Шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзий Шатар Монголд үүссэн гэдгийг баталчих юмсан...


“Оюун ухааны музей” бол Монголд зочлохоор гадаадынхны нүдийг орой дээр нь гаргаж, Монгол оюун ухааны бахархал, чадварыг харуулж чаддаг цөөн тооны нэг аргагүй юм. Энэ музейг үзэж өгсөн хүн бүр Монголчуудын сэтгэлгээний энэхүү онцлог тоглоомд алмайрч биширдэг билээ. Шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийтэй ярилцаж байна.
- Танайд ирээд л оньсон тоглоомын тухай өөрийн эрхгүй асуумаар санагддаг юм. Та оньсой хэзээ анх сонирхсон бэ?
-Би тэр үед 11 настай байж. Ээжийнхээ авдарнаасаа 4 ширхэг тоглоом гаргаж ирээд аав хараад “Ухаантны тоглоом доо” гэж хэлж байсныг мартдаггүй юм. Тэр оньсыг би сар хоногийн дотор эвлүүлсэн. Манайхаар орж ирсэн хүн бүр миний ухаантныг гайхаад л. Би тэгэхэд урам авсан уу яасан тэр оньсоо 6 болгож зохион бүтээсэн юм. Нэг л мэдэхэд олон оньсон тоглоомтой болчихсон байсан. /инээв/
- Хүүхдүүд л тоглодог гэсэн ойлголт манайханд байдаг. Энэ талаар..?
-Их буруу ойлголт л доо. Тоглоом гэж маань юуны өмнө шинжлэх ухаан байдаг. Мөн ард түмний соёл иргэншил, уламжлалт бүтээл, албадлагын бус сургалт хүмүүжлийн хэрэгсэл шүү дээ. Ялангуяа оньсон тоглоом хүний сэтгэлгээг задалж, оюуныг хөгжүүлдэг. Өнгөрсөн зун олон улсын үзэсгэлэнд оролцож байхад орны хөгжүүлэлт тоглоом их сонирхож юм аа даа. Зөнөгөхгүйн тулд тэр. Энэ утгаараа тоглоом бол хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэхүйг зөнөгөхөөс авардаг.
- Биднийг тоглоом наадмын ийм агуу түүхтэй дэлхий хэр мэддэг вэ?
-Тун бага мэддэг байсан. Анх 1989 онд л хэдэн тоглоомоо аваад Пхеньян, болсон оюутан залуусын наадамд оролцсон. Дараа нь 1990 оны 12-р сард Лондонд болсон Дэлхийн тоглоомын үзэсгэлэнд оролцсон. Тэндээс гадныхан тоглоомыг их сонирхож байгааг мэдээд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойгоор энэ музейг анх байгуулсан юм. Өнөөдрийг хүртэл 200 мянга орчим тоглоом хийж хүмүүст хүргээд байна. Үүний 40 хувь нь гадныхан байгаа.
- Оньслох ухаан гэж агуу зүйл байх даа..?
-Оньсон тоглоомыг бүтээхдээ хамаарах энгийн болон сонгодог гэж ангилдаг юм. Дүрстэй, өгүүлэмжтэй оньсыг сонгодог гэнэ. Гадаадынхан тоглоом хийхдээ геометрийн хэдэн дүрсээс цааш хальдаггүй учраас монголчуудын оньслох аргыг их сонирхож байгаа юм. Жишээ нь, олон улсын наадам, үзэсгэлэнд оролцож байх үеэр оньсоор хийсэн яст мэлхийг тодорхой хугацаанд задалж, эвлүүлсэн хүнд өндөр хэмжээний бооцоо өгье гэхэд өөр хэн ч мөрийгөө авсан хүн гараагүй л байна. Тийм болохоор оюуны энэ их ур, ухаан, өвийг харгалзаж үлдсэн монголчуудаараа бахархдаг юм.
- Монголчуудын математик сэтгэлгээ агуу гэж ярьдаг. Хэр үнэн юм бол?
-Оргүй ч яриа биш. Тоглоомтой холбож тайлбарламаар байна л даа. Оньсоор тоглоход зөвхөн математик сэтгэлгээ ч бус техник болон философи их сайн хөгждөг. Жишээ нь, нь сандал хэдэн хөлтэй гэх асуухад бүгд л “Дөрөв” гэж хариулдаг. Энэ бол хэвшмэл сэтгэлгээний нэг жишээ. Нэг загвар баригдсан, хэвшмэл сэтгэлгээтэй хүнээс амжилт гарахгүй, хөгжихгүй шүү дээ. Тэгэхээр хүн нь сэтгэж чадахгүй бол улс орны хөгжил бас удааширна гэсэн үг юм.
- Соёл иргэншлийн ийм агуу түүхтэй атлаа манай улсын хөгжил яагаад үсрэнгүй биш байна вэ? Та санаагаа хуваалцахгүй юу?
-Ардын хувьсгал буюу 1921 он хүртэл монголчууд тоглох уламжлалаасаа хөндийрөөгүй байсан. Түүнээс хойш 80-аад жил боловсон хүчнээ сонгож авахдаа сургууль тэдэнд зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжил олгодог. Энэ гурав бол оюун ухааны хөгжил биш шүү дээ. Гэтэл тэд төгсөөд ихэнх нь ажилгүй. Яагаад вэ? Учир нь тэр эзэмшсэн зүйлээ амьдралд бүтээлчээр хэрэглэх чадвар байхгүй учраас тэр. Ийм чадвартай болохын тулд сэтгэлгээ сонголт тоглоом сонирх гэж хэлэх байна даа. Би Грекийн агуу сэтгэгч Демократын “Их юм мэдэх нь гол биш. Оюун ухаанаа хөгжүүлэх нь чухал” гэдэг үгийг хэлэх дуртай. Оюун ухааны хөгжлийн баталгаа нь хүний туурвисан бүтээл, амьдрах чадвараар илэрхий байдаг.
-- Туршлагатай байна гэдэг муу зүйл биш шүү дээ..?
-Сайн зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ туршлагадаа хэт дулдуйдвал хоцрогдоно. Өөрөөр хэлбэл туршлага гэж маань тэр олон жил нэг юмыг давтаад хийгээд байсан гэсэн үг. Нэг юмыг давтаад байвал өөрийг хийж, өөрөөр сэтгэж чадахаа больдог. Нэг л ажлаа, нэг л аргаар хийхэд байвал хүн ч, байгууллага ч, улс ч хөгжихгүй. Би хүнийг хөгжлийг тоглоомтой холбож тайлбарлахдаа их дуртай. Тоглодог хүмүүс үргэлж инээмсэглэж явдаг, найз нөхдийн хүрээлэл ч сайтай байдаг. Тоглоом бол хүч чадал төдийгүй, оюун ухааны өрсөлдөөн юм. Залхуу хүн тоглодоггүй. Тийм учраас хөгждөггүй.
- Хүн болгон философич гэж ярьдаг. Үүнийгээ тодотгож тайлбарлахгүй юу?
-Шинжлэх ухаан гэдэг бол хүнд зүйл биш. Таны үзэл бодол, түүнийгээ хамгаалах чадвар тань л философи юм. Жишээ нь, би нэг тоглоомыг оньсоор хийхдээ туулай баавгайн дүрсэнд оруулсан юм л даа. Чоноор ч юм уу өөр амьтнаар хийж болох л байсан. Хүүхдүүд тэр пандагаар тоглоно. Тоглох тусам тэр амьтны талаар сайн мэддэг болно. Том болоод пандаг хайрладаг, устгах сэтгэл төрөхгүй болно. Жирийн нэг тоглоомын философи энэ юм.
- Таны сүүлд хийж байгаа урлалыг сонирхож болох уу?
-Шагайгаар шатар хийж байгаа. Мэдээж шагайнууд оньсон аргаар хийгдсэн.


- Шатар гэснээс танд янз бүрийн шатар их байдаг. Сонирхуулах зүйл  их байгаа даа?
-Тийм шүү. Янз бүрийн үзэсгэлэнд оролцож дэлхийн олон орны аялан, Европ шатрыг том хэмжээтэй хийсэн байхыг үгүйсгэхгүй.
- Шатарыг Монголоос гаралтай гэж ярьдаг ч баталж, нотолсон зүйл өнөөдөр дуулаагүй байгаа..?
-Дэлхийн эрдэмтэд шатрын гарал, үүслийн тал дээр хоёр л хуваагддаг. Шатар бол Энэтхэг эсвэл Монголоос үүдэлтэй гэж. Олон улсын сэтгүүлч Ч.Эрдэнэ гуайн “Их өөрчлөлт” гэдэг номонд энэ тухай сонирхолтой өгүүлсэн байдаг. Миний зорьж яваа хүсэл маань оньсон тоглоомын ач холбогдлыг таниулахаас илүү шатар гэдгийг оюуны тоглоом Монголд үүссэн гэдгийг батлах явдал.
- Ингэж баталснаар ямар сайн тал бий болох вэ?
-Дэлхий дахинд монголчуудыг нэгэн үе ядуу буурай орон гэж ойлгодог байсан. Одоо энэ ойлголт багассан юм байхгүй шүү дээ. Ядуу монгол, буурай монгол, согтуу монгол, үхэр монгол… энэ үг, имижийг өөрчлөх юмсан. Шатар гэдэгээр оюуны тоглоомыг аль эрт бий болгосон, ухаант ард түмэн шүү гэсэн бодит үнэлэмж хүргэх юмсан. Тэгвэл дэлхий шал өөр нүдээр Монголыг харна. Сайн тал гэвэл энэ л байна даа.
- Залхуурал газар аваад байна даа. Нэг л их бэлэнчлэх сэтгэлгээтээ хүмүүс. Та үүнд хэр эмзэглэдэг вэ?
-Би бүр энэ жилийг “Залхууралтай тэмцэх жил” болгон зарлаад байгаа. Залуу хүн тоглодоггүй, тэр хэрээрээ хөгждөггүй гэж би хэлсэн шүү дээ. Монголчуудын амьдарч асан нүүдлийн соёл иргэншил маань цаг тутамд шийдвэр гаргадгаараа онцлогтой. Гэр нь хүртэл оньсон зохион байгуулалттай. Тийм учраас задгай сэтгэлгээтэй, залхуу биш байсан. Гэтэл өнөөдрийн хүүхдүүд юугаар тоглож байгаа билээ.  Дунд сургуульд, дээд сургуульд хичээлээ ямар аргаар заалгаж байгаа билээ.  Дадлага давамгайлсан сургалт огт алга байна шүү дээ. Тэгэхээр тэд залхуурахаас өөр аргагүй.
- Сургалт гэснээс танай музейг сонирхож байгаа, тоглоомд шимтэж байгаа хүмүүсийг насны ангиллаар нь судалсан зүйл танд бий юу?
-Ер нь оюуныг дээдэлдэг тийм хүмүүс их ирдэг юм даа. Сүүлийн үед Дархан, Эрдэнэт, Шарын гол, Төв аймаг гэх багш нар хүүхдүүдтэйгээ ирж үзэж байгаа. Би тэдэнд их баярлаж, бас тэднээр бахархаж байна.
- Их, дээд сургуулийн оюутнууд хэр сонирхох вэ?
-Ирэлгүй яахав. Манай монголын их дээд сургууль тэдэнд зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжил олгодог. Энэ гурав бол оюун ухааны хөгжил биш шүү дээ. Гэтэл тэд төгсөөд ихэнх нь ажилгүй. Яагаад вэ? Учир нь тэр эзэмшсэн зүйлээ амьдралд бүтээлчээр хэрэглэх чадвар байхгүй учраас тэр. Ийм чадвартай болохын тулд сэтгэлгээ сонголт тоглоом сонирх гэж хэлэх байна даа. Би Грекийн агуу сэтгэгч Демократын “Их юм мэдэх нь гол биш. Оюун ухаанаа хөгжүүлэх нь чухал” гэдэг үгийг хэлэх дуртай. Оюун ухааны хөгжлийн баталгаа нь хүний туурвисан бүтээл, амьдрах чадвараар илэрхий байдаг.
- Та хамгийн сонирхолтой үзмэрүүдээсээ нэрлэх үү?
-Монгол барилгын оньсон хэлхээг билэгдсэн 303 хэсгээр салдаг модон биет есөн давхар барилга, алт, мөнгө, шүрэн шатар, олон үндэстэн ястны 10 мянга гаруй хүүхэлдэй гэж тоочоод байвал их бий. Хамгийн сүүлд гэхэд л МЭӨ 800-1200 жилийн өмнөх булшнаас олдсон хоёр хүүхэлдэй Перу улсаас албан ёсоор ирүүлсэн байгаа.
- Үзэсгэлэнгээ гаргах үеэр сэтгэлд үлдэх дурсалтай мөн олон тохиолдох байсан биз?
-Тэгэлгүй яахав. Германы Хамбургт 1994 онд үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Сүүлийн өдөр нь тэр улсын эрдэмтэн ирж үзсэн л дээ. Нэлээд удаан сонирхож, их гайхсан. Зарим нь үнэнээсээ тэгдэг юм уу, тоглоом шоглоом хийсэн үү яасан “Монголын Эйнштейны толгойг барьж үзмээр байна” гэх л… /инээв/. Үүнийг сонсоод хүмүүс намайг өөрийгөө магтаж байна гэж ойлгох вий дээ. Надад сонин санагдсан нь тэр шүү дээ. Бас Халимагт 1998 онд шатрын 33-р олимп болж байсан. Тэр үед нэг залуу надаас “Энэ оньсыг задлаа л биз, угсраа л биз. Дэмий цаг үрээд. Ямар ашиг байна аа” гэж асуухад надад жаахан эвгүй л байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш айлчлалынхаа үеэр оньсоор эрх чөлөөний хөшөөг их сонирхож авсан.
- Хятадууд хүчтэй хөгжиж байна. Магадгүй хамгийн их тоглоомын түүхтэй улс шиг санагддаг?
-Хятад улс сүүлийн 40 жилийн хугацаанд тоглоомыг хөгжүүлэх тусгай хөтөлбөр гаргаж, түүнийхээ дагуу ажиллаж байна. Тоглоом үйлдвэрлэх технологи нь хүртэл өндөр хөгжсөн байна шүү дээ. Солонгос, Унгарт тоглоомыг хөгжүүлэх, сурталчлах том том төвүүд бий. Гэтэл Монголд тоглоом үйлдвэрлэх цех ч тун ховор доо. Манайд 1994 онд Хүүхдийн эрхийн конвенц гэж батлагдсан. Түүнд “Хүүхдийг нас биед нь тохирсон тоглоомоор хангахдаа төр засгийн зүгээс анхаарна” гэсэн заалт байдаг. Хэрэгжилт муу л байгаа шүү дээ.
 


Шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзий Шатар Монголд үүссэн гэдгийг баталчих юмсан...
Бусад мэдээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ