Өнжөөд баригдсан хагас тэрбумын дээрэм

Манай сайт нийгэмд дуулиан тарьсан үйл явдыг цувралаар хүргэж буй юм. "Дуулиан шуугиан" буланд банк пээрэмдсэн ах дүүсийн хэргийг сануулж байна.  
Өр дарах шинэ төлөвлөгөө, 
(12 дугаар сарын эхний долоо хоног) 
10 дугаар хороололд  найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг Д.Б нь санхүүгийн хүндрэлд оржээ. Дэлгүүрийн түрээс, бусдаас авсан зээл нэхэгдэж, унаж явсан хоёр ч машинаа барьцаанд тавьчихав. Гээд асуудал шийдэгдсэнгүй.  Тэрбээр өөрийн дүү Д.Э-г дагуулж Зүүнхараа руу алтанд явахаар боллоо. Унаж явангаа барьцаалсан “Сонота-6” маркийн машины гэрчилгээг “үрэгдүүлсэн” хэмээн шинээр гаргуулж авч, өөр газар барьцаанд тавьж, түүгээр зардал хийсэн ч Зүүнхараагаас олз олж гавьсангүй. Улаанбаатартаа буцаж ирэв. Бусдаас авсан өр, зээл нэхэгдэж гэр бүл доторхи мөнгөний хэрүүл тасрахгүй. Эцэс, төгсгөлгүй мэт санагдаж байсан хэцүүхэн үедээ Д.Б нь  “5 шар”-д байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбар оржээ. Гар утсандаа “Most money” үйлчилгээг татах гэсэн түүнд илүү хялбар аргаар их мөнгө олох сэдэл төрөх нь тэр. Их хэмжээний мөнгө төвлөрүүлсэн энэ төвд хүн цөөхөн үйлчлүүлдэг, хамгаалалт сул, хотын захын байршилд байгаа нь дээрэмдэхэд хялбар санагдсан аж.  
Түүнд найдвартай хамтрагчийг олоход ядах зүйл байсангүй. Хүнсний дэлгүүрт нь худалдагчаар ажиллаж байсан, өр ширтэйг нь хамгийн сайн мэдэх өөрийн төрсөн дүү Д.Э-г ятгав. Хүчлэх шаардлага ч гарсангүй. Алтанд яваад бүтэлгүйтсэн Д.Э дүү банкны дээрэмд хамжигч, туслагчаар  оролцохыг зөвшөөрчээ. Ах дүү хоёр дээрмийн ажиллагаа хийхэд мөнгө хэрэгтэй байлаа.  
Д.Б өмнөх аргаа хэрэглэн “ЭНТ финанс” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан нөгөө машиныхаа гэрчилгээг дахиад л  “алдсан” хэмээн шинээр гаргуулж авав. Ингээд барьцаанд байгаа “Тоёота ланд круйзер-105” машинаа “Нет кафитал” санхүүгийн байгууллагын хашаанд дахин хадгалуулан барьцаалж 10 сая төгрөг авчээ. Мөнгө бэлэн, дээрмийн төлөвлөгөө бүрэн. 
Зэвсгийн дэлгүүр, нийгмийн сүлжээ (2015 оны 12 дугаар сарын 10)
Иргэн Ч.Ц  өрөндөө “Дробинк” маркийн буу авсан байжээ. Хоёр амтай ангын буунд шаардлагатай бичиг баримт байсангүй. Нэгэнт бичиг баримтгүй учир хэн нэгэнд хямдхан зарж мөнгө болгохоор шийдсэн нь фэйсбүүк дэх зэвсэг, ангын хэрэгсэл зарж, солилцдог групп байлаа. Буу хайж байсан Д.Б, буугаа зарах гэсэн Ч.Ц нар бие биенээ ядах юмгүй олов. “Бичиг баримтгүй  нь яах вэ. Хөдөө, хотонд буу дуугаргамаар байна. Та Улаанбаатар явах унаанд тавьчих. Тэр жолоочоор нь бид мөнгийг нь явуулья” гэж ярьлаа. Үнэ дээр л тохиролцох гэж наана, цаана болсноос өөр асуудал байсангүй. Дэлгүүрээс талх худалдаж авах шиг л амархан байлаа. Нүүр нүүрээ харалцахгүй харин ч амар.  Тохиролцсоноос хойш гурав хүрэхгүй цагийн дотор тэд буугаа авчихсан, цүнхэлж байлаа. Бууны мөрлөгч мод, гол төмөр хоёр тус тусдаа салдаг учир дунд оврын цүнхэнд багтчихав. Багануураас ирсэн жолоочид бууны үнэ болох 350.000 төгрөгийг өгөв. Дүү Д.Ц нь түүнээс ч өмнө мөн л фэйсбүүк зараар 600.000 төгрөгийн үнэ бүхий мянган ширхэг сумтай хийн гар бууг  өөрөө явж, авч ирсэн тул өөрсдийгөө бүрэн зэвсэглэж чадлаа гэж үзэв. Нарантуул зах орж дээрмийн үед өмсөх хувцас, нүүрээ халхлах маск (малгай) худалдан авчээ. Хожим эд мөрийн баримт болох буу, хувцас устгахад хэрэг болно хэмээн шатагч шингэн авахаа ч мартсангүй. 
Бусдын нэр дээрх өөрсдийн машин (2015 оны 12 дугаар сарын 10, 11)
Өөрсдийн унааг барьцаанд тавьсан, тэглээ ч банк дээрэмдэхдээ тэрхүү машинаа ашиглахад тохиромжгүй учир машин авахаар шийдлээ. Зах руу гарч, хүнд анзаарагдахгүйг нь тооцож, Улаанбаатарт хамгийн элбэг байдаг “Тоёота приус-20” маркийн машин сонголоо. Эзэнтэй ярилцаж утасны дугаарыг нь авчихав. Ердөө маргааш өглөө нь “Багшийн дээд” орчим уулзаж, тухайн машины үнэд 6.200.000  төгрөгийг бэлнээр төлжээ. Машины бичиг баримтыг өөрсдийн нэр дээр шилжүүлсэнгүй. Зарсан хүнд нь “Дараа больё” хэмээн хойшлуулжээ. Ангын буу гол төмөр, мөрлөгч модтойгоо бараг метр орчим урт байгаа нь дээрэм хийхэд хэтэрхий урт санагдсан учир “нисэх”-ийн ойролцоо очиж, гол төмөр болон мөрлөгч модыг тайрч, авсаархан болгов. 22-ын товчооны орчим очиж гар буугаар буудаж шалгажээ. Хийн бууны сум архины шилийг хага буудсан тул хөнөөх чадварыг нь үнэлж, дээрмийн шаардлагад бүрэн нийцнэ гэж үзэв. Хожим тэд мөрдөгчид болон шүүх бүрэлдэхүүнд хэн нэгнийг буудахгүй, болж өгвөл буун дуу гаргахгүй, зөвхөн сүрдүүлнэ гэж тохирсон гэж өчицгөөжээ. Баянгол дүүрэг, III хороололд байх зочид буудалд хоноглохоор болов. Б арванхоёрдугаар сарын 11-ний орой “Тоёота приус-20”  автомашинаа дээрэм хийх банкны салбарын ойролцоо байршуулав. Буутай, машинтай, банк дээрэмдэх төлөвлөгөөтэй хоёр тэр шөнө зочид буудлын гурван давхрын өрөөнд хоножээ. 
“Хэвт”, энэ бол дээрэм (2015 оны 12 дугаар сарын 12) 
Өглөө зочид буудлаас гарсан хоёр таксигаар машин дээрээ хүргүүллээ. Машин дотроо хувцсаа сольж, баг зүүгээд хөдлөв. Энэ талаар Д.Б:  “Бид хоёр 09:00 цаг өнгөрч байхад “БСБ Мегасторе” дэлгүүрийн нэг давхарт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны “5 шар”-ын тооцооны төвийн гадаа байх хашааны хаалганы хажууд автомашинаа хойд зүгт харуулж хөдлөхөд бэлнээр байрлуулсан. ...Банк руу би эхэлж ороод Д.Э ард хаалгыг дотор талаас нь цоожилсон. Би “дробинк” бууг барьж үйлчилгээний заал руу орж тааз руу нэг удаа буудаж “хэвт” гэж хэлсэн. Үүдэнд хамгаалагч сууж байсан ба хамгаалагч газар хэвтсэн. ...Би зааланд буутайгаа зогсож байх үед Д.Э явж шилэн кабинуудын цаагуур тойрч онгорхой сейфнээс мөнгийг шуудайлсан. Би хамгаалагчийн ширээн доор байсан процессорын утаснуудыг салгасан. ...Дэлгүүр ажиллуулдаг байхад хяналтын камерын бичлэгүүд хамгаалагчийн компьютерт төвлөрдөг талаар мэддэг байсан юм. Ойролцоогоор 2-3 минутын дараа Д.Э мөнгөө сейфнээс шуудайлаад бид хоёр банкнаас гарч, машиндаа суухаар явсан. Машиндаа суух үедээ би шуудайтай мөнгийг нь авч дүү жолооны ард сууж бид хоёр хөдөлсөн” гэжээ. Хамгаалагч Д.Н нь “Би хяналтын камерын бичлэгийг ухраагаад үзэж байтал... арын хаалга дуугараад хүн ирж байгаа чимээ гарсан. Үзэж байсан бичлэгээс гараад камерыг хэвийн байдалд нь оруулсан чинь гадны хоёр хүн орж ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би “Банк онгойх болоогүй байна” гэж хэлээд боссон чинь нүүрэндээ баг зүүсэн, гартаа буу барьсан эрэгтэй гарч ирээд надад “дээрэмдэж байна” гэж хэлээд над руу буугаа чиглүүлсэн. “Гараа өргөөд доошоо суу” гэхээр нь би доошоо суухад шууд тааз руу нэг удаа буудсан. Араас нь дахин нэг буутай залуу орж ирээд “дээрэмдэж байна” гэж хэлээд теллер дээр очих үед над руу буугаа чиглүүлсэн залуу нөгөө залуугийнхаа араас очсоноо удаагүй эргэж ирээд намайг “газар хэвт” гэж хэвтүүлээд цаашаа компьютер руу очоод утсыг нь салгасан. Нөгөө залуу теллерийн кабин дотор орчихсон мөнгө шуудайнд хийж аваад хоёулаа зэрэг гараад явсан. Надаас гарахдаа “түлхүүр чинь хаана байна” гэхээр нь би дуугараагүй. Бид нарыг “хөдөлвөл ална шүү” гээд буу чиглүүлсэн байсан болохоор юу ч хийж чадаагүй” гэжээ.
Гярхай мөрдөгч, үл бүтэх мэт даалгавар (2015 оны 12 дугаар сарын 12)
Энэ өглөө дээрэмчдийн хувьд хүсэмжит цаг үе байлаа. Цас нэвсийтэл орж байсан учир гэмт этгээдүүдийн зам мөр арилжээ. Арав гаруй жилийн өмнө нийслэлийн гудамж дахь хяналтын камер олон байсангүй. Байгаа хэд нь өнөөгийнх шиг сайн татдаггүй байлаа.  Банкны салбараас багагүй мөнгө алдагджээ. 424 сая төгрөг. Энэ хэргийг мөрдөхөд амаргүй байв. Банкны орчимд шуудан хүргэж явсан шууданч, жолооч хоёроос өөр тэднийг гадна харсан гэрч байдаггүй.”Машины улсын дугаарыг ямар нэг юмаар халхалсан байсан. Би эхэндээ ялаа, шумуулын тор юм болов уу гэж бодсон. Шуудайтай зүйл барьсан хоёр хүнийг “Хулгай хийж байгаа юм шиг юун яаруу явдаг юм бэ” гэж бусдад хэлсэн”. Шууданчийн өгсөн мэдээллийг цагдаа нар угаасаа мэдэж байлаа. Нүдээ “ширгэтэл” дэлгэц ширтэж байсан туршлагатай мөрдөгч мөнгөлөг “приус””ээс хэн ч анзаарахгүй шинж тэмдгийг бусдадаа анхааруулжээ. Харин дээрэмчид машинаа сэжиг төрүүлнэ гэж үзсэн учир дугаар  халхалсан шуудайгаа авч хаяж, замын хөдөлгөөнд оролцов. Дугаараа нууцлаагүй машин буруу газраа иржээ. Харьцангүй сайн татдаг камертай уулзвар дээр ирсэн машины улсын дугаарыг гярхай мөрдөгчид анзаарав. У..45 43 дугаартай машины эзэмшигчийг тэр даруй олсон ч тухайн хүн машинаа зарсан болохоо баталжээ. Мөрдөгчид дахин мухардав. “Приус” машин утаа мэт замхарчээ. Тэр дахин хаана ч  үзэгдсэнгүй. Эрлийн багийнхан хотыг бүхэлд нь самнах шийдвэр гаргасан нь албан хаагчдад тухайн үедээ үл бүтэх мэт санаа байсан ч даалгаварыг биелүүлэх үүрэгтэй. 
...дугаартай албан хаагчаас “Сэжигтнүүдийн унаж явсан машиыг оллоо” хэмээн богино долгионы станцаар мэдэгдсэн нь яг л гайхамшиг мэт санагджээ. “Өнөр” хотхоны гадна зогсоолоос машиныг олжээ.    
Их мөнгө бүтэн, гэмтнүүд гишгэх газаргүй (2015 оны 12 дугаар сарын 13)
Цагдаа нар ”Өнөр” хороолол дээр байх машины дэргэд отолт хийжээ. Маргааш өглөө сэжигтэн Д.Б эхэлж машин дээрээ ирэв. Тэр цагдаа нарт баригдахдаа ямар нэг эсэргүүцэл үзүүлсэнгүй. Удалгүй Д.Э ирээд бүгдийг ойлголоо. Тэр ч бас баригдлаа. Бүгдийг зөв тооцоолсон байхад цагдаа нарт хэтэрхий хурдан баригдсандаа тэд гайхацгааж байлаа. Банкнаас дээрэмдсэн мөнгө зогсоолд байх машинаас бараг л бүтнээрээ гарч ирэв. Ойролцоогоор нэг багц буюу арван боодол 20.000-тын дэвсгэрт (20.000.000)-ийг “Нет капитал”-ын хашаанд барьцаанд байгаа “Тоёота ланд круйзер-105” машиндаа хадгалсан тухайгаа  Д.Б хэлжээ. Тэд дээрэм хийсэн шөнөө өөрсдийн хэрэглэсэн зэвсэг, өмсөж явсан хувцсаа шатаан тус тусдаа өөр өөр саунд хоноцгоожээ. Д.Э нь хожим мэдүүлэгтээ  дээрэм хийхдээ зөвхөн том дэвсгэртийг нь авсанаа хэлсэн бөгөөд хэдий хэмжээний мөнгө авсанаа тоолж амжаагүй гэнэ. Ах, дүү хоёр тухайн өдөр өөрсдөд байсан мөнгөө зарцуулж явжээ. Дээрэмчид богино хугацаанд төлөвлөгөө боловсруулан дээрмийн үйлдлээ төгс сайн гүйцэтгэсэн ч эцэстээ хэрэг үйлдсэнээс ердөө 24 орчим цагийн дараа баригдсан нь энэ. Тухайн үед хэвлэлийнхэн тэднийг мөрийтэй тоглож, их хэмжээний мөнгө алдсан болохоор эцэст нь ийм үйлдэл хийсэн гэцгээж байв. Д.Б, Д.Э нар нь уг хэрэг үйлдэх үедээ ХХБ-наас гадна хоёр банк бус санхүүгийн байгууллага, нэг иргэнийг хохироосон бөгөөд үнийн дүн ойролцоогоор хагас тэрбум төгрөг байсан гэдэг. Ямартаа ч 23-31 настай залуус  шунал, хялбар аргаар мөнгө олох гэсэн ад мөрийн хүсэлд автаж уг хэргийг үйлдэж, эцэст нь торны цаана суужээ. Цагдаагийн ажилтнууд, туршлагатай мөрдөгчид уг хэргийг асар богино хугацаанд илрүүлсэн бөгөөд банкны салбарт том сургамж болон үлдсэн юм.


Өнжөөд баригдсан хагас тэрбумын дээрэм
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ