Харамсалтай нь 2000 оны наймдугаар сард сургуулилалтын торпедоны доторх устөрөгчийн хэт исэл алдагдаж дэлбэрэлт үүсгэснээр эхний сүйрэл болж, араас нь бусад торпедонууд дэлбэрч хөлгийг далайн ёроолд живүүлсэн юм.
Кино бүтээхүйн цаад нууц ба санхүүгийн гамшиг
Уг киног сэтгэл зүйн гүнзгий драмаар мэргэшсэн Данийн найруулагч Томас Винтерберг найруулж, "Saving Private Ryan" киноны зохиолч Роберт Родат зохиолыг нь бичжээ. Эх сурвалж нь Британийн сэтгүүлч Роберт Мур-ийн «A Time to Die» ном юм. Зохиолч Оросын хойд флотын хатуу хяналттай, Арктикийн шумбагч онгоцны бааз руу нууцаар нэвтрэх эрхийг олж авчээ. Амиа алдсан далайчдын ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж, тэдний түүхийг сонссон. Далайчдын ар гэрийнхэн нь төрийн зүгээс үзүүлж буй дарамт, хайхрамжгүй байдал, өөрсдөд нь өгч буй худал мэдээллийн талаар гадаадын сэтгүүлчдэд нулимс дуслуулан ярьж өгсөн нь хожим дэлхий нийт энэ эмгэнэлт явдлын үнэн түүхийг мэдэх гол сурвалж болсон юм. Ар гэрийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалтын үеэр нэгэн эмэгтэй цэргийн генералуудад итгэхгүй байгаагаа илэрхийлж, уйлан хайлж орилж байсныг тайвшруулахын тулд эм тариагаар хүчээр унтаалуулан танхимаас гаргаж буй киноны үйл явдал үнэхээр болсон бөгөөд телевизийн шууд эфирээр гарсан аж. Номын зохиолч Курскд түгжигдсэн далайчдын тэмдэглэлийг олж авч, ослын дараах зураглалыг хамгийн зөвөөр гаргаж авч чадсан юм. Европын хэмжээнд харьцангуй өндөр буюу 40 сая ам.долларын төсвөөр Францын EuropaCorp болон бусад студи хамтран бүтээжээ. Гэвч киногоор гарах үедээ дэлхий даяар ердөө 6 сая орчим доллар олж, санхүүгийн асар том алдагдал хүлээсэн байна.
Гол зах зээл болох Орост албан ёсны хоригтой байснаас гадна сэтгэл зүйн хувьд дэндүү хүнд, дарамттай сэдэвтэй, маркетинг сул байсан нь киноны борлуулалтад сөргөөр нөлөөлжээ.
Уг кино төсөлд Оросын засгийн газар архивын материал болон бодит хөлөг рүү нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй тул уран бүтээлчид Бельги болон Европт шумбагч онгоцны интерьерийг маш нарийн тайз-декорац болгон босгожээ. Францын Тэнгисийн цэргийн хүчин техникийн зөвлөгөө өгч тусалсан байдаг. Оросын эрх баригчид төдийгүй олон нийтийн зүгээс уг киног "Орос үндэстний нэр хүндийг гутаасан барууны суртал ухуулга" хэмээн эрс шүүмжилсэн бөгөөд гаргахыг хоригложээ. Киноны эхний зохиолд тухайн үед амралтаа эдэлж байсан Ерөнхийлөгч Путины дүр орсон байсан нь эрх баригчдын дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн тул кино бүтээгчид уг дүрийг бүрэн хассан аж. Хохирогчдын ар гэрийнхэн энэхүү нийт эмгэнэлт түүхийг гадны хүмүүс сенсаац болгож байгаад сэтгэл дундуур байлаа.
Үйл явдлын үнэн түүх: Оросууд өөрсдийн АС төрлийн аппаратаар аврах оролдлого хийсэн ч техникийн хоцрогдол, далайн хүчтэй урсгал, хөлөг хазайсан байдлаас болж холбогдож чадаагүй. Түүнчлэн гадаадын (Британи, Норвеги) тусламжийг олон хоног хүлээж авахаас татгалзаж цаг алдсанаар 9-р тасалгаанд амьд үлдсэн 23 далайчин агааргүйдэж амиа алдсан юм.
Кинонд дүрсэлснээр: Кинонд гаднаас тусламж авахыг хүссэн ч, дээд албан тушаалтнуудын дарамтанд шаналж буй адмирал Грузинскийн дүр нь бодит амьдрал дээрх Хойд флотын командлагч Адмирал Вячеслав Поповоос сэдэвлэсэн нийлмэл дүр юм. Бодит амьдрал дээр тэрээр аврах ажиллагааг буруу удирдаж, мэдээллийг нууж байсан, өөрийн удирдлагаа буруу мэдээлэл өгч тайвшруулсан гол хүний нэг байсан ч кинонд түүнийг "системийн золиос" болгон илүү өрөвдөлтэйгээр харуулахыг зорьжээ.
Үйл явдлын үнэн түүх: Амьд үлдсэн аврагчидын тэмдэглэлээс харахад тэд удалгүй нас барсан бөгөөд амьсгалах орчин болон тэсгим хүйтэн нөхцөлд нэг, ихдээ л хоёр хоног амьд байсан гэж үздэг.
Кинонд дүрсэлснээр: Гаднын аврагчид ирэхэд далайчид амьд байж. Хаалтны цаанаас харилцдаг зэрэг нь найруулагчийн шийдэл бөгөөд үзэгчдэд горьдлого төрүүлэх илүү сонирхолтой шийдэл байв. Томас Винтерберг энэ киног зүгээр нэг ослын тухай баримтат драма биш, харин системийн шүүмжлэл болгохын тулд олон бэлгэдэл шингээсэн. Тэр оросын нийгмийг далайн ёроолд хавчуулагдсан нийгэм гэж харуулсан. Амьсгалах агаар нь дууссан далайчид бол эрх чөлөөгүй, эрх баригчдынхаа шийдвэрийг дагахаас өөр аргагүй болсон энгийн ард түмнийг бэлгэддэг.
Усан онгоцны зэвэрсэн байдал нь хуучирсан систем, ажиллахгүй байгаа аврах аппарат болон хуучин хөлөг нь авлигад идэгдсэн, шинэчлэгдэж чадахгүй байгаа Оросын төрийн хөшүүн тогтолцооны шууд утга юм.
Далайн ёроолын хүйтэн ус нь иргэдийнхээ амийг үл тоосон төрийн удирдлагын хүйтэн хөндий сэтгэлгээг илэрхийлдэг.
Гол дүрийн далайчин Михаил Аверин далайд гарахынхаа өмнө эхнэр Танятайгаа маргалдаж, толь хагалдаг. Энэхүү хагархай толь нь тэдний ирээдүйд учирч буй нөхөж баршгүй хагацал, гэр бүл, хайр дурлалыг улс төрийн сүйрэл хэрхэн буталж буйг бэлгэддэг. Киноны төгсгөлд Таня хагарсан толь руу ширтэн зогсож буй агшин нь түүний сэтгэл зүйн хуваагдал, үүрд үлдсэн хоосон орон зайг илэрхийлдэг.
Томас Винтербергийн "Kursk" бол зөвхөн төмөр шумбагч онгоцны живсэн түүх биш, харин хүний амь наснаас илүү улс төрийн нэр хүндийг дээгүүр тавьдаг хаалттай тогтолцооны хар бараан үнэнийг илчилсэн уран бүтээл юм.
"Kursk" кино нь гол дүрийн жүжигчдийн чадварлаг тоглолт, бодит байдалд суурилсан сэтгэл хөдөлгөм дүрүүдээрээ үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээж чадсан. Гол дүрийн далайчин Михиал Аварины дүрд Бельгийн алдартай жүжигчин Маттиас Шонартс тоглосон. Тэр Курск шумбагч онгоцны ахлах мичман, авьяаслаг далайчин бөгөөд ажил мэргэжилдээ үнэнч, гэр бүлдээ хайртай нэгэн. Онгоц живсний дараа 9-р тасалгаанд амьд үлдсэн цөөн далайчдыг ахалж, хамт олноо зоригжуулан, эцсийн мөч хүртэл амьд үлдэхийн төлөө тэмцдэг бодит хүмүүсээс сэдэвлэсэн нийлмэл дүр юм. Маттиас Шонартс уг дүрийг бүтээхдээ далайчдын сэтгэл зүйн хүнд дарамт, дотоод шаналлыг маш бодитойгоор гаргаж үзүүлсэн байдаг. Түүний эхнэр Таня Аверинагийн дүрд Францын алдартай жүжигчин Леа Сейду тоглосон. Нөхрөө далайгаас эргэж ирэхийг хүлээж буй зоригтой, тэмцэгч эхнэр. Бодит амьдрал дээрх амиа алдсан далайчдын эхнэрүүдийн (ялангуяа Ольга Колесникова болон бусад эмэгтэйчүүдийн) бодит тэмцлээс санаа авч бүтээсэн нийлмэл дүр. Тэрээр цэргийн удирдлагуудад бууж өгөлгүй, үнэнийг шаардан зогсдог бөгөөд киноны хамгийн сэтгэл хөдөлгөм, драма өндөртэй хэсгийг нуруундаа үүрдэг.
Томас Винтерберг жүжигчдээ сонгохдоо европ болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг уран бүтээлчдийг түлхүү ашигласан нь киноны жүжиглэлтийн чанар, сэтгэл хөдлөлийг маш өндөр түвшинд хүргэсэн байдаг. Жүжигчдийн дарамт шахалт дунд амь тэмцэж буй нь үзэгчдийн сэтгэлд хамгийн их хоногшсон юм.
Осол гарснаас хойш нэг жилийн дараа буюу 2001 оны зун Оросын засгийн газар болон Голландын хоёр инженер, угсралтын компанитай хамтран “Курск” шумбагч онгоцыг далайн ёроолоос татаж гаргах түүхэн бөгөөд нүсэр ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Онгоцыг өргөх явцад дахин дэлбэрэх аюулаас сэргийлж, шумбагч онгоцыг усанд хөвж байх үед нь буюу 100 орчим метрийн гүнд тусгай алмазан утсан хөрөө ашиглан маш нарийн аргаар урд гэмтсэн хошууг нь тайрч үлдээсэн байдаг. 001 оны 10 дугаар сард гидравлик өргөгчүүдийн тусламжтайгаар 18,000 тоннын жинтэй үлдэгдэл корпусаа далайн ёроолоос аажмаар дээш татаж, улмаар "Giant 4" хөлгийн ёроолд шахлан бэхэлжээ. Шумбагч онгоцыг бүрэн дээш гаргасныхаа дараа уг хөлөг болон баржийг хамтдаа Оросын Кольскийн хойг дахь Мурманск мужийн Росляково хотын усан онгоцны засварын завод хүртэл чирч авчирсан юм.
Энэхүү ажиллагаа нь далайн инженерчлэлийн түүхэнд хамгийн хүнд бөгөөд нарийн төвөгтэй амжилттай төслүүдийн нэгд тооцогддог бөгөөд үүний дараа л дотор нь байсан амь үрэгдсэн далайчдын цогцсыг бүрэн гаргаж авч, ар гэрийнхэнд нь хүндэтгэлтэйгээр нутаглуулах боломж гарсан юм. Уг ослоор 118 хүн буюу багийн гишүүд бүгд үрэгдсэн юм.
| Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл |
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Зургаадугар сарын 26-ны өдрийн байдлаар хасагдах шатанд шалгарсан багууд болон тоглолтын хуваарь
2026-06-26 17:03:00
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26
Түүхэн хонзон ногоон талбайн тулаан
2026-07-15 17:35:23
Түүхэн өшөө, ногоон талбайн тулаан
2026-07-15 17:34:10
Зургаадугар сарын 26-ны өдрийн байдлаар хасагдах шатанд шалгарсан багууд болон тоглолтын хуваарь
2026-06-26 17:03:00