Эв, гаваа гайхуулсаар ирсэн эрх баригч нам эндээс анх цуурч эхэлсэн юм. Ил байгаад баригдсан нь ногоон автобус болохоос энэ байтугай хулгай, дээрмийг МАН-ын томчууд хийж ирсэн. Цаашдаа ч хийнэ. Бид яах вэ, нэг нь бичээд нөгөө нь уншаад л сууж байх заяа төөрөгт төрсөн юм байлгүй дээ...
“Хулхи ногоон”-оос ч өмнө буюу үлгэр эхлэхийн өмнө
Хотын нийтийн тээвэр бүрэн утгаараа дампуурч, энэ салбарт парк шинэчлэл хийгдэлгүй уджээ. С.Баяр Ерөнхий сайд байхдаа цөөн тооны шинэ автобус оруулж ирж төрийн болон хувийн хэвшлийн баазуудад тараасан нь өнө эртний явдал. Солонгосдоо дор хаяж 10 жил үйлчилгээнд явсан хуучин, муу автобусаар нийслэлчүүдэд хөл залгуулна. Өнөөх нь замын голд эвдрэх, дугуй хагарах энэ тэр бол өдөр тутам. Шугамд явж байгаа автобус шатаж, түгжрэл дунд галынхан унтраах гэсээр байтал өнөөх нь юу ч үгүй үнс, утаа уугисан төмрийн сэг болох явдал сар тутам болж байв. Том хотуудын түгжрэл шийдсэн цор ганц арга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах байдаг бол манайд эсрэгээр энэ салбар элгээрээ мөлхөж байлаа. Нэг хотын дарга нь метро, дараагийнх дарга тулгуурт гүүрэн тээвэр, сүүлд сонгогдсон нь дүүжин тээвэр явуулна гэж гоё гоё зураг үзүүлээд л. Хөөрхий бидний нийслэлчүүд тэрхүү үлгэрт итгэж, үнэр танар ихтэй, хүйтэн нойтон автбусандаа “алалцаж”, чихэлдээд. Зүгээр ч үгүй бас түгжрээд л...
Улаанбаатарын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэл нэрийдлээр нийт 810 автабус авах төр засгийн шийдвэр гарлаа. 420 тэрбумаар мөнгө төсөвлөжээ. Улаанбаатарын утаа, түгжрэлийг бууруулах гэсэн үе үеийн ерөнхий сайдуудын энэ мэт шийдвэр эцэстээ хэн нэгнийг мөрдөн, шорон луу ачих эхлэл болчихдог нь сонин. Сонинсоод байх ч юу байх вэ. Их мөнгөний үнэрээр эвгүй гарууд л бохир заваанд дурлах жоом, бясаа адил тал талаас цугладаг юм уу даа.
Хуудуутай тендэр хулгайн сэдэл
Угаасаа энэ автобус авах явдал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэгдэж бүхий л үйл ажиллагааг улсын нууц гэсэн агуулгаар шууд худалдан авалт хийсэн юм билээ. Шинжээчийн дүгнэснээр бол анхнаасаа “Тэнүүн Огоо” компани авах нь ч тодорхой байв. Бусад компаниудад оролцох урилгыг цагийг нь тулгаж явуулах. Шалгуур, шаардлагаа “Тэнүүн-Огоо”д тааруулах гэх мэт түмэн арга хэрэглэсэн юм байх. Манайд болдог томоохон дүнтэй төрийн худалдан авалт, тендэр энэ загвараар хийгдэж эзэндээ очдог нь ил болчихоод байгаа. Хэчнээн автобус авах тоо нь ч тодроогүй байхад мань А.Ганхуяг мэдчихсэн төчнөөн ширхэгийг захиалаад Солонгосын компанитай гэрээ хийж, түүнийгээ сонгон шалгаруулалтын материалд хавсаргасан шиг ээ. Цайрсан хулгай шүү, бүр. Эцэст нь шалгаруулалт болдгоороо болж, Түмэн автобусны өмнө түдэлгүй хурдалдаг, мянган “машаан”-ы түрүүнд мятралгүй түрүүлдэг Төө чихийг сайтар солбилзуулсан Төгрөг нүдийг гоё тормолзуулсан А.Ганхуяг хүү шалгарав даа. Наанаа л дүрэм, журам сонгон шалгаруулалт энэ тэр болсоноос албан тасалгааны өрөөнд нэг иймэрхүү л яриа болсон байх.
-За ах. Тэр цаас маас яах вэ. Дүү нар нь янзалчихна. Нам сонгуульд ялахад мөнгө хэрэгтэй байгаа. Дарга таны данс руу мөнгийг гэрээнд заасан хугацаандаа хийчихнэ гэсэн. Та харин орсон мөнгө болгоноос 30 хувийг “кэйш”ээр нь нөгөө буудалдаа авчирна шүү. Дансаар шилжүүлж, мөр үлдээж болохгүй, “кейш”-ээр шүү. Бид намдаа бүгдийг өгнө(яг харагдаач).
-Ээ дүү нар, бас хэцүү шүү. “Евро-5” хөдөлгүүртэй, Солонгос автобус ийм хямд байхгүй...
-Боль л доо, ах. Ардын нам асаалттай танк шиг ард чинь байхад хөдөлгүүр энэ тэр гээд хөгийн юм яриад байхын. Та наадахаа аргал, бид бусдыг нь даая.
А.Ганхуяг бодно. “Энэ бацаанууд халуун хэвтэр дээрээ хэдэн халтар гарын үсэг нааш цааш болгоод 30 хувийн ашиг хийж байхад халж хөрж, хар бор ажлыг нь хийсэн би яахаараа 10-хан хувь хүртдэг юм. Өөрийнхөө хувийг ахиулна аа, цус”.
Нэг бүр нь 400 саяын үнэтэй автобус ямархуу доожоо муутай байгааг төв талбай дээрээ шүдтэй нь азаад шөвөгтэй нь хатгаж байгаад шалгасан даа. Эцэстээ хагас зууны тэртээ ашиглагдаж үеээ өнгөрөөсөн “Евро-2” хөдөлгүүртэй байж таарсан.
Хусам долоох гээд бялуу хүртсэн ХҮН
Хил гааль дээр ногоон гэрлээр нэвтэрч буй ногоон автобусыг харсан нөхөр нийгмийн сүлжээнд “шинэ гэх автобусыг нь хараач ээ” хэмээн чанга гэгч шүгэл үлээв. Хэд хэдэн “но”-той зургийг постдоо хавсаргажээ. Шинэ, хуучин эсэхийг нь шалгах ёстой, чухамхүү тэр ажлыг л хийж цалин, хангамж хүртэх учиртай гааль, хяналтын байцаагч нар нүдээ аниад хил нэвтрүүлж байгааг нь харсан тэрхүү шүгэл үлээгчид талархсу. Бидний халааснаас мөнгө аваад түүгээрээ “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй шүү” хэмээн реклам үйлдэж, бидний мөнгийг төлөн бидэнд үзүүлдэг албан хаагч гуайн үйлдлийг шүгэл үлээгч жигшжээ. Тэрхүү жигшэл нь өөрийгөө эрсдэлд оруулан ийм үйлдэл хийхэд хүргэсэн аж. Угаас тэрхүү байцаагч нарын ам, нүд, чихийг А.Ганхуяг нарын хэрэг хамууд мөнгөөр, эрх мэдлээр хаачихсан байсан тодорхой. Энэ хэрэг ингэж өндрийг аваагүй бол А.Ганхуягийн оронд мань шүгэл үлээгч наранд амьдрах уу нарсанд орох уу гэдгээ сонгох гээд хямарч байх биз.
Муу эр дайнд, мухар үхэр эрэгт гэдэг шиг ХҮН-ын Т.Доржханд тэргүүтнүүд л хэзээ хойно баахан сүгсэлзэв. Хударга төрийг цэвэрлэх шударга баатрын дүрд тоглов. Санаа нь чааваас, тогооны хусам, бялууны үртэс хүртчих гээд байгаа нь тэр. Угаасаа УИХ-ын сонгууль дөхсөнийг хэлэх үү. Сурталчилгаанд тараасан сонин бүр дээр өөрсдийгөө энэ хэргийг илрүүлсэн мөрдөн байцаагч, ялласан прокурор, гэм бурууг шүүсэн шүүгч мэт болгож дүрсэллээ. Тэд “Ногоон автобус”-ны хулгайг илчлээд УИХ дээр сонсгол зохион байгуулсан юм болж таарлаа. Эцэстээ шидийг нь ч үзлээ. Сонгогчид бид хамгийн чанга хашгарсан нэгнийг шударга гэж шүүдэг болохоор ХҮН-аа дэмжлээ. Т.Доржханд гишүүн төө биеэ найм хуваагаад төрийг, засагтай нь түшиж сууна. Энэ янзаар бидэнд ч бас бялуу долоох өдөр ирэх л байх аа.
Сайд нь сайдыгаа “матаж”, дарга нь генсэкээ “олиод”
Өдгөө талцаж суугаад өстөн болчихоод байгаа эрх баригч намын хагарал Ногоон автобусны хэргээс өмнө болсон байж мэднэ. Гэхдээ ил цухуйсан нь энэ үеэс эхлэлтэй. Төр, түмний төлөө чөмгөө дундартал зүтгэж байсан Ж.Сүхбаатарыг нэг л өдөр хүчээр сайдад томилж, эцэст нь энэ хэрэгт нэр холбож сайн нэрийг нь гутааж, сайхан нүүрийг нь түлсэн гэнэ. Шөнө нойргүй, өдөр хоолгүй зүтгэсэн тусыг усаар хариулсан юм байх. Ж.Сүхбаатар шүүх хурлын үеэр Сангийн сайд, болон Эдийн засгийн хөгжлийн сайд нарыг нэр цохон өөрт нь мэдэгдэлгүй автабус худалдан авах төсвийг тавьсан хэмээн буруутгав. Хэрэгт нэр холбогдсон улстөрчид “Тэнүүн Огоо” компани, түүний захирал А.Ганхуягтай холбоо хамааралгүй, огт таньдаггүй болохоо уралдан мэдэгдэв. Хотын дарга асан Д.Сумьяабазар харин Намын генсэк, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өрөөнд анх А.Ганхуягийг харсанаа хэлэв. Тэр ч бүү хэл төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэх нэрийдлээр “Тэнүүн Огоо” компанид санаа тавь гэж хэлж байсан хэмээн ам, шүд алдав.
Мань А.Ганхуяг харин ногоон автобусны цавчаанд хэн гэгч улстөрчөөс дэмжлэг авсанаа хэлэхгүйгээр барахгүй хамаарсан сайд, захиалсан дарга нарыг өөрийнх нь компанид таагүй, дургүй болохыг нийтэд хандсан захидлаараа баталжээ. Тэрбээр мөнгийг нь төлчихөөд байхад хуудуутай автбус нийлүүлсэн солонгосуудыг буруутгаачээ. Улстөрчид ямар хамаагүй ээ хэмээн цээжээрээ хамгаалж байна. “Дээлээ нөмрөх нь ч тодорхой, ганцаар хэргээ хүлээчихье. Эцэст нь, нар харна аа” л гэж бодож байх шиг. “Хуйх”-тай эрийн боддог л бодол. Энэ хэрэг өдгөө ч сунжирсаар буруутан этгээд тодроогүй л байна. 24 холбогдогчтой уг хэрэгт Ж.Сүхбаатар, Д.Сумьяабазар зэрэг том улстөрчид хамаагүй болох нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон гэх. Эцэст нь энэ цавчаа эхнийх нь ч биш, эцсийнх нь ч биш. Хуулиар халхалсан, улстөрчдөөр дэмжүүлсэн энэ мэт хулгай дээрэсм гарсаар л байх болно.
| Улаан намыг хагалсан ногоон “дээрэм” |
Өнжөөд баригдсан хагас тэрбумын дээрэм
2026-01-29 20:04:05
МАН-ЫН ЭКС ГИШҮҮН, ЭЛЧИН САЙД ХОЁРЫН ДҮҮ БОРДЮРЫН ТЕНДЕР ТҮҮСЭН ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ
2025-09-23 16:39:25
БОЛОВСРОЛЫН ДЭД САЙД АСАН Г.ГАНБАЯРЫГ ХУУЛИЙН ӨМНӨ ХҮРГЭХ “НАЙМАА”-НЫ ХЭРЭГ ЮУ БОЛСОН БЭ
2025-06-16 13:41:18
Чойжил=сүрэн+паран
2026-01-31 10:05:54
Өнжөөд баригдсан хагас тэрбумын дээрэм
2026-01-29 20:04:05
Улаан намыг хагалсан ногоон “дээрэм”
2026-01-27 19:33:38
Б.Мэргэн үйлчлүүлэгчээ цагаатгуулж, Ц.Дагвадорж бүх насаараа хоригдоно
2026-01-23 21:29:50
Ц.Хулангийн хэрэгт Ц.Хулан буруутай юу
2026-01-21 21:02:04
Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС”
2026-01-19 15:46:03
БАГАБАНДИЙН БАЯРМААГИЙН ГЭР БҮЛЭЭС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ
2026-01-19 13:28:14
2026-01-12 21:48:33
Хөвсгөлийг “бороожуулсан” Бэлтэс луйвар
2026-01-10 11:19:31
Монголд хулгайлагдсан турк багшийн хэрэг
2026-01-08 21:08:54
Чукотк хүрсэн Нянгар
2026-01-07 16:03:35
Манай улсын гадаад өр 40.4 тэрбум долларт хүрч, жилийн дотор 13 хувиар өсөв
2025-12-25 11:21:55
Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2025-12-24 18:28:49
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 14:25:06
COP17 Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
2025-12-18 19:00:00