Хөвсгөлийг “бороожуулсан” Бэлтэс луйвар


Хөвсгөлийн телевизийн ажилтнууд “Бэлтэс мөрөн” компанийн байранд хөгшчүүд ,настай хүмүүс олноор цуглаж байна. Тэд нар тэтгэвэрийнхээ мөнгийг луйвардуулж байж болзошгүй” гэсэн мэдээллийн мөрөөр тухайн газарт очив. “Та нар хол бай, Хөгшин настай бидэнд нэмэр болж ганц байгууллагыг  муу, муухайгаар харуулах гэлээ” хэмээн сурвалжлагч, зураглаачийг хөгшчүүд таягаа далайн хөөжээ. Хөөрхий сэтгүүлчид нэгэнт ирсэнийх, хулгай хийж байгаа аятай, хашааны завсраар бичлэг хийж мэдээллээд уг хэргийг цагдаагийн байгууллагад даатгаад орхив. 
2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тус компанин нийгмийн сүлжээ дэх нүүр хуудсанд “Сайхан өглөөний мэнд, манай байгууллага үйл ажиллагаагаа өргөжүүлж Баянцагаан ХҮТ -ийн 2 давхарт шинэ салбараа нээлээ. Тохилог тав тухтай орчинд үйлчлүүлэгч та бүхэн хурдан шуурхай соёлтой үйлчлүүлээрэй. Бэлтэсмөрөн ХХК”  гэсэн зар оруулжээ. Дор нь “Амжилт, амжилт. Нутгийн олон түмэндээ маш их тус дэм буянтай үйл хийж байгаа мундаг хамт олон шүү .Энэ олон түмний цагаан сүүтэй eрөөлөөр өдөр болгон мялаагдаж байгаа даа. Та нар минь” гэжээ. Энэ мэт ерөөл хүссэн  сэтгэгдэл хэдэн арваараа бий. Тэнд бичсэн хүмүүс “Монгол Улс энэ компанийг дэмжчихвэл гадаадаас доллар босгоод Хөвсгөлийг төдийгүй Монгол Улсыг сэвхийтэл босгоод ирнэ дээ”  гэцгээж байлаа. 
Тансаглалд зориулсан тэтгэвэрийн зээл
Үнэдээ бэлтэсчүүд Хөвсгөлд мөнгөөр бороо оруулж байлаа. Таны мөнгийг гадаад зах зээлд ашигтай бизнесд оруулж, сарын 15, хоёр сарын 30 хувийн хүүтэй буцааж өгнө гэж амлаж байв. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэтгэвэрийнхэн, гэртээ хүүхдээ харж буй ээжүүд гэх мэтээр нийгмийн бүлгүүдэд хандсан тусгай хөтөлбөртэй. Хэрвээ та энэ бүлэгт багтаж байвал мөнгийг тань дээрх маягаар өсгөж өгнө. Эхэндээ ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлж, мөнгөө өсгөж авч байсан бол сүүлдээ нийтийг хамрав. Тэтгэвэрээ зээлж байраа барьцаалж, малаа зарж мөнгөө тушаалаа. “Бэлтэс мөрөн”-гийнхөн зүгээр байсангүй. Ахмадуудад цагаан сараар тавгийн боов тарааж, орлого багатай айлын 400 хүүхдэд шинэ жилээр бэлэг тараав. Пи ар нь цөмөрчээ.  Хашаа, байшин нь шатсан айлд гэр өгөв. Энэ бүхэнд хөвсгөлчүүд талархана. Талархах тусам улам их мөнгө аваачиж тушаана. Бурхан өөрөө бууж ирж хишиг тарааж байгаа аятай байлаа. 
ТВ-9 телевизийн “ Монгол коммент”  нэвтүүлгээр хөвсгөлийн цагдаагийн дарга нь “Бэлтэс мөрөн”-гийн хохирогч болсон байж болзошгүй талаар мэдээлж байсан. Тийм байж магадгүй.  Тэднийхээр үйлчлүүлсэн хүмүүсийн тоо 13000-д хүрчээ. 2024 оны мэдээллээр тус  аймгийн хүн амын тоо 134 мянга гэжээ. Өнөөдөр төрсөн нярайгаас өтөл настан ороод арав тутмын нэг нь тус компаниар үйлчлүүлсэн гэсэн үг. Тус компанийн үйл ажиллагаанд татвар, цагдаагаас хэд хэдэн удаа шалгалт орсон ч тэнцсэн бололтой. Тэнцээгүй байсан ч иргэд мухар сохроор дагаж байлаа. Харин “бэлтэс”-ийнхэн энэ мэт шалгалтыг өөрт ашигтайгаар эргүүлнэ. “Биднийг шалгаад дансыг маань хаасан, Угаасаа шударга бизнес хийж байгаа болохоор дансаа нээлгээд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна” гэх мэтээр  үнэмшүүлж итгэл олно. Дансыг нь барьчихсан байхад бусдын дансыг ашиглаж мөнгө оруулаад гаргаж авна. Дансаа ашиглуулсан нэгэнд шагнал болгож санаанд багтахааргүй их мөнгө өгнө. Зүгээр л банкны дансаар мөнгө оруулж, гаргахад ийм их ашигтай байгаа юм чинь хөрөнгө оруулбал илүү их хожно гэж шинэ гишүүн болно.
 “Бэлтэс мөрөн” компанийнхан иргэдэд хэлж байсан шигээ гадаад зэх зээл дээр мөнгө эргэлдүүлсэнгүй. Ердийн санхүүгийн луйвар буюу эхний хүнээс авсан мөнгөнөөс дараагийн хүнд хүү өгөх зарчмаар ажиллаж байжээ. Энийг дэлхий дахинд понзи схем буюу пирамид шатлалт луйвар гэдэг. Тэд өөрсдөө Мөрөн, Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгө, байр орон сууц, хэд хэдэн автомашин авсан болох нь хожим тогтоогдсон.  Өвчитнүүд эмний мөнгө, хөгшчүүд тэтгэвэрээ зээлэн “бэлтэс”-чүүдийн тансаглалд өгчээ. Тус компани хүмүүстэй гэрээ хийхдээ төрийн үйл ажиллагаанаас болж эрсдэл гарвал хохирлыг хариуцахгүй байх таалар тусгажээ. Гэрээний энэхүү заалтаас болоод хохирогчид цаг хугацаа алдсан гэдэг.
“Бэлтэс” койн гаргана, илүү их баяжина
Бэлтэс мөрөн компанийн санхүүгийн үйл ажиллагаанд доголдол гарч, сүүлийн хүмүүст мөнгө өгч чадахаа больжээ. Хөвсгөлийнхөн эргэлзэж эхлэв. Мөнгөө авах гэсэн иргэдэд  “Крипто зах зээлд мөнгө оруулсан, илүү их үнэ хүрэхээр нь койноо зарахыг хүлээж байгаа. Удахгүй бүр их ашиг авна” гэх мэтээр аргалж, цаг хожиж байлаа. Заримд нь “Бэлтэс” нэртэй койн гаргана. Оруулсан хөрөнгө оруулалт чинь койн болж хэд дахин нугалж авна гэж байлаа. Эцэст нь үнэнд гүйцэгджээ. Хохирогчдын тоо 2600, хохирлын дүн 43 тэрбум гаруй төгрөг. Бага мөнгө оруулаад гомдол гаргаагүй, эсвэл баримтгүйгээр бэлэн мөнгө өгөөд алдсан хэдэн зуун хүн цаана нь байлаа. Хохирогчид хэтэрхий олон учир урлаг, спортын зааланд шүүх хурал болж арав илүү хоног үргэлжлэв. Эцэст нь “Бэлтэс мөрөн” компанийн удирдлага болох эхнэр, нөхөр Г.Нямдэлгэр,  С.Ганбаатар нар түүний хүүхдүүд, ойр төрлийнхөн зэрэг есөн хүнд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, мөнгө угаасан гэж үзэн анхан шатны шүүхээс 2-12 жил хорих ялаар шийтгэсэн. Энэхүү хэрэгт хохирсон хохирогчид үйл ажиллагаа явуулж байхад нь шалгалтаа сайн хийгээгүй  хууль, хяналтын байгууллагуудыг өнөөг хүртэл буруутгадаг... Хохирогчид “Бэлтэс мөрөн”-гийн хохирлоос болж бэлэн мөнгөний эргэлт зогсож, дэлгүүр үйлчилгээний байгууллагын орлого хаагдсан. Жижиг, дунд үйлдвэр аж ахуйн нэгжүүд дампуурсан гэцгээсэн.  Анхнаасаа нийгмийн эмзэг бүлгийнхэнд хандаж үйл ажиллагаа явуулсан учир энэ хүмүүс хамгийн их хохирсон билээ. Хорьдол сарьдагийн нуруунаас эх авч, Дэлгэр мөрөнд цутгах үзэсгэлэнт Бэлтэсийн гол ийнхүү нэг гэр бүлийн луйварчдын овог болж энэхүү хэрэг төгссөн юм. 


Хөвсгөлийг “бороожуулсан” Бэлтэс луйвар
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ