Ц.Хулангийн хэрэгт Ц.Хулан буруутай юу
“Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би Цэцдийн толгойг тасдаггүй төртэй байхыг хүснэ” хэмээн шүлэглэж асан яруу найрагч Ц.Хулангийн эх орноосоо урвасан гэх хэргийн ард юу болсон бэ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч уучилж өршөөсөн үү, эсвэл ойлгож зөвшилцсөн үү. Төрийн нууцтай холбоотой учир энэ хэргийн шүүх хурал хаалттай явагдсан учир олон нийтэд ил мэдэгдээгүй. Гэвч Ц.Хулангийн өмгөөлөгчийн яриа, түүний өөрийнх нь захидлууд шүүхийн тогтоол зэргээс чухам юу болоод өнгөрсөн гэдгийг харж болно.
Халхын богдыг Монголчууд эх нутагтаа тодруулсан нь
IX Богд жанч халахын өмнө дараагийн төрөлдөө монгол хүн болж төрнө гэж гэрээсэлжээ. Монголын буддын хийдийн хамба нар ажлын хэсэг байгуулж, түүх сурвалжуудаас богд тодруулах түүхэн уламжлал, ёс жаягийг сайтар судалжээ. Тэд 10 мянга гаруй хүүхдээс цаг хугацаа, газар байршил зэргийг нь нарийн шалгуураар шүүсээр эцэст нь 11-ийг үлдээжээ. Д.Чойжамц хамбын дурссанаар тэднээс есөн хүүхдийн гэр бүлийнхэнд Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамбын гарын бэлэг түгээнэ хэмээн зар хүргэж дууджээ. Ирсэн хүмүүсийн хэнд ч хүүхдүүдийн дундаас Богдын дүр торуулах гэж байгааг хэлсэнгүй. IX Богдын өөрийнх нь эдэлж, хэрэглэж байсан шашны эд зүйл болох хонх очир, эрхи тэргүүтнийг бусад адил зүйлстэй холин байршуулжээ. Хүүхдүүдийг тухайн танхимд аль болох чөлөөтэй байлгаж, тэнд байгаа эд зүйлсээр тоглох, наадах боломж олгохоор зохион байгуулж. Хөлд орсон ч хэлд орж амжаагүй шулганасан “нөхдүүд”-ээс нэг нь IX Богдын эрхийг хүзүүндээ зүүж, хонхыг дуугаргажээ. Мөн богдтой хамгийн ойрхон байж түүнд шадарлаж байсан ламын өвөр дээр гарч, Богдын сууж байсан өндөр исэр рүү асаж, авирч дээр нь гарч суужээ. Танхимд байсан хамба, мяндагтан, шашны зүтгэлтэн нарт хүүгийн энэ үйлдэл жир биш санагдсан бөгөөд бусад шалгуурт тэнцсэн хүүхдүүдээс иймэрхүү үйлдэл огт гараагүй аж. Өөрийн эд зүйлсийг таньж байгаа эсэхийг шалгах нь Буддын шашны хутагт, хувилгаадын дараагийн төрлийг тодруулахад өнө эртнээс уламжлагдан ирсэн үйлийн нэг хэсэг юм. Эцэст нь Х богдын дүрийг тодруулах сорил байсныг эцэг эхчүүдэд хэлж. Гэр бүлийнхэн нь тулгамдаж, хүүгээ богдод тодруулах эсэх дээр эргэлзсэний эцэст зөвшөөрчээ.
Ерөнхийлөгчийн зөвлөхийн Далай ламд бичсэн захидал
Монголчуудын дунд “Туул голын эхэн дээр Тугдмайн Өргөө барина даа Туулай жилийн эхэн дээр Тунгалаг Богдоо зална даа” хэмээн зөгнөл байдаг. Туулай жилийг хүлээсэн эсэхийг мэдэхгүй, ямартаа ч Х богд тодруулсанаа ажлын хэсгийнхэн Гандантэгчинлэн болон бусад сүм хийдийн захиргаанаас нууцалжээ. Олон нийтэд, дэлхий дахинд зарлах хараахан болоогүй байлаа. Хүү хэтэрхий балчир учир ингэж шийдсэн байж магадгүй. Тухайн үед хэвлэлийнхэн болон урт чихтэй зарим нэгний дунд тухайн үеийн УИХ-ын дарга асан М.Энхболд өөрийнхөө ураг удмаас Богдыг тодруулж байгаа гэх мэдээлэл ч гарч байв. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хуланд дээр өгүүлсэн бүх мэдээлэл байв. Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагын үеэр утаснаас зураг үзүүлж, “...энэ хүүг богдоор тодруулчихаад нууцалж байгаа” хэмээн ярьжээ. Тэр Х Богд тодруулах үйл явцыг хойшлуулах, тодорсон хүүг болиулах, ар гэрийнхнийг нь гутаах шившиглэх ажлыг санаатайгаар хийж ирсэн нь олон үйл явдлаас нь харагддаг. Хожим Ц.Хулангийн XIV далай ламд бичсэн захидал ил болсон юм. Тэрхүү захианд “Тодорсон гэгдэж байгаа, эдүгээ АНУ-д аж төрж буй бяцхан хүү бол Монголын улс төрийн амьдралд хэт орооцолдсон удмын хүү бөгөөд үүнд олон түмэн таатай хүлээж авахгүй байгааг дуулгая. Ялангуяа түүний эмээ, УИХ-ын гишүүн нэгэн бээр олон жил уул уурхайн, алтны бизнес эрхэлж байгаль экологийг сүйтгэсэн явдал нь тэдний гэр бүл, нэр хүндээ алдах шалтгаан болсон нь тун харамсалтай..” гээд “...Олон улсын харилцааны түвшинд болон дотооддоо маргаан үүсгэсэн тул асуудлыг ойрын хугацаанд яаравчлан шийдвэрлэж болохгүй юм...” хэмээн анхааруулжээ. Хожим Ц.Хулан 2023 онд 461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа олон нийтэд хандаж “Далай ламд бичсэн захидалдаа Монголд Богд тодруулахыг ганц ч үгээр эсэргүүцээгүй ээ. Гэхдээ эгэл даруу, эрдэмтэн мэргэд, энгийн ард олны дундаас тодруулбал олон түмний санаа бодолд илүү нийцнэ гэдгийг зориуд бичсэн билээ. Хэнд ч захидал бичиж болох шүү дээ. Энэ бүхэнд болохгүй юу байна?! Үүнээс болоод хэнд ямар хор хохирол учирсан хэрэг вэ?” хэмээн асуужээ. Ц.Хулан далай ламд захидал бичих эсэх, захидлын агуулгыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвлөсөн эсэх нь тодорхойгүй. Гэвч тэрхүү захидалдаа хэд хэдэн удаа төрийн тэргүүний нэрийг барьжээ. Бүр Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс бичиж буй мэт сэтгэгдэл үлдээх гэсэн нь илт мэдэгддэг. Захидлын эхэнд “...Богд лам Жавзандамба хутагтын X дүрийн асуудал нэн тулгамдаж буй, яаравчлан зарлаж болохгүй энэ асуудлыг Монгол Улсын төр засаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй юм” хэмээжээ. Харин төгсгөл хэсэгт “...Дээдэс таны тодруулсан дүрийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах ёстой байдаг бошиг замналыг танд дурдах нь илүүц биз ээ...” хэмээн анхааруулжээ. Энэ нь та тодруулсан ч Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөхгүй шүү гэж уншигдаж байгаа биз. Захидлын эцэст Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны асуудал хариуцсан зөвлөх Ц.Хулан хэмээн гарын үсгээ зуржээ. Иргэн Ц.Хулан далай ламд захидал бичих эрх нь нээлттэй, тэр бүү хэл хятадын тусгай албадад захиа бичиж болно. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх хүн захидалдаа төрийн тэргүүний нэрийг оруулж, түүний өмнөөс батламжлах эрхийг сануулж болохгүй.
Хятадуудад Х богд яагаад хамаатай вэ
1950 онд Маогийн хятадууд төвдийг эзэлж, 1959 онд далай лам өөрийн дагуулуудын хамтаар Төвдөөс зугтаж, Энэтхэгийн Дарамсалад орогнолын Засгийн газраа байгуулсан. Тэр цагаас хойш Далай лам нь салан тусгаарлагчийн билэг тэмдэг болж хятадуудын хувьд хамгийн эмзэг сэдэв байсаар байна. Далай лам бээр 1996 онд шарын шашны оюун санааны хоёр дахь байр суурийг эзэлдэг Банчин ламын хойд дүрийг тодруулсан ч хятадууд зургаан настай хүүг хулгайлжээ. Тэд таван настай өөр нэгнийг XI банчин ламын дүрээр тодруулсан бөгөөд тэрхүү ламтан өдгөө Төвдөд шашны бүхий л үйл ажиллагааг төлөөлөн удирдаж буй. Далай ламын инстуцийн өөрийн банчин богдыг ил гаргахыг хятадуудаас шаардаж, тэдний тодруулсан хутагтыг хүлээн зөвшөөрсөнгүй. Буддын шашин дахь шарын буюу Гэлүгбагийн урсгалд Далай лам, Банчин богд, богд Жавзундамба нар нь харилцан бие биенээ тодруулж ирсэн түүхэн улбаатай. Насан өндөр болсон далай ламыг жанч хальсны дараа удаах дүрийг тодруулах нь хятадын Засгийн газарт чухал байгаа. XIV далай лам үүнээс болгоомжилж, эмэгтэй хүнээр дараагийн дүрээ тодруулна, амьд байх үедээ залгамжлагчаа гаргана гэх мэт олон хувилбар боловсруулсан ч эцэстээ “миний дараа далай лам гэж байхгүй” хэмээн мэдэгдээд буй. 90 нас хүрсэн далай ламд Буддын шашныг төлөөлөх дараагийн хутагт хятадаас үл хамаарч байх нь чухал. Банчин богдыг алдчихсан, өөрийнх нь дараагийн дүр хэрхэх нь тодорхойгүй энэ цагт цор ганц найдвар нь Тусгаар Монгол улсаас Жавзандамба богд тодрох явдал байсан нь дамжиггүй. Түүнд хаягласан Ц.Хулангийн Энэтхэгт бичсэн захидал энд ил болсон нь ч ийм учиртай биз.
Ц.Хулан гадны байгууллагад худалдагдсан уу
Далай ламын нөлөөний хүн Богдоор тодрох ахул түүнийг жанч хальсаны дараа Буддын шашинт улсуудын оюун санааны удирдагч болно. Дэлхийн буддистууд одоо байгаа Банчин богдод бишрэл үгүй. Хятадууд бага насны хүүг улстөрийн хоригдол болгож, хүний эрхэнд халдсан түүх нь хуучраагүй цагт тэндээс дараагийн далай ламыг тодруулсан ч зөвхөн өөрийн нутагтаа л зөвшөөрөгдөнө. Учир иймд халхын Богдыг тодруулах явцад тэд далд хэлбэрээр оролцохыг санаархаж байсан нь лавтай. Монголын бурхны шашны төв Гандантэгчинлэн хийдийн нэр хүндийг унагах, далай лам болон түүнд талтай бурхны хийдүүдийн хамба нарыг элдэв хэрэгт гүжирдэх ажлыг өмнө зүгээс санхүүждэг нэгэн лам тогтмол хийж байв. Хожим мөн л гаднын тагнуулын байгууллагатай ажилласан нь шүүхээс тогтоогдож ял авсан. Тэгвэл яруу найрагч Ц.Хулан санаатай эсвэл санаандгүй байдлаар мөн л үүнд нь татагдан оржээ. Ц.Хулан өмнөд хөршийн хэд хэдэн байгууллагатай ажил, амин хэргээр холбоотой байсан нь түүний Ерөнхийлөгчид бичсэн захидлаас харагддаг. Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар “...Тухайлбал, Ц.Хулан “Алтан загасны зэгсний ангир” номоо Өвөрмонголд гурав дахь удаагаа худам монгол бичгээр хэвлүүлсэн байна. Энэ номныхоо мөнгийг авч байсан. БНХАУ-д томилолтоор явахдаа номоо хүмүүст бэлэглэж байсан. Бас борлуулсан, борлуулалтынхаа орлогыг авсан. Энэ мөнгийг сонгуулийн үеэр орж ирсэн гэж тайлбарладаг” хэмээжээ. Тэгвэл Ц.Хулан захидалдаа “Хятадын ЭСЯ-ны ажилтны зүгээс Ц.Хуланг Элчин сайдтай ирж уулзах уулзалтад урьж, төсөл өгч хамтран ажиллах тухай санал тавьдаг ба энэ үйлдэл нь дипломат байгууллагын , хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг тул Ц.Хулан МУ-ын төрийн шагналт, гавьяат археологч Д.Цэвээндорж агсны хамт Монголын нутаг дэвсгэр дэх нангиад үсгийн дурсгал сэдэвт 68 сая төгрөгт багтах төсөл, төсөв бичиж өгсөн баримт хүсэлт бий. Гэтэл ТЕГ гүйцэтгэх ажлын хрээнд авагдсан баримтыг УИХ-д хууль ноцтой зөрчин дэлгэн үзүүлж, өөрсдийн мөрдөж буй хэргийн маш нууц зэрэглэлийг үл тоомсорлож, Ц.Хулан Хятадын ЭСЯ-наас мөнөг урамшуулал авч байгаа мэтээр харагдуулж төрийн өндөрлөгүүд, УИХ-ыг төөрөгдүүлсэн” хэмээжээ.
Ямартаа ч 300 гаруй жилийн хугацаанд гаднын улсаас тодруулсан төвд богдыг шүтэж ирсэн бид толгой мэдэн Монгол богдоо тодруулж чадсан юм. Х Богдыг тодруулж олон нийтэд зарласны дараахан ШХАБ-ын хурлын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Ши Жинпин уулзаагүй. X богдын эмээ Ц.Гарамжавыг саатуулан шалгаж, түүний үүсгэн байгуулсан “Монполимит” компанийн дансыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон нь захиалгатай байсан гэх нь ч бий. Харин Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-нд Тагнуулын байгууллагаас баривчилсан. Монгол Улсын гурван шатны шүүх түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон, хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутай гэж үзсэн юм. Мөн гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилчдаас 200, 683.390 төгрөг авсан буруутай гэж үзсэн билээ.
| Ц.Хулангийн хэрэгт Ц.Хулан буруутай юу |
Б.Мэргэн үйлчлүүлэгчээ цагаатгуулж, Ц.Дагвадорж бүх насаараа хоригдоно
2026-01-23 21:29:50
2026-01-12 21:48:33
Хөвсгөлийг “бороожуулсан” Бэлтэс луйвар
2026-01-10 11:19:31
Чойжил=сүрэн+паран
2026-01-31 10:05:54
Өнжөөд баригдсан хагас тэрбумын дээрэм
2026-01-29 20:04:05
Улаан намыг хагалсан ногоон “дээрэм”
2026-01-27 19:33:38
Б.Мэргэн үйлчлүүлэгчээ цагаатгуулж, Ц.Дагвадорж бүх насаараа хоригдоно
2026-01-23 21:29:50
Ц.Хулангийн хэрэгт Ц.Хулан буруутай юу
2026-01-21 21:02:04
Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС”
2026-01-19 15:46:03
БАГАБАНДИЙН БАЯРМААГИЙН ГЭР БҮЛЭЭС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ
2026-01-19 13:28:14
2026-01-12 21:48:33
Хөвсгөлийг “бороожуулсан” Бэлтэс луйвар
2026-01-10 11:19:31
Монголд хулгайлагдсан турк багшийн хэрэг
2026-01-08 21:08:54
Чукотк хүрсэн Нянгар
2026-01-07 16:03:35
Манай улсын гадаад өр 40.4 тэрбум долларт хүрч, жилийн дотор 13 хувиар өсөв
2025-12-25 11:21:55
Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2025-12-24 18:28:49
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 14:25:06
COP17 Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
2025-12-18 19:00:00