Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан

Б.Бат-Өлзий: -“Аав өвсөө хадна, би бухалдаад, уснаас нь мөрөөр чирч гаргаад хатааж, баглаад тэмээгээр ачна. Зай нь ойрхон,  5-6 км орчим. Гэхдээ л ажиллагаа бол их шүү дээ. Олон жил аавыгаа дагаж хадлан хийсэн. Таван тэмээгээр хоёр хүн өдөрт 2-3 удаа ачна. Ер нь бол чанга талдаа”. 
Hadaas.mn:- Түүний туулсан амьдрал олон монгол залуусын адил хөдөөнөөс эхлэлтэй. Б.Бат-Өлзий шиг залуус  малчны хот, малын захаас төрийн наадмын талбай, тив дэлхийн дэвжээнд хүрч зодоглодог. Тэд хар багаасаа адуу малтай ноцолдож тамир, нүүдэлчдийн амьдрал аж ахуйг таньж ухаан суудаг. 
Б.Бат-Өлзий: -“Би 2008 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд сурахаар хотод ирж байсан.  Тухайн үед 16 настай байлаа. Тэгээд шантраад нэг жил сумандаа очиж мал хариулсан. Сурлага талдаа гоц  байгаагүй учир малчин л болох байсан. Малч аж ахуйдаа  одоо ч хайртай...” 
Hadaas.mn: -Улаанбаатарт бөх болохоор ирсэн Б.Бат-Өлзий ганцхан сар болоод буцжээ. Их хотод учраа олохгүй байсан учир гэртээ харьсан нь тэр. Б.Бат-Өлзий хөдөөний ажлаас шантарна буцна гэж үгүй. Адуу малтай ноцолдож эмнэг хангал сургана. Хонь, ямаа саана.  Аав нь ч ажилд нэмэртэй  болохоор хажуудаа байлгах дуртай байв. Б.Бат-Өлзий сумын наадамд барилдаад түрүүлжээ. Түүндээ урамшаад сургуульдаа дахин сурах, Улаанбаатарлуу явах тухай аавдаа цухуйлгав. Аав нь харин дургуйцжээ. Өмнө нь яваад шантраад ирсэн болохоор дахиад ийм явдал гарна гэж бодсон биз. Гэрийнхэн, хамаатнууд нь Б.Бат-Өлзийгийн авъяас, хүч чадлыг нь үнэлдэг учир амжилт олно хэмээн итгэжээ. Түүнийг сургуульдаа  үргэлжлүүлэн сургахыг аавд нь ятгаснаар Б.Бат-Өлзий хотод дахин хөл тавив. Г.Эрхэмбаяр аварга мэх заахаас гадна бөх болох ухааныг түүнд өгөв. Тэмцээнээс тэмцээнд сайжирч, бөхийн өргөөнд болдог барилдаанд аль болох том цолтой бөхтэй таарч барилдахыг хүсэх болжээ. Хэдий том цолтой бөхтэй барилдана, зурагтаар гарах магадлал өснө. Тэр өөрийг нь дэмжсэн, итгэсэн ах дүүс, хамаатнууддаа барилдаж яваагаа харуулах гэсэн нь энэ. 
Б.Бат-Өлзий: -“Спорт хүнийг их хүмүүжүүлдэг. Ялна, ялагдана, бэртэж, гэмтэнэ. Тэр бүгдээс боловсорч, хүмүүждэг. Тэр дундаа бөх хүн бол тэмээнээс тэмдэгтэй. Олны нүдэн дээр, хайр хүндлэлд байдаг. Ард түмэн, төр түмэн минь байж бидэнд энэ сайхан аймаг, улсын цолыг олгож байгаа. Энэ сайхан цол, нэр хүндийг дааж явна гэдэг үүрэг, хариуцлага гэж боддог”.
Hadaas.mn: -Монголчууд түүнийг энэ цагт барилдаж буй хамгийн бяртай бөх гэж үнэлдэг. Бөхчүүд оролцдог хэд хэдэн тв нэвтрүүлэг, сошиал подкастад оролцсон энэ цагийн өнгө нь болж буй бөхчүүд ч түүнийг ийнхүү үнэлдэг учир монгол түмэн түүнийг цолондоо ахадсан бөх хэмээдэг. Бөхийн жудаг,  эр хүний ноён нуруугаар хаана ч үлгэр болохуйц бөх. Камерийн өмнө болон дуранд өртөөгүй  олон үйлдлийг нь харсан сонссон монголчууд түүнийг хайрлаж хүндэлдэг.    
Б.Бат-Өлзий: -“Тухайн үед Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав над руу залгаж, зар дуулгаж байлаа. Цол олгох бөхийн барилдаан болох гэж байна дүү орох уу гэж асууж байсан”
Hadaas.mn: -Ковид цар тахал дэлгэрч, хорио цээр тогтоов. Өнгөрсөн жил нь хязгаарлагдмал хүрээнд наадамлахдаа цөөнхөд буюу төрийн өндөр албан хаагчид, тэдний ойрын хүрээнийхэнд давуу эрх олгосон нь олон нийтийг бухимдуулсан. Улстөрчид эрх мэдэлнүүд дабль стандарт хэрэгжүүлж, өөрсдөө чөлөөтэй зорчдог, олон нийтийг хөл хорионд байлгаж дахин наадамлах гэж байгааг эсэргүүцсэн залуус  “no naad ami” сошиал давалгааг өрнүүлснээр дайны хүнд жилүүдэд тасраагүй наадам тасалдах шахсан. Японы олимп хойшилсон жишгээр төрөөс ойн баяруудаа нэг жилээр хойшлуулах шийд гаргалаа. Монголын залуучуудын холбоо, Монголын Үндэсний бөхийн холбооноос 512 чансаа өндөр бөхийн барилдааныг зохион байгуулж, өнө эртнээс тэмдэглэж ирсэн монгол наадмыг таслаагүй юм. Энэ барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлэв. Гэвч амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол олгосонгүй. Нэр бүхий гишүүд УИХ-аар хууль батлуулж, Б.Бат-Өлзий нарын бөхчүүдийн цолыг ахиулах санаачилга гаргасан ч дэмжигдээгүй юм. Хууль санаачлагчид энэ наадамд оролцсон сурынхнаас саналыг нь аваагүй, учир тус холбооноос уг хуулийг тэгш бус үйлчилж байна хэмээн гомдол гаргажээ. Мэдээж хэрэг монгол наадамын нэг өнгө бүдгэрэх учир Б.Бат-Өлзий болон монгол түмний хайртай хүү П.Сүхбат агсанд арслан, өөр 10 гаруй бөхчүүдэд шинэ цол олгох учиртай хууль батлагдсангүй.   
Б.Бат-Өлзий: -“Э.Батмагнайд уначхаад орж явахад хэвлэлүүд ярилцлага авсан. Тухайн үед “намайг давсан бөх маань түрүүлээсэй” гэж хэлсэн. Сайхан ч түрүүлсэн. Би их бэлгэшээсэн”.
Hadaas.mn: -Тэр үндэсний их баяр наадамд шөвгөрч, өнгөрсөн жилийн түрүү бөх Э.Батмагнайтай  долоогийн даваанд тунан өвдөг шороодсон. Наадмын дараа болсон Өндөр гэгээний даншигт мөн л шөвгөрч, шинэ арслан Э.Батмагнайтай таарч унажээ. Энэ жилийн наадамд түүнийг арслан Э.Батмагнай амлав. Барилдахаар гарахын өмнө О.Хангай аварга түүнд “Чи энэ цагийн хамгийн хүчтэй бөх шүү” хэмээн хэлсэн нь Б.Бат-Өлзийг хурцалжээ. Хүч, жин ихтэй залуу арсланг Б.Бат-Өлзий  бярдаж давснаар гарьд цолны болзол хангасан билээ. Түүнд  Э.Батмагнай “Арслан болоорой” хэмээсэн нь ерөөлөөр болж төрийн наадамд үзүүрлэн Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын арслан цол хүртэв. Цол даган бяр нэмэгддэг. Ард түмний хайртай хүү, Монгол Улсын арслан Б.Бат-Өлзийд аварга, даян аварга болох ерөөл өргөе.  

 


Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ