Тэрбумаар угжаад ч өндийгөөгүй хятадын алдаа
Хятадад нэгэн үе хөлбөмбөгийн спортын тэсрэлт болж байв. Бээжин болон томоохон хотуудад Европ, Өмнөд Америкийн клубуудын өмсгөл өмссөн залуус энгийн үед ч хөлхөлдөж, спорт сувгуудаар тоглолтуудыг үнэ төлбөргүй нэвтрүүлж байлаа. Уран бүтээлчид энэ салбарыг сурталчилж, Стивен Чоугийн найруулсан “Шаолины хөлбөмбөг” кино кинотеатраас гадна CD, DVD хэлбэрээр борлуулагдаж, хятадууд төдийгүй хөрш зэргэлдээ улсуудад ч ихээхэн түгсэн. 2001 онд хийгдсэн уг киноны хэсгүүд өнөөг хүртэл нийгмийн сүлжээнд "мийм" хэлбэрээр ашиглагдсаар байна. Хэнань мужид тулааны урлаг, хөлбөмбөгийг хослуулсан клуб хүртэл гарсан нь энэ спортоор хятадууд амжилт гаргах боломжтой гэсэн тэдний итгэл ямар өндөр байсныг харуулна.
Хятадад төдийлөн томдоо орохгүй “Эвергранд” зэрэг компаниуд хөлбөмбөгийн клубуудыг дэргэдээ авч, жилдээ нэг тэрбум юанийн дэмжлэг үзүүлж байв. Тэд UEFA, FIFA-гаас өндөр үнэтэй дасгалжуулагчдыг авчирч, Дидье Дрогба, Николя Анелька зэрэг супер оддын туршлагыг тамирчиддаа өвлүүлэхээр Шанхайн туган доор тоглуулав. Хятадын багуудын хоорондын тоглолтыг 20–50 мянган хүн үзэж байсан нь Европын супер лигүүдийн үзэлттэй дүйж байлаа.
Асар их санхүүжилт, дэд бүтцийн гайхамшигтай хүчин чадал байсан ч өмнөд хөршийн хөлбөмбөгийн бодлого нуран унасан юм. Европ, Өмнөд Америкаас авчирсан шилдэг тоглогчид үзүүлбэрээ үзүүлчихээд цалингаа аваад буцацгаав. Асар их мөнгө дагуулсан Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд, шүүгчид, клубын албан тушаалтнууд толгой дарааллан авлигын хэрэгт холбогдов. Тухайлбал, Хятадын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Чень Шүяань клубууд болон ивээн тэтгэгч компаниудаас 80 гаруй сая юань хахуульд авч тэдэнд үйлчилсэн нь тогтоогдож, шүүхээс 20 жилийн хорих ял авч бүх хөрөнгөө хураалгажээ. Нэгэн цагт Английн Премьер лигт тоглож байсан Хятадын шигшээ багийн дасгалжуулагч Ли Те клубуудээс их хэмжээний хахууль авч, мөнгө төлсөн тоглогчдыг шигшээ багт дууддаг байсан нь илэрч бүх насаараа хоригдох ял сонсов. Зарим томоохон тоглолтын үр дүн Ли Тегийн тооцоолсноор гарч байсныг тамирчид нь гэрчилжээ.
Ногоон талбайн гадна өрнөсөн энэ мэт дампуурлыг харсан ивээн тэтгэгч компаниуд хөрөнгө оруулалтаа татсанаар томоохон клубууд орлогогүй болж, ихэнх нь татан буугдсан юм. Энэ бүхнээс Хятадууд дан ганц мөнгө цутгаад спортыг хөгжүүлж болдоггүйг ойлгоцгоожээ. Тэдний бас нэг том алдаа нь супер лигтээ өндөр цалинтай од тоглогчдыг авчирсан ч суурь боловсрол, хүүхдийн хөлбөмбөг рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг орхигдуулсан явдал байв.
Узбек чанар: Системтэй бодлогын үр дүн
Нийгмийн сүлжээнд Узбекистаны шинээр баригдсан хөлбөмбөгийн ордонг харсан биз ээ. Монгол гэрийн ханыг дугуйлж, унь хатгасан мэт дээвэр бүхий үндэсний өвөрмөц соёлыг шингээсэн энэхүү цогцолборыг барихад тус улс 100 гаруй сая доллар зарцуулжээ.
Ойролцоогоор 38 сая хүн амтай Узбекистандаа Хятадтай харьцуулахааргүй бага эдийн засагтай ч энэ спортыг хөгжүүлэх цогц, нэг чигт бодлого байв. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш энэ бодлого нь гуйвж хазайсангүй:Засаг захиргааны бүхий л нэгждээ хөлбөмбөгийн талбай байгуулж, том жижиг 400 гаруй цэнгэлдэх хүрээлэн шинээр босгожээ. 15,000 орчим сургуулийн спортын талбайг шинэчилж, 1 сая гаруй хүүхдийг хөлбөмбөгөөр тогтмол хичээллэх хөтөлбөрт хамруулж, жил бүр 65,000 хүүхэд мэргэжлийн академид суралцуулдаг аж.
Энэ бүх системтэй хөдөлмөрийн үр дүнд Аббосбек Файзуллаев, Абдукодир Хусанов, Элдор Шомуродов зэрэг Европын топ лигүүдэд тоглодог залуу авьяастнууд төрөн гарч, тус улсын шигшээ баг Ази тивийн өрсөлдөөнд тэргүүлэгчдийн эгнээнд амжилттай явна.
Бид ДАШТ-д үндэсний багийнхаа дээлийн захыг мушгиж чадах уу
Одоохондоо бидэнд гаднын багуудыг телевизээр дэмжих, боломжтой нэг нь цэнгэлдэхэд очиж тэдний тоглолтыг үзэх төдий л оролцоо байна. Яг өнөөдрийн байдал, баримталж буй бодлогоор явбал ойрын 20 жилдээ Монголд хөлбөмбөгийн ДАШТ төдийгүй энэ спортын амжилт холын мөрөөдөл хэвээр үлдэнэ. Бидэнд Хятадынх шиг их мөнгө алга, Узбекистаны шиг үнэнхүү чин сэтгэл, тууштай бодлого ч дутагдаж байна. Хөлбөмбөгийн төлөө сэтгэл зүрхтэй зүтгэлтэн, мэргэжилтнүүдийг ногоон талбайгаас аль болох хол байлгах нь Монголын хөлбөмбөгийн холбооны гол зорилго мэт санагддаг. Ядаж байхад үе үеийн төрийн тэргүүнүүд өөрийн төлөөний хүмүүсийг энэ холбоонд шургуулах сонирхолтой байдгийг нуух юун. Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нар гарын хүнээ энэ холбоонд шургуулсан.
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (FIFA) спортыг дэлхий даяар тэгш хөгжүүлэх зорилгоор манайх шиг хөгжиж буй орнуудын холбоонд үйл ажиллагааны санхүүжилт тогтмол олгодог. Хөлбөмбөг тайлөбарлагч, нийтлэлч, спортын сэтгүүлч Б.Батзаяагийн өгүүлснээр жилд ойролцоогоор 2 сая ам.доллар Монголын хөлбөмбөгийн холбоонд өгдөг гэх. Шилжилтийн үеийн эдийн засагтай, хөлбөмбөгийн дэд бүтэц сул үед энэ мөнгө эхэндээ их санагддаг байсан биз ээ. Эрх мэдэлтнүүд, улстөрчдөд зүгээр ирж буй энэ санхүүжилтээс хумсалж хулгайлахгүй бол нойр нь хүрдэггүй байсан нь нууц биш.
Өнөөдөр манай үндэсний компаниуд бэхжиж, спортын салбарыг дэмжих чадамжтай болжээ. Тухайлбал, сагсан бөмбөгийн тамирчин жилдээ хэдэн зуун сая төгрөгийн орлого олж, үндэсний наадмаар шөвгөрсөн бөхөө компаниуд 100 мянган доллараар шагнаж чаддаг болсон атлаа хөлбөмбөг анхаарлын гадна үлдсээр байна. Жилд зарцуулах хоёр сая доллараар хятад шиг супер тоглогчид, дасгалжуулагчдыг авч ирэх боломжгүй ч Узбекстан шиг хүүхэд залуусыг академик байдлаар хөгжүүлэх боломж бий. Хөлбөмөгийн холбооны нэр цэвэр гаднаас орж буй санхүүжилтийн зарцуулалт шилэн байвал энэ спорт тодоодоосоо ч энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг өлхөн татна. Харамсалтай нь энэ холбоотой байнга хамт хэлэгддэг хулгай, луйвар, улстөржилтөөс нь зугатаан монголын бизнесмэнүүд хөрөнгө оруулалтхийх сонирхолгүй байгаа.
Монголчууд хөлбөмбөгөөр амжилт гаргах боломж бий юу
Монголын хөлбөмбөгийн холбоо болон шигшээ баг олон улсын чансаанд хойгуур байр суурьтай, дэд бүтэц, цаг агаарын хувьд хүндрэлтэй нөхцөлд байдаг нь үнэн. Гэсэн хэдий ч бид дараах давуу талуудад тулгуурлан амжилт гаргах бүрэн боломжтой: Монголчуудын байгалийн өгөгдөл, нүүдэлчин соёл иргэншлээс улбаалсан тэсвэр хатуужил, хөдөлмөрч чанар нь багийн спортод том давуу тал болдог. Ялангуяа өндөр ачаалал, гүйлт шаардсан байрлалуудад амжилт гаргах өгөгдөлтэй. Сүүлийн жилүүдэд Монголд хөлбөмбөг сонирхогчдын тоо эрс нэмэгдэж, хүүхдүүд багаасаа дэлхийн шилдэг лигүүдийг үзэж өсөж байна. Олон улсын өсвөрийн тэмцээнүүдэд монгол хүүхдүүд амжилттай оролцож буй нь нөөц боломж байгааг харуулж байна. Узбек загвартай хүүхдийн академиудыг зөв системээр хөгжүүлж, заавал гаднын дасгалжуулагч гэхгүйгээр интернэт, нийгмийн сүлжээгээр дамжуулан дэлхийн жишигт хүрсэн тактик, бэлтгэлийн арга барилыг нэвтрүүлбэл богино хугацаанд үр дүн харах боломжтой.
Бусдын хөдөлмөрийг завшиж, хувийн эрх ашгаа хөөдөг улстөрчид, тэдний гар хөлийг энэ спортоос бүрмөсөн холдуулж, алсын хараатай урт хугацааны бодлого баримталж чадвал Монголын хөлбөмбөгт ирээдүй бий.
| Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг |
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26
Түүхэн хонзон ногоон талбайн тулаан
2026-07-15 17:35:23
Түүхэн өшөө, ногоон талбайн тулаан
2026-07-15 17:34:10
Зургаадугар сарын 26-ны өдрийн байдлаар хасагдах шатанд шалгарсан багууд болон тоглолтын хуваарь
2026-06-26 17:03:00
2026-06-26 13:11:56
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ
2026-06-26 12:45:50
Ялархагч, “ялтан” хоёр цэцэд “цэцлэх үү”
2026-06-25 16:34:19
"Их баатар"-ын нууцлаг хувь заяа Рерихийн суут бүтээлийг сураггүй болгож байсан соёлынхон маань хоёр дахь удаагаа нэгмөсөн алдчихаагүй биз
2026-06-24 16:42:22
МУ-ЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙГ ОРШУУЛАХ ТУХАЙ ЗАРИМ ТОГТООЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2026-06-23 16:59:31