Монголд хулгайлагдсан турк багшийн хэрэг

Монголд хулгайлагдсан турк багшийн хэрэг  
“Эмпати ертөнц” компанийн ерөнхий захирал Д.Ганбат нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар элит” сургуулийн дэд захирал Вейсел Акчайг үл таних этгээдүүд хулгайллаа гэсэн мэдээлэл гаргасан нь нийслэлчүүдийг хиртхийлгэв. Гэм зэмгүй багшийг гэгээн цагаан өдөр гэрийнх нь гаднаас машинд чихээд аваад явсан гэхийг сонсоод хэн хүнгүй гайхав. Мафи, гэмт хэргийн бүлэглэлүүд барьцаалчихав уу гэсэн явган яриатай зэрэгцэн нисэх буудалд Турк сургуулийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд мэдээлэл хийлээ. Туркийн тагнуулын байгууллага Вейсел Акчайг хувийн онгоцоор авч явах гэж байна гэж мэдэгдэв. Д.Ганбат болон  бусад иргэдийн хэлсэн мэдээлэл үнэний ортой байлаа. Монгол Улсад 24 жил ажилласан Вейсел Акчайг “Аса” циркийн хажуугаас гэрийнх нь ойролцоо явж байхад 2018 оны долдугаар сарын 27-ны өглөө 09:30 цагийн үед“Тоёота альфард” маркийн машинтай залуус барьжээ. Тэд шууд нисэх рүү зүглэн тэнд байх тусгай үүргийн онгоцонд суулгах гэж байсан аж.  Хэвлэлийнхэн болон Эрүүгийн цагдаагийн Зохион байгуулалттай  гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд энэхүү мэдээллийн мөрөөр Чингис хаан нисэх буудал руу зүглэв. 
Дунд сургуулийн багш уу, террорист бүлгийн гишүүн үү?
2016 оны долдугаар сарын 15-16-ны хооронд цэргийн албан хаагчдын бүлэг Туркд төрийн эргэлт хийсэн ч бүтэлгүйтсэн юм. Цэргийнхэн парламентийн ордныг бөмбөгдөж, армийн командлагч нараа баривчилсан ч Режеп Таип Эрдоган босогчдын гараас мултарч, түүний байрлаж байсан зочид буудал руу дайрахын өмнөхөн Истанбул руу нисч амжжээ. Гэвч энэ үеэр түүний хоёр бие хамгаалагч амиа алдсан юм. Бослогын үеэр амь насаа алдсан хүний тоо 238, шархадсан хүний тоо 3000 гаруй байсан гэдэг. Төрийн эргэлтийг зохион байгуулсан цэргийнхнийг олон нийт, парламент дэмжсэнгүй. Эрдоган энэхүү бослогыг АНУ-д амьдардаг номлогч, "Хизмет" хөдөлгөөнийг үндэслэгч Мухамед Фетхуллах Гюленыг зохион байгуулсан гэж буруутгасан юм. Харин Гюлен нь дэлхийн олон улсад дунд сургуулиудыг санхүүжүүлдэг нэгэн байж таарав. Эрдоганы зүгээс төрийн эргэлтийн дараа Гулентай холбогдсон дотоодын 2000 сургуулийг хааж, 61 мянган багш, ажилчдыг ажлаас нь чөлөөлж, дэлхийн бусад улс орон дахь Турк сургуулийг төгссөн гэрчилгээг Туркэд хүлээн зөвшөөрөхгүй гэв. Түүгээр ч зогсохгүй эдгээр сургуулиудыг террорист байгууллагыг санхүүжүүлэгч, багш, ажилтнуудыг нийтээр нь террорист гэж үзэхээ анхааруулав. Тэрбээр Монголд байгаа турк сургуулийн үйл ажиллагааг хаахыг эелдгээр сануулав. Манайхан харин хувийн өмчид шууд халдахгүй гэдгээ хэлж татгалзав.  Монгол Улсад Туркийн гэгдэх таван сургууль байсан бөгөөд гурав нь хөдөө орон нутагт, хоёр нь нийслэлд үйл ажиллагаа явуулна. Тухайн үедээ тус сургуулийг төгсөгчид нь элсэлтийн шалгалтад хамгийн өндөр оноо авдаг байлаа.  Сургалтын чанар, үр дүнг нь анзаарсан манайхан хүүхдээ тус сургуульд оруулах дуртай байсан бөгөөд жил ирэх тусам энэ сургуульд элсэгчдийн тоо нэмэгдэж байв. 
Ууртай Эрдагон, хартай хэвлэлийнхэн
Турк улсын Тагнуул, хүчний байгууллага нь төрийн эргэлт гарсаны дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, генералууд, төрийн албан хаагчид, багш нар зэрэг 50 мянган төрийн албан хаагчийг ажлаас халж, 100 мянган хүнийг шоронд хорив. 2016 онд гаднын улсуудаас 80 гаруй хүнийг тусгай ажиллагаа явуулан баривчилж иржээ. Туркийн сөрөг хүчин болон гаднын хэвлэлүүд тус улсын ерөнхийлөгч Эрдоганыг төрийн эргэлтийг далимдуулан сөрөг хүчин болон өрсөлдөгч нараа нухчин дарж, хязгааргүй хугацаагаар эрх мэдэлд хүрэх замаа засч байна гэж бичиж байв. Энэ нь үнэний ортой. АНУ-д амьдардаг лалын номлогч Гюлен ч Эрдоганы найз, түүнийг дэмжигч байсан бөгөөд хэзээ нэгэн цагт Туркэд ирвэл өөрийнх нь өрсөлдөгч болно гэж айж байжээ. 
Монголд сургуулийн багш баригдсан явдлыг нийтлэлч Баабар "Түрэг сургуулийн захирлыг баривчилж. Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж. Харсаар байтал манай оролцоот ажиллагаа. Султан Эрдагоны хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцсон нь ийм учиртай байж. Түүнийг хулгайлаагүй, бид хүлээлгэж өгч буй бололтой”. “Улстөрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа л даа. Мөнгийг нь өгвөл ямар ч бузар юм хийхээс буцдаггүй шившгийн улс оронд бид тооцогдно. Гэхдээ мөнгийг нь хэн авав? Юу гэж тайлбарлан бүлтрэх бол?” “Түрэгийн түрүүний элчин сайд намайг элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гээд буй хэрэг л дээ" хэмээн бичжээ. 
Монголчууд, тэр тусмаа хэвлэлийнхэн турк багшийг баривчилсан үйл явдлыг  Баабарын адилаар харж байлаа. Монголын тусгай хүчний дэмжлэгийг авахгүйгээр хэн нэгнийг тусгаар улсын нутагт баривчлах боломжгүй хэмээн үзлээ. Хэний оролцоо байх боломжтой вэ. Засгийн газар уу, эсвэл тагнуул, цагдаагийн байгууллага дахь эрх мэдэлтэн үү.  
Би Монголд цаашид ч багшилна. Юуны төлөө амьдарч байгаагаа мэдлээ


Дуулиан болсон эл хэргийн дэргэд улстөрчид  чимээгүй үлдэхийг хүссэнгүй.  УИХ-ийн гишүүн асан Лу.Болд нисэх буудал руу нэвтэрч Туркуудтэй уулзав. Ардчилсан намаас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьлаа. Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэв. Элчин сайдын ажилтан “Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа явуулаагүй” хэмээн нотолж, уг асуудлаар Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлэв. “Чингис хаан” нисэх буудал дахь Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт бүртгэлтэй тусгай үүргийн онгоцонд хөөрөх зөвшөөрөл өгөхгүй байхыг холбогдох байгууллагаас зааварлажээ. Ийнхүү олон нийтийн шахалт, Монголын Засгийн газрын оролцоотойгоор Вайсел Акчай гэр бүлийн хамт Монголд үлдэв. Магадгүй амьд үлдсэн ч байж мэдэх. Туркэд гаднаас баривчилж ирсэн зарим багш нарыг цаазалсан, олон жилийн ял оноосон гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр гарч байсан юм. Вейсал Акчай суллагдсаны дараа “Би өдийг хүртэл юуны төлөө амьдарсанаа илүү сайн ойлголоо. Монголдоо үлдэж цаашид ч багшилна” хэмээн турк хэлээрээ нийгмийн сүлжээнд мэдээлэл оруулав. Мөн  өөрийг нь өгч туркийн тусгай албаныханд өгч явуулаагүй монголчуудад талархсанаа илэрхийлжээ. Харамсалтай нь Вейсэл Акчай Монголд удаан хугацаанд багшилж чадаагүй юм.  Түүнийг болон тус сургуулийн  турк багш нарын ажлын визийг сунгаагүй учир Монголд үлдэх өөр арга байсангүй. Турк сургуулиуд Германы хөрөнгө оруулалтай болж өөрчлөгдөв. Хэдийгээр визийг нь сунгаагүй ч Вайсел Акчейг Герман улс руу явуулах тохиролцоог манайхан зохион байгуулжээ. Турк захирал гэр бүл болон нөхдийн хамтаар тус улс руу явсанаар энэ бүх дуулианд цэг хатгасан юм. Чоно цатгалан, хонь бүтэн үлджээ.    


Монголд хулгайлагдсан турк багшийн хэрэг
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ