Түүхийг үнэнээр харъя: Казак түмний тухай хэдэн үг

Баян-Өлгий аймагт Казакстаны Консулын газар нээх тухай шийдвэрээс болоод сошиал орчин  маргааны талбар болчихов. Нэг нэгнээ хажигласан, үндэс угсаагаар нь ялгаварласан элдэв хийрхэл ч цухалзаж байна. Энэ бүх хөөсөрсөн талцалыг түр хойш тавиад, түүхийн шарласан хуудсыг цугтаа уншвал ямар вэ.. Казак түмэн Монгол нутагт зүгээр нэг нүүж ирээд суучихсан хүмүүс биш ээ. XIX зууны сүүлээр дайны хөлд нэрвэгдэж, Алтайн хязгаараас дүрвэж ирсэн Кэрэй, Найман овгийн казакуудыг тухайн үеийн Богд хаан ивээлдээ авч, Алтайн өндөр уулсын дунд дураараа нутаглах амьдралын уудам зайг хууль ёсоор тасалж өгсөн түүхтэй. Түүнээс хойш хагас зуун жилийн дараа буюу 1940 онд Маршал Х.Чойбалсан баруун хязгаараар биечлэн явж, казак түмний аж амьдралыг үзээд, тэднийг засаг захиргааны бие даасан нэгжтэй болгох шийдвэр гаргасан юм. Улсын Бага Хурлын тогтоолоор Ховд аймгийг хувааж, казак, урианхайчуудын соёлыг тусгайлан хамгаалсан Баян-Өлгий аймгийг байгуулж өгчээ. Монголын төр тэднийг уусгах гэж зүтгээгүй, харин ч эх хэл, шашин шүтлэг, өв соёлоо төрийн хамгаалалт дор цэвэр хэвээр нь авч үлдэх "соёлын арал"-ыг нь бүтээж өгсөн хэрэг. Монголчууд тэднийг хэзээ ч гадуурхаж байсангүй.
Баян-өлгий: Казак соёлын  онгон дагшин арал


Өнөөдөр жуулчид жинхэнэ казак соёлыг үзэх гэж Казакстан руу биш, Монголын Баян-Өлгий рүү зорьж буй шалтгаан нь маш энгийн. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа Казакстан улс 1930-аад оны албадан суурьшилтаар нүүдэлчин ахуйгаа бүрэн устгуулсан. Дээр нь оросжуулах бодлогоос болоод хотын казакууд нь эх хэлээ гээж, уламжлалт зан заншил нь Зөвлөлтийн ижилссэн соёлд ууссан. Анхны ерөнхийлөгч Н.Назарбаев нүүдэлчин ахуйг ад үзэж, хотжих соёлыг хүчтэй шахсан байдаг. Хятадын Шинжаанд байгаа казакуудын хувьд ч нөхцөл байдал үүнээс ч хүнд. Олон зуун жилийн суурин соёлын түрлэг, бэлчээрийн хязгаарлалт, хятад хэлний давамгайлал, хэрцгийлэл, геноцед, маш нарийн хяналт дор уугуул соёл нь дунд бүдгэрч үлджээ. Харин Монголын казакууд ороо бусгаа социализмын үед ч Алтайн өндөр уулсын дунд нүүдлийн аж ахуй шашин, эх хэлээ хэвээр нь авч үлдсэн юм. Үүний хамгийн тод жишээ бол бүргэдээр ан хийх соёл буюу шувуучлахуйн уламжлал юм. Өнөөдөр энэ гайхамшигт өвийг Казакстан улс өөрөө Монголын казакуудаас буцааж сурч, эндээс багш урьж соёлоо сэргээж байгаа билээ. Тиймдээ ч казак түмэн маань Монгол эх орондоо үргэлж талархаж явдаг.
Казакууд хүнд хэцүү ажлын тэргүүн эгнээнд явсан
Нөгөө талаас, тэднийг муу хэлэх ямар ч түүхэн шалтгаан халхууд, тэр дундаа нийгмийн сүлжээнд Нарантуяа Нара гишүүнийг дэмжигчдэд байхгүй. Казакууд бол хөдөлмөрч, жудагтай ард түмэн. Монгол орны бүтээн байгуулалтын хамгийн хүнд хэцүү болгонд тэд нуруугаа өгч, манлайлж ирсэн.Ганцхан жишээ хэлэхэд, Төв аймгийн Угтаалцайдам сумд маллагаа, арчилгаа маш нарийн шаарддаг нарийн ноост хонийг нутгийн иргэд тэжээж чадахгүй байхад Баян-Өлгийгөөс казак малчдыг урин авчирч байв. Тэд өөрсдийн нягт нямбай, ажилч зангаараа хонин сүргийг гайхалтай өсгөж, олон арван аварга малчдыг төрүүлсэн. Атарын аянд ч, Налайхын уурхайн гүнд ч хөдөлмөрч казак залуус л хамгийн хүнд, амь өрссөн, галтай ажлыг нуруундаа үүрч гарсан түүхтэй. Тэд хэзээ ч хүнд ажлаас хойш суудаггүй, тусархуу, зочломтгой зангаараа хаана ч очсон хүндлэгдсээр ирсэн.


Тэд соёлын олон өнгийг баяжуулж байгаа
Түүх ийм уужуу, амьдрал ийм баялаг байхад сошиалын хэдхэн пост, талцлаас болж бие биенээ муухайгаар бичих шаардлага байна уу. Казак түмэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, соёлын олон өнгөт байдлыг баяжуулж буй бидний салшгүй нэгэн хэсэг. Бусдын, тэр тусмаа гаднын орноос зохион байгуулсан байж мэдэх энэхүү хийрхэлд авталгүй, бие биенийгээ хүндэтгэж, түүхэн үнэнээ дээдэлж амьдрах нь Монгол Улсын маань хамгийн том хүч чадал билээ.
 


Түүхийг үнэнээр харъя: Казак түмний тухай хэдэн үг
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ