Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа

Халх голын дайнд монголчууд ялсан атлаа Мана уулыг, Нөмрөгийн сав газрыг эгнэгт алдсан юм. Агуу ялалтын бахархалт түүхийн цаана олон арван жил “нууц”-ад хадгалагдаж, эх орноо хамгаалан баатарлагаар тулалдаж явсан эрчүүд нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гунигтай явсан түүх бий. Энэ бол сэтгэл эмтрүүлсэн гашуун үнэн, Нөмрөгийн гол болон Мана уулын төлөөх байлдаан юм. Эх орныхоо төлөө эцсийн амьсгалаа хүртэл тэмцсэн 22 дугаар морьт хорооны дайчид штаб командлалын алдаатай шийдвэр, цэргийн хатуу хууль болон харгис шүүлтүүрийн золиос болж хэрхэн хэлмэгдсэнийг хүүрнэе.
Намайг жаахан байхад аав минь “төвийн” гэгдэх хэвлэл захиална. Намын “Үнэн”, үйлдвэрчний эвлэлийн “Хөдөлмөр”, цэргийн “Улаан-Од”, утга, уран зохиолын “Цог” сэтгүүл гэх мэт... Тэр бүрийг нь зэрэгцэж суугаад л үзнэ. “Улаан-Од” сонины нэгэн дугаарт хэлмэгдэж явсан морьт хорооны талаар асуулга бүхий нийтлэл тавигджээ. Тархи, оюун маань балчир байсан ч бурууд хурц байжээ. Сонирхоод л уншлаа. Дараагийн дугааруудад тус хорооны ахмад дайчдаас ирсэн захидлыг хэвлэх боллоо. Хожим сонсохнээ ахмад дайчдаас гадна тэдний үр хүүхдүүд, төрөл төрөгсөдөөс хэдэн зуун захидал ирсэн гэдэг. Ямартаа ч, тухайн үед морьт хороог удирдаж явсан офицерүүд жинхэнэ баатар эрс байгаад хэлмэгджээ гэх хатуу итгэлтэй болсон юм. Тэр цагаас хойш Мана уулыг хамгаалан тулалдсан домогт 22 дугаар морьт хороотой холбоотой мэдээлэл бүхнийг сонирхон уншдаг болж. Эцэстээ алдагдсан нутгийн тухай өгүүлэх энэхүү цувралдаа оруулж байгаа нь энэ.
“Олон жил дуугүй явлаа... Түүх түүхээрээ үлдэх ёстой”
Ахмад дайчид Лхамын Лувсандорж, Хишигтийн Бавууцэвээн, Далхсүрэнгийн Дамдинсүрэн нар “Улаан-Од” сонинд бичиж байсан захидалдаа энэ түүхийг:
“Олон жил бодол санаагаа илэрхийлж чадахгүй өдий хүрлээ. Халхын голын байлдаан дуусаж, японы самуурайнууд бууж өгөх актад гарын үсэг зурахад бэлэн болоод байсан яг тэр үед Нөмрөгийн голд нэгэн тулалдаан болсныг ахмад үеийнхэн, ялангуяа тэнд байлдсан дайчид сайн мэднэ. Есдүгээр сарын 11-нд Мана ууланд япончууд цөмөрснөөр уг байлдаан эхэлсэн юм. Үнэхээр хүч тэнцүүгүй, яах ч аргагүй юм болсон. Хэрэв дарга нар маань ухаан сийлж, ухарч авч гараагүй бол цөм нэг довон дээр өнгөрөх байсанд өнөө ч эргэлзэхгүй байна. Түүх түүхээрээ үлдэх ёстой. Тэр тусмаа эх орны төлөө тулалдагсдын ариун нэр, алдар гавьяа цагийн саалтад элж мартагдах учиргүй” гэжээ.
Ахмад дайчид үнэнийг бичих, сэтгэлээ чөлөөлөх, цагийн сүүдэрт хэлмэгдсэн, дарагдсан бүхнээ захиж, хэлж үлдээх гэсэн сүүлчийн хүсэл нь тэднийг үзэг, цаас нийлүүлэхэд хүргэжээ. Угаас энэ хороонд байлдаж явсан цэргүүд Халх голын ялалтын баярыг тэмдэглэх эрхгүй, “урвагчид”, “хулчгарууд” хэмээн зүхүүлж, алдар гавьяанаас алсарч, ард олонд нүд үзүүрлэгдэж ирсэн юм.
Дайсны өөдөөс сүүлчийн сумаа шавхан байж буудахдаа өөрийнхөө зогсож байгаа газрыг хамгаалахыг, хайрлан нандигнахыг, мөр зэрэгцсэн нөхдөдөө дэм өгөхийг, эрэлхэг зоригтой байхыг хүссэн тэдний Нөмрөгийн тулаан хоёр хоног үргэлжилжээ.
Халхын голын фронтын штабын дарга, дэслэгч генерал Богдановын цэрэг стратегийн суу заль,  тагнуулын мэдээлэл, ёудалгаа тааруу байсны улмаас Мана ууланд байсан дайсны том хүчийг дутуу үнэлж, дөрвөн сар гаруй өөд уруугүй байлдсан МАХЦ-ийн 8 дугаар дивизийн 22 дугаар морьт хороог уг чиглэлд шилжүүлэх тушаал гаргажээ. Ингэхдээ тэнд байсан зөвлөлтийн улаан армийн нцэргийн эгжийг татан байрлуулсан аж. Тухайн үед японы гол хүч Номун ханы чиглэлээр байлдаж байсан бөгөөд монголын арми баруун урдаас нь Хамар даваанаас тэдэнтэй тулалдаж байв.
22 дугаар морьт хорооны комиссар Ё.Цэдэн-Ишийн өгүүлснээр японууд манай ар талаас цохих бэлтгэл хүчээ Мана ууланд хуралдуулсан байжээ. Дөрвөн сарын турш шинелээ ч тайлах завдалгүй байлдаж ядарч, сульдсан 22 дугаар морьт хороо хавсарсан хүчтэйгээ нийлээд ердөө 700 орчим хүнтэй, 4 их буутай явсан бол эсрэг талд нь япончууд 4000 хүнтэй, 12 их буутай явган хороо, морин ангийн хамтаар тосч байлаа. Энэ бүхнээс харахад Мана уулын байлдаан ямархуу хүч тэнцвэргүй тулаан болсныг илтгэнэ. Жижиг тулгаралтыг эс тооцвол 29 удаа байлдаанд орсон хороог яг л торгуулийн суман шиг дахин их бууны өөдөөс явуулжээ. Гэтэл тэнд японуудтай тулалдах зөвлөлт, монголын цэргийн нэгж, хүч хангалттай байсан аж.
Хороон дарга, залуу офицер Р.Бадарчаас өөрийн удирдлага болох наймдугаар дивизийн дарга Д.Нянтайсүрэн, О.Дандгай нар руу явуулсан цахилгаан архивт үлджээ. 1939 оны есдүгээр сарын 11-ний өдөр үйлдсэн эл бичигт:
“Харьяат дарга, комиссар танаа.
Манай анги 11-ний өглөө 05:00 цагаас эхлэн байлдаж, бүслэгдээд байлдах жагсаалаас гарсан байна. Баримт нь:
1. Их бууг алдсан, бас хөнгөн пулемёт цөөн алдсан.
2. Дайсан 12 их буутай явган хороо, хэсэг морин ангийн хамтаар байгаа болно.
3. Морьд зуур замдаа ихээхэн хаягдаж ирснээс гадна хүйтэн бороонд өдий төдийгөөр осгож үхэж буйгаас явган болов.
4. Кросин үгүй учраас, хүнд хөнгөн пулемёт бүгд галлахгүй хоосон болсон.
5. 10-ны өдрөөс эхэлж энэ өдөр хүртэл цас, бороо холимог орж цэрэг дарга ихээхэн даарч байна. Баримт нь бууны замгийг онгойлгож дийлэхгүй болжээ.
6. Ар талаас 30 үхэр явуулсны 26-г замдаа алдсанаас дөрөв нь очсон ба хуурай хэрэглэл юу ч үгүй болсныг мэдэгдье. Үүнд хоолны машин явуулах гэсэнд эвдэрсэн учир хөдөө замдаа суусан болно.
7. Энэ үед ямар нэгэн эд хогшил, хувцас хунарын зүйл нь нойтон учир хүйтэнд даарах явдал аюултай бөгөөд ямар ч үүргийг биелүүлж үл чадахуйц болсон байна. Иймд тус ангийг хэрхэх тухай шийдвэрийг нэн даруй довтолгон явуулах хэрэгтэй байна.
8. Хуучин эзэлсэн байраас гурван км ухарч Нөмрөг голын инад хориглон буй болой.
9. Хорогдлыг тогтоож заасан бүртгэлийг авч тусгай хавсаргав. Жич: Тамхи чүдэнзний зүйл хорооны хэмжээнд огт үгүй.” гэжээ.  
Дивизийн удирдлага энэхүү мэдээг аваад ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна.
22 дугаар морьт хорооны Комисар  Е.Цэдэн-Иш: -“Бид хориглолтод окопон дотроос байлдаж байлаа. Япончууд Мана уулын энгэрээс, газрын дээрээс дайрсан... Гал хөөргөж, бүх хүчээрээ зэрэг галлахад урдаас явж байсан дайснууд нам буугаад хүнд цохилтод орсон. Тэгмэгц япончууд утаан хөшиг тавиад ухарсн. Тэгээд харвал Мана уулын энгэрт хүүр ирийгээд л байсан, амьд хүн байхгүй” хэмээн дурссан байдаг.
Байлдааны үед манай хорооныхон “Максим”-аар шүршиж, дайсандаа үлэмж хохирол учруулжээ. Хорооны дарга Р.Бадарч өөрийн байлдааны туршлагаар дайснуудыг нүүр тулах шахам ойр зайнд ирэхэд нь галлах тушаал өгчээ. Тулалдааны дараа манай тал нөхцөл байдлаа үнэлж Японы талаас лавтай мянга орчим цэрэг үрэгдсэн гэж мэдээлж байхад Р.Бадарч "Мянга ч юу юм бэ, дайсны үрэгдсэн тоог 600 хүнээр ав. Ялж л байвал олон цөөн нь хамаагүй" хэмээн цэргүүдээ зоригжуулж байсан гэдэг. Хэрэв тэр үед Р.Бадарч ухаан уралдуулж, цэргүүдээ аврах арга хэмжээ аваагүй байсан бол хороогоороо хүйс тэмтрэгдэх байсныг олон цэрэг гэрчилдэг.
Хожим хэлмэгдсэн офицерүүдийг цагаатгах тогтоол гаргахдаа ч шинжээчид ийнхүү үнэлсэн юм. Ё.Цэдэн-Иш энэ талаар дурсахдаа: Хороон дарга Бадарч ‘Дайсан манайхаас мундахгүй цохилт авлаа. Энэндээ хорсож шөнө юм уу, маргааш танк, онгоцоор дэмжүүлэн дайралт хийх нь гарцаагүй. Тийм болохоор эндээ байж болохгүй. Зайлна. Зайлахдаа өдөр зайлж болохгүй, цаадуул чинь харна. Харанхуй болгоод зайлъя’ гэсэн. Ингээд шөнө нь бид зайлахдаа урагшаа дайсан руугаа нэг км ойртоод тэндээсээ баруун тал руугаа эргэж нэгэн том уулыг эзэлж авсан... Танк ирэх нь гарцаагүй хэмээн үзэж хориглосон. Гэтэл шөнийн 23.00 цагийн үед Мана уулын баруун мөрөн дээгүүр олон гэрэл гарч ирсэн. Бид танк нь дайралтад орлоо гэж ойлгосон. Бид цэрэг бүрт байгаа нэг нэг гранатыг нийлүүлэн гурваар нь, таваар нь бөөгнүүлж цэргүүдийнхээ хөлийн жийргийг ашиглан баглаж бэлтгэсэн.Мөн хуяг нэвтлэх сумаар цэргүүдээ хангасан. Гэтэл тэр шөнө дайсны танк ч дайрсангүй.   Маргааш нь 11-ний өглөө боллоо. Шөнийн тэр олон гэрэл юу байсан гэхээр цэргүүдийнхээ хүүрийг ачаад шөнөдөө буцсан нь тэр байж...” хэмээн дурсжээ.
Япон цэрэгт ихээхэн хохирол учруулсан цэргүүдийн ялалтын уухай сарниагүй, үрэгдсэн цэргүүдийн цогцос бүрэн хөрөөгүй байхад Дотоод яамнаас дэд хурандаагаар ахлуулсан 10 гаруй офицер, цэрэг Мана ууланд иржээ. Дэд хурандаа морьт хорооны нэгэн цэрэгт нэрс бичсэн цаас өгч: "Хурдан аваад ир" гэсэн тушаал өгсөн байна. Энэхүү цаасан дээр морьт хорооны дарга Р.Бадарч, комиссар Ё.Цэдэн-Иш, их бууны батарейны дарга Д.Дамдиндорж (Дамдинжав), улс төрийн удирдагч А.Пунцагдорж нарын нэрсийг бичгийн машинаар бичиж, тамгалсан байжээ.
Морьт хорооны сургагч орос “дайсны талд тийм их хохирол учруулсан, өөрсдөө хохирол багатайгаар тулгаралтаас холдож чадсан биднийг шагнах гэж байна” хэмээн монгол офицерууддаа урам өгсөөр очжээ. Гэвч цэргүүдийнх нь нүдний өмнө тэднийг гавалж, пикап машины тэвшин дээр ачив. Исгэрэх сумны эсрэг халуун амь, бүлээн цусаа үл хайхран зүтгэсэн тэд Мана уулын энгэрт дайчдаа орхиод машинд ачигдан явсан гашуун түүх энэ.
Ё.Цэдэн-Иш дурсамжаа өгүүлэхдээ: “...Үйлийг маань үзэж байгаад цэргийн хээрийн шүүхээр бидэнд буудах ял сонсгосон. Сэтгэл санаа навс унаж байгаа юм. Амьдаараа үхдэг юм билээ. Дээрээс хариу хүлээсэн юм уу, яасан юм дахин сар хэртэй хорьсон... Бадарч дарга, манай их бууны батарейн дарга Дамдинжав бид гурвыг хамтад нь хорьсон. Буудах ял сонссоноос хойш долоо хоноод байтал ‘Амь гуйж болно’ гээд бид гуравт тус бүр нэг нэг цаас, харандаа өгсөн юм. Дамдинжав бид хоёр бичсэн. Харин Бадарч ‘Би бичихгүй. Буудуулах, амь гуйх хэрэг хийгээгүй. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй’ гэж хэлдэг юм. Дамдинжав бид хоёр аргаа бараад ‘Бид хоёр өмнөөс çинь өргөдөл бичье. Та гарын үсгээ л зурчих’ гэсэн. Тэгэхээр ‘Наад өргөдлийг чинь бичлээ гээд амьд үлдэх ч юм уу, үгүй ч юм уу. Би зурахгүй. Дөрвөн сар япончуудын мянга мянган сумны өөдөөс явахдаа оногдоогүй юм. Одоо өөрсдийнхөө нэг суманд үхэх бол үхнэ биз. Ямар ч байсан би амь гуйхгүй’ гээд буруу хараад хэвтчихдэг байсан. Тийм хатуу, зоригтой хүн байсан. Ингээд л Бадарч маннь буудуулсан даа” хэмээн харамсан өгүүлжээ. 
Түүхч, хошууч Т.Сүхбаатар архивын зарим баримт болон гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн 22 дугаар морьт хорооны удирдлагууд дараах алдааг гаргасан гэж үнэлжээ. Тухайлбал, морьт хороо Жуковын тушаалаар Нөмрөгт очих ёстой байсан ч Дэгээ голын хөндийд ар талаас ирэх идэш, тэжээл хүлээнэ гэх мэт шалтгаанаар хоёр хоног хожимдож очсон нь япончуудад Нөмрөгийн голд түрүүлж гүүр тавьж бэхжих боломж олгосон байна. Мөн шөнөдөө нууц байдлаар эзлэх ёстой байсан байрлалаа өдрийн цагаар, дайсны нүдэн дээр ил гарч эзэлсэн нь япончуудад дайралт хийх таатай нөхцөл бүрдүүлжээ. Энэхүү алдаатай шийдвэрүүд болон байлдааны үүргийг хангалтгүй биелүүлснээс болж Монгол Улс Мана уул, Нөмрөгийн голын зүүн эргийг алдаж, өнөөдөр Хятадын газар нутаг болж үлдсэн түүхтэй гэжээ. Үнэхээр ч энэхүү тулаан Мана уулын хувь заяаг эргэлт буцалтгүй шийдсэн юм.
Яг энэ үед Халх голын байлдааныг зогсоож, гал зогсоох тухай албан ёсны хэлэлцээрийг Москва хотод дипломат түвшинд шийдвэрлэсэн юм. ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариат (гадаад яам)-д ЗХУ, БНМАУ, Японы төлөөлөгчид хоорондоо тохиролцсоноор энэхүү шийдвэр гарчээ. Тухайн үед дипломат яриа хэлэлцээг ЗХУ-ын Гадаад хэргийн комиссар В.Молотов голлон удирджээ.
1939 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Москва хотноо ЗХУ, БНМАУ болон Япон улсын хооронд байлдааны ажиллагааг зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Уг хэлэлцээр ёсоор 1939 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13:00 цагаас эхлэн Халх голын бүс нутагт байлдаж буй хоёр тал ямар ч нөхцөлөөр байлдааны ажиллагааг бүрэн зогсоож, тухайн үед эзэлсэн байрлалдаа буюу байлдсан шугам дээрээ зогсохоор харилцан тохиролцсон байна. 1939 оны 9 дүгээр сарын 1-нд дэлхийн II дайн Европын тивийн баруун хэсэгт буюу Германы цэрэг Польш руу довтолгооноо эхэлчихсэн байсан бөгөөд зөвлөлтүүд алс дорнод дахь мөргөлдөөнийг түр зогсоох сонирхолтой байжээ.
Хоёр тал гал зогсоох хэлэлцээрийг хатуу баримталж, 1939 оны 9 дүгээр сарын 16-наас хойш Халх голын фронтод томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн, байлдаан дахин гарсангүй. Энэ нь Японы цэргийн командлалд хойд зүг буюу ЗХУ, Сибирь рүү довтлох бодлогоо түр хойшлуулж, харин өмнөд зүг буюу Номхон далай, Зүүн Өмнөд Ази руу чиглэх стратегийг сонгоход хүргэсэн байна.
Үүний уршгаар Мана уул Японы мэдэлд буюу тэдний тоглоомын улс Манжгогийн харьяанд үлджээ. Тухайн үед талуудын эзэлж байсан шугамыг тодруулах, маргаантай газар нутгийг хянан хэлэлцэх зорилгоор Зөвлөлт-Монголын болон Япон-Манжгогийн төлөөлөгдсөн хамтарсан комисс байгуулагдаж ажилласан ч Мана уул, Нөмрөгийн сав газрын 700 гаруй ам километр газрыг буцаан авч чадсангүй.
Хожим дэлхийн дайнд Япон ялагдаж Манжуур дахь тэдний ноёрхол нуран унаж, уг бүс нутгийг Хятад улс эзэмших болсон юм. Дэлхийн хоёрдугаар дайны оролцогч, ялагч БНМАУ-ын зүүн хил хязгаар баталгаажиж, тусгаар тогтнолоо олон улсад бодитоор хамгаалж чадсан ч Монголын  түүхэн нутаг болох Мана уул, Нөмрөгийн голын зүүн эрэг Хятадын газар нутаг болон үлджээ.

 


Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ