-Баялгийн балаг, мөнгөний хэрүүл-
Говийн нар нүүрс ачсан хүнд даацын машинуудын их тоосон дундаас торохгүй, саатахгүй мэлтийтэл мандах нь сонин. Энэ их шороон дундаас сугарсан нар нүүрс, тоосонд бартаглагдсан тас хар юм байгаа гэх бодол өөрийн эрхгүй л орж ирнэ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаар гурван өдөр зорчив. “Эхэнд нь нүүрсээ ухаж зөөнө, бусад нь дараа” гэх хандлага бүх газарт ноёлжээ. Жинлүүрийн нэг туухай дээр хүний эрүүл мэнд амь нас, хүн чанар, хууль, шударга ёс, байгаль орчин, мал амьтан байх ч энэ бүхнийг нүүрс гэх ганц туухай өндийхгүй болтол даржээ. Уул уурхайн компани бүрийн амны уншлага “нийгмийн хариуцлага”, төрийн түшээдийн хэлэх дуртай “хуулийн засаглал”, эх орончид, иргэний хөдөлгөөнийнхний уриа болгодог “байгаль хамгаалал” зэрэг гоё үг, үзэл санаа нүүрсний сүүдэрт халтайжээ. Өнгө ороод, гэрэлд гартал ч өнөд удахаар байна даа.
Цадаж, ханахыг мэдэхгүй бирдийн шуналтай, цавчих хулгайлахаас өөрийг бодохгүй цөөвөрийн сэтгэхүйтэй түшмэлүүд энэ сумыг нүүрс бас мөнгө хэмээн харж, газар нутгийг нь бүхэлд нь уул уурхайн компаниудад өгч байсан. Хөрөнгө бэл ихтэй, танил тал сайтай гадна, дотнын хүмүүс цаасан дээр жалга судаг, уулс толгодтой нь, говийн баянбүрдүүдийг ч өөрийн болгоод цүнхэндээ багтаасан байв. Харалган түшмэлүүд сумын төвийнх нь газрыг хүртэл лиценз нэртэй алга дарам цаас болгосон талаар хэвлэлээр шуугиж байлаа. Хайгуул, олборлолтын талбайн хил заагаас ядахнаа л энэ хэсэгхэн газрыг гаргалгүйгээр олгосон Ашигт малтмалын газрын нүдэн балай, чихэн дүлий түшмэлүүдийн балаг хэзээ хойно ч дуусаагүй талаар удахгүй өгүүлье.
Өмнөговь аймгийн Гурвантэс сум, аймагтай төдийгүй Монгол улсад газар нутгийн хэмжээгээр томд орно. Орхон, Дархан-уул, Говь-сүмбэр аймаг дээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг нэмээд ч энэ сумын талд хүрэхгүй. Армени, Албани зэрэг улстай дүйх хэмжээний газар нутагтай. Тус сумд орших Алтан уул, Нэмэгтээс палеонтологийн шинжлэх ухаанд эргэлт болсон олдворууд олдсон. Тост, Тосонбумбын нуруунд дэлхийд нэн ховор ирвэс амьдарна. Уулсын эзэн цоохор Нэмэгтийн уул руу зорчиж, эзэмшил нутгаа эргэнэ. Цагаан зээр, хар сүүлт, хулангийн өлгийд хавтгай бэлчдэг гэнэ. Хармагт согтсон мазайлай ч үе үе зочилдог гэх. Хүргэр, Хүрэн ханын өндөр уулсад нь аргаль, янгир дүүлнэ. Энэ нутагт хамгийн сайн чанарын нүүрс, давсны ордууд бий. Мана, гартаам чулуу ихээр олддог. Хятадууд чамгүй үнээр авдаг улаан чулууны баялаг ордтой, түүнийг олборлодог уурхай хүртэл байна. Алт, төмрийн хүдэр, байгалийн хийн асар том нөөцтэй. Зөвхөн Гурвантэс сум Монгол улсын нүүрсний экспортын 18-20 хувийг гаргах бөгөөд, уурхайн ид ачааллын үед Шивээхүрэнгийн боомт хүрсэн уурхайн зам дахь машины цуваагаар тасардаггүй гэнэ. 3500-4000 машин нэг цуваанд явдаг гэхээр санаанд үл багтана. Биднийг явах үеэр боомт хүртэлх замд хоёр км орчим газар ачааны машин дугаарласан байсан нь урт гэгчийн вагон шиг харагдана.
Яндаж баршгүй далай мэт яасан баян нутаг вэ гэх дууны мөр энд биеллээ олсон ч том газар нутагтайн зовлон, баялаг ихтэйн балаг, мөнгө зоосны сүүдэр говь нутагт унажээ. Улаанбаатараас 900 км алслагдсан ч олз хайсан гадна, дотныхон тасарна гэж үгүй. Алтны нинжа нар нэг хэсэг зовоожээ. Удаад нь улаан чулуу түүж, урагш гаргах гэсэн нөхөд үүрлэж, үлэг гүрвэлийн яс, өндөг, чулуужсан яст мэлхий түүсэн доншуурууд цував. Өнө эртний булш бунхан тоногчид ч орж гарав. Өдгөө нүүрс дагасан балаг нүүрлэжээ. Олз хайсан компани, хүмүүсийн үлдээсэн мөр говийн хөрсөнд асар том хар нүх, шороон овоолго, отвол шороо тоосноос бүтсэн түйрэн болон үлджээ.
БНХАУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Эс Жи Эс” (Southgobi sands) компани уурхайн ойролцоо хоёр ч цэвэрлэх байгууламж барьсан ч хүчин чадал нь багаджээ. Бохир ус, ялгадасаа шууд байгальд хаяж байх юм. Судаг дагасан бохир ус өмхий, самхай ханхлуулан говийн зэрэглээг орлон алс тэртээд мяралзана. Хаа хүрч дуусахыг тус компанийн байгаль орчны байцаагч ч мэдэхгүй байх. “МАК” компанид шороон овоолго (отвол) хийх газар олдохгүй байсан юм болов уу. Ойр орчмын компаниуд нүүрсээ зөөдөг хатуу хучилттай зам дээр шинээр овоолжээ. Үүнээс нь болоод нүүрс тээврийн жолооч нар тойруу, шороон замаар зорчдог болж. Эрсдэл нэмэгдэж, зам уртасчээ. Тэртээх 1990-ээд онд холын Америкийн зарим мужид хуурай газар дээр казино байгуулахыг хориглоход овжин бизнесмэнүүд “Ус бол газар биш' хэмээн хөлөг онгоц дээр тоглоомын газар ажиллуулан хууль, татвараас зугатсан түүх бий. Гэтэл энүүхэн Гурвантэсийн тоос дунд ийм нэгэн “арал” байна. Тэнд хэдэн арван метрийн өндөртэй овоолго буюу "отвол" дээр ажилчдын кемп, контор, засварын төвөө байгуулжээ. Тогтворгүй, нурах эрсдэлтэй, тоос шороотой овоолго дээр кемп барьсан шалтгаан нь мөн адил хууль, татвараас зугатах санаа байхыг үгүйсгэх арга алга. Энэхүү кемп газар дээр байвал сумаас зохих зөвшөөрлийг авч газрын төлбөр төлөх учиртай. Харин овоолго бол үйлдвэрлэлийн технологийн талбай учир давхардуулж газрын төлбөр өгөхгүй нь тодорхой. Суурь цутгасан барилга бүртээ уурхайнууд үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөг бол овоолсон шороон дээр "түр" байрлуулсан чингэлэг, угсармал байшингууд хэрхэх вэ. Уурхай хаагдахад кемп ашигласан нөхөн сэргээлтийн зардал лав гарахгүй. Ер нь тэнд хүмүүс ажиллаж, амьдрах нь зөв үү. Эрхзүйн орчин бий юу.
Нүүрс тээврийн замын тоосжилттой ярих ч юм биш. Энд эрсдэлгүй орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар дурсах ч хэрэггүй. Тийм юм ярих ахул элэглэл, доромжлол болно, элий балайд тооцогдоно. Аз одондоо найдах, алтан шар замаа ерөөх хоёрхон сонголт бий. “Үхэлд дасна гэдэг дайн, байлдааны үед л байдаг байх. Энд удвал дасаж мэдэхээр байна. Танихгүй жолооч осолдсон бол “муу юм холуур” гэээд л өнгөрдөг болсон” гэх нэгэн жолоочийн үг гол зурсан. Орон нутгийн замд осол, аваар хамгийн их гардаг байршлуудыг Тээврийн цагдаагийн алба болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинжээчид "Хар цэг" хэмээн тодорхойлдог. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн шороон болон хатуу хучилттай замын уулзвар, тоосжилт ихтэй хэсгүүд энд тэмдэглэгдсэн байдаг. Өмнөговь аймгийн хэмжээнд гарч буй нийт зам тээврийн ослын 30-40 орчим хувь нь нүүрс тээврийн замд, тэр дундаа Шивээхүрэн болон Гашуунсухайтын чиглэлд гардаг гэж Тээврийн цагдаагийн газрын статистик мэдээлэлд байна. Тэрхүү мэдээлэлд бичсэнээр жилд 40-50 хүн энэ зам дээр нас бардаг гэжээ. Тэнд тээвэр хийж буй жолооч нар үүнээс хамаагүй олон хэмээсэн. Уурхайн болон тээвэрлэгч компаниуд осолдсон, эрүүл мэндээ алдсан хохирогч нарын ар гэрийнхэнтэй тохирч уг хэргийг нуун дарагдуулдаг гэцгээж байна. Биднийг очихоос нэг өдрийн өмнө осол гарч хүн нас баржээ. Нүдээр харсан гэрчийн хувьд тээврийн жолооч нарын хэлж буй нь үнэмшилтэй санагдсан. Чи нүүрсний замын цуваанд орсон бол зогсолтгүй явна. Шороон зам дээр өөдөөс чинь машин зөрөх бүрт тоос татуулж харанхуйлна. Урд улаан тоосноос өөр юу ч байхгүй. Үзэгдэх орчин хэчнээн муу байсан ч зогсох, замаас гарах хориотой. Тэгэх л юм бол осол гарна. Нэг бол өөрөө эс бөгөөс бусдыг хохирооно. Нүүрсний орлогоор амьдардаг, нүүрсээ ихээр гаргах ганц зорилготой. Нүүрс гарвал байвал эдийн засаг нь өндийдөг энэ улсад түүнийгээ л тээвэрлэж гаргаж байвал ямар аргаар, хэр их золиос гарч, хэчнээн хүн үхэж, үрэгдэх нь түй ч хамаагүй юм байна.
Гурвантэс сумын Урт багийн малчин Д.Нандинцэцэгийнх малын бэлчээргүй болжээ. Ганц тэднийх ч биш энэ сумын таван багийн хоёрынх талбай бүхэлдээ уул уурхайн нөлөөллийн бүсэд орсон аж. Амьжиргааны эх үүсвэрээсээ салсан Д.Нандинцэцэг бүсгүй эцэст нь ачаа тээврийн жолооч болжээ. 180 гаруй тонн жинтэй хүнд даацын машиныг тэр түүртэлгүй барина. Машиныхаа жижиг засвар, үйлчилгээг өөрөө хийнэ. Тэр хөдөлмөрлөж, зүтгэж байж төрсөн нутгийнхаа баялгийн өгөөжөөс шууд хүртэж буй цөөхөн хүний нэг. Өрх толгойлсон түүнд үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулах үүнээс илүү ажил одоохондоо алга. Долоо хоногт ганцхан өдөр амрах ч тэр өдөртөө машин техникийн эвдрэл, гэмтлээ зассаар гэртээ харьж амжихгүй. Гэвч тэр төрсөн нутгаа ухуулж байгаагийнхаа хувьд, шазуур зуун эр хүний ажлыг хийж байгаадаа ч тэрүү, шаардах зүйлээ хэнээс ч эмээлгүй хэлнэ. МАК компани Шивээхүрэнгийн боомтын ойролцоох Моринзагт жолооч нарт зориулсан амралтын цэг тохижуулах шийдвэр гаргажээ. Ингэхдээ хилээр гаргаж буй нүүрснийхээ тонн тутмаас 2 юань авахаар шийдвэрлэжээ. МАК компани энэ мөнгийг тээврийн компаниас, тээврийн компани нь жолоочоос татна. Гурвантэсийн нүүрсийг арав илүү жил зөөсөн МАК компанид жолооч нар буудаллах, амрах усанд ороод сэргэх сэндвичэн байшин барих мөнгө байгаагүй гэвэл түүн шиг худал үгүй. Гэтэл амь нас, эрүүл мэндээ эрсдүүлэн орлогыг нь бүрдүүлж өгдөг тээврийн жолооч нараас мөнгө татаж байгаад Д.Нандинцэцэг бухимджээ. Өөрсдөө санаачлаад хийж болдоггүй юм гэхэд хил гараад бэлэн байгаа хятад жолооч нарын амралтын цэгийг дуурайлгаад ч болтугай хийчихэж чадалгүй энэ олон жилийг үдсэн нүүрсний уурхай, тээвэрлэгч компани, төрийн байгууллагыг гайхмаар. Д.Нандинцэцэг нийгмийн сүлжээнд байх жолооч нарын группд энэ талаар пост оруулсаар байгаа. Тэр өмнө нь “Эс Жи Эс” (Southgobi sands) компанид ажиллаж байхдаа мөн л иймэрхүү маягаар хэл ам таталж ажлаас халагдсан “нөхөр”. Уурхайн замын аюулгүй байдлын талаар гомдол гаргаж, замаа услах, хог хаягдлаа цэвэрлэж байхыг компанийн зарим удирдлагуудад шахах, сануулахын завсраар хэлжээ. “Эс Жи Эс” компани Д.Нандинцэцэгийн гэрээтэй ажилладаг тээврийн компанид нэг бол тээврийн гэрээгээ цуцлах эс бол Д.Нандинцэцэгийг халж явуулахыг сануулжээ. Ийм маягаар хүчтэй нь хүчгүйгээ, ажил олгогч нь ажилтнаа дээрэлхэх, дарамтлах явдал Гурвантэсд хангалттай их юм билээ.
Гэрийн нохойн сүүл өөдөө байдаг ч энэ мэт уул уурхайн том компаниудын өмнө Гурвантэс сумын орон нутгийн удирдлагуудын хувьд “хулхи” нь буужээ. Дээр өгүүлсэн замбараагүй олгогдсон лицензийг цэгцлэх, Тост Тосонбумын нурууны тусгай хамгаалалтын бүсэд байх уул уурхайн компанийг гаргах зэрэгт өгөх нөхөн төлбөрт дааж, давшгүй өрөнд орсноо нутгийн удирдлага халаглан ярьж байна. Хожим тусгай хамгаалалттай болсон газар нутагт үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий улстөрчтэй холбогддог компани нүүрс олборлож байсан газраа шууд хаяад явжээ. Нөхөн сэргээлт хийгээгүй учир асар том ухсан нүх үлдэж. Өөр нэг компани нөхөн төлбөрт 400 сая илүү төгрөгийг нэхэж шүүхээр айлгаж байгаа юм байх. Манайд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нэгэнт олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах аваас эзэмшигч компанид дүйцүүлэн өөр газарт орд газар өгөх эс бөгөөс нөхөн төлбөр төлөх учиртай. Тухайн компани ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулсан бол түүнийгээ Ашигт малтмалын газраар нотлуулан нөхөн төлбөр авах журамтай. Дэлхийн аль ч улсад хувийн өмч, гаднын хөрөнгө оруулалтыг хамгаалах үүднээс энэ мэт зохицуулалт хийдэг ч манайх шиг авилгажсан улсад тусгай зөвшөөрөл олгодог этгээд тухайн бүс нутагт ажил үйлдвэрлэл явуулсныг нь нотолж эрх эдэлдэг нь ашиг сонирхолын асар их зөрчил агуулах юм билээ. Хайгуулын компани авилгач түшмэлтэй тохироод дөрвөн цооног ухсан ажлаа наймыг ухсан болгоод цаасан дээр мэдүүлэхэд л авах ёстой нөхөн олговороо үржүүлээд авна. Олны нүдэнд ил харагдахгүй энэ мэт хулгай, дээрэм энд тэнд сонсогдох юм.
Говийн нар гурван өдрийн турш бидний дагав. Сэтгүүлч миний бие 10 жилийн өмнө Өмнөгөвь аймгийн Гурвантэс сум дахь Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад өөрийн хувь нэмрийг бага ч гэсэн оруулсан. Хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас Тост, Тосонбумын нурууг хамгаалах шийдвэр гаргахад нь “Говийн нар инээж байгаа” хэмээн хөөрөн бичиж байлаа. Гурвантэс сумаас баруун хойно байрлах Тост, Тосонбумбын хавиар явлаа. Алтайн нурууны зүүн үзүүр болдог энэ газар уулс тайвнаар дүнхийж, амар амгалан ноёлно. Амьтны яс сэгэн дээрээс ёл шувуу аварга том далавчаа дэвэн ниссэн ч тэрүүхэн тэнд суугаад холдохыг минь хүлээн залхуутай гэгч нь харна. Тоорой, загийн төгөл ногоорч амжаагүй ч тэрүүхэндээ үзэмж нэмнэ. Алсын зэрэглээ урин дуудах мэт мяралзаж, тэмээн сүрэг хаа нэг тонголзонгоо алсыг ширтэнэ. Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны учир битүүлэг үхэл олны анхаарлыг татаж, энэ нутгийг мэдэхгүй, хараагүй олон мянган монголчуудын халуун дэмжлэг, шахалтаар Монголын төр говийн энэ хэсэгхэн газрыг тусгай хамгаалалтад авсан. Гэвч Тостын малчдыг цочоож, энд амьдардаг зэрлэг амьтдыг түгшээх шинэ сорил гарч иржээ. Баянхонгорын Шинэжинст суманд байх Хотгорын нүүрсийг Шивээхүрэнгийн боомт хүрэх зам тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрөх юм байна. “Мордохын хазгай” гэгчээр захирал удирдлагууд нь шүүхдэлцэж, хөрөнгө оруулалтаа татахдаа луйвар хийсэн нь шүүхээр нотлогдсон “Gobi coal and energy” гэх компани нэрээ сольж, зүсээ хувиргаад нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Секэр ресорсус” ХХК нэрээр Шинэжинст суманд уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Замын далан барьж эхлэхдээ л гурван хүний аминд хүрсэн энэхүү бүтээн байгуулалтын талаар дараагийн нийтлэлдээ өгүүлсү.
| Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1 |
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:55:01
Тамсаг дахь хэт экстрим тэмцэл ба Алтанширээгийн сорилт
2026-08-20 13:42:41
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:55:01
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:54:59
Тамсаг дахь хэт экстрим тэмцэл ба Алтанширээгийн сорилт
2026-08-20 13:42:41
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17