Үхлийн ууланд осолдсон Дятловын багийнхан

1959 оны 1 дүгээр сард Уралын Политехникийн дээд сургуулийн оюутнууд цанаар гулгах, адал явдал хайхаар цасанд хучигдсан Уралын нурууг зорив. Тэд жирийн аялагчид биш, хатуу ширүүн нөхцөлд дассан ийм төрлийн аялалд хангалттай туршлагатай залуус байлаа. Багийн гишүүн Юрий Юдин өвдөгний өвчний улмаас зам дундаас буцсанаар багийн есөн гишүүн цааш явсан юм. Тэд Холат Сяхл уулын энгэрт харанхуйг угтан майхнаа барьжээ. Залуусын хувьд энэ нь аяллын үед байдаг ердийн шөнө байх ёстой байв. Тэд уламжлал болсон ханын сонингоо зурж, тэмдэглэл бичжээ. Гэвч шөнө дунд жинхэнэ аймшиг эхэлжээ...
Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл тэднийг майхнаа зүсэж гадагш гаргахад гаргахад хүргэсэн юм. Цасан дээр гарсан мөрнөөс харахад тэд зарим нь хөл нүцгэн зугатсан бол нэг хэсэг нь оймстоогоо гарчжээ. Тэднийг юуны учир хүйтэн там руу нүцгэн шахам зугатсан шалтгааныг өнөө хэр олоогүй.  Хасах 30 хэмийн тас хүйтэн, цасан шуурган дунд яах гэж хамаг бүхнээ орхин гүйсэн байдгийг өөрсдөөс нь өөр хэн ч мэдээгүй билээ. 
Хэдэн долоо хоногийн дараа хайгуулын баг тэднийг олоход ойлгомжгүй зүйлс дэндүү олон байлаа. Эхний таван цогцос хуш модны дор, гал түлсэн ул мөртэй олдсон ч тэд бүгд хөлдөж амиа алджээ. Харин үлдсэн дөрөв нь хэдэн сарын дараа, цас ханзарсны дараа гүн хавцал дотроос олдсон юм. Тэдний үхэл илүү аймшигтай байлаа. Хавирга, гавлын яс нь бяцарсан, нэг бүсгүйн уруул,  хэл, нүд огт байхгүй байсан нь хэргийг улам бүр хачирхалтай болгов. Харин Зөвлөлтийн мөрдөгчид уг ослоос  гуравхан сарын дараа "байгалийн давагдашгүй хүчин зүйл" гэсэн дүгнэлтээр уг хэргийг хаасан нь олон арван жилийн турш тайлагдашгүй таамаг, хардлагыг төрүүлсэн юм.


Тэр шөнө юу болсон юм бэТ
2021 онд гаргасан эрдэмтдийн таамаглалаар, цасны гэнэтийн нуранги майхныг дарж, залуусыг сандаргасан байх магадлалтай. Гэвч яагаад хэл нь алга болсон, яагаад хүчтэй дотоод бэртэл авсан гэдэгт үнэмшилтэй тайлбар гаргаж чадаагүй юм. Тэр орчимд Зөвлөлтийн пуужингийн туршилтын талбай байсан гэгддэг. Залуус харах ёсгүй зүйлийг олж харсан, түүнийхээ хариуг амь насаараа төлсөн гэх нь ч бий. Мөн нутгийн уугуул иргэд тухайн үед тэнгэрт гэрэлт бөмбөлөгүүд олноор харагдсан. Хэрэг гарсан тэр өдөр ч учир битүүлэг гэрлүүд байсан гэдэг. Нутгийн уугуул иргэдийн ариун шүтээн болсон газарт зөвшөөрөлгүй нэвтэрч, тэдний уур хилэнг хүргэсэн гэх домог мэт яриа одоо ч ам дамжин яригддаг.
Нэг үндэслэл өөр нэг няцаалтаар дарагдсаар золгүй явдал өнөө хэр бусдын анхаарлыг татсаар. Уралын нурууны цаст оргилууд руу зүглэсэн есөн залуугийн багт нэгэн хачин хүн нэгдсэн нь Семён Золотарёв байлаа. Хүсэл сонирхлоор нэгдсэн дотнын найзууд дунд, хаанаас ч юм Семён Алексеевич Золотарёв гэх залуу нэмэгдсэн бөгөөд тэрээр зарим залуусаас 20 гаруй насаар ах  байлаа. Багт нь "хүчээр" шахуу гаднын хүн  орсон нь аялагчдын дунд багагүй маргаан дэгдээсэн байдаг. Багийн ахлагч Дятлов ч түүнийг багтаа авахаас татгалзаж байжээ. Түүнийг ямар нэгэн газраас хяналт тавихаар явуулсан тусгай хүн байсан хэмээн зарим судлаач сэжиглэдэг.
Судлаачдыг эргэлзүүлдэг бас нэг зүйл бол Семёны цогцос олдсоны дараа илэрсэн юм. Түүний цээжин дээр янз бүрийн олон шивээс байв. Тэнд "Г.Е.Н.А.А.В.И.В." гэсэн үсгүүд болон таван хошуу, хэд хэдэн тоо дүрслэгдсэн байжээ. Энэ нь зүгээр цэргийн шивээс үү, эсвэл тэрээр өөрийнхөө үхлийг урьдчилан мэдэрч, ямар нэгэн нууц код үлдээсэн хэрэг үү гэдэгт хариулт үлдээгүй. Мөн Семёны авч явсан камерт хэн ч тайлбарлаж чаддаггүй, хачин жигтэй гэрлийн цацраг бүхий зургууд үлджээ. Дятловын багийг аялалд гарахын  нэгэн нутгийн өндөр настан анчин тэдэнд хандан "Тэнд битгий оч. Холат Сяхл есөн хүнийг хүлээж байгаа. Тэнд очвол хүн амьд эргэж ирдэггүй" гэж хэлсэн гэх яриа байдаг. Үүнийг олон хүн "зүгээр нэг домог" гэж үздэг ч, аялагчид яг есүүлээ байсан нь хачирхалтай давхцал юм. Мансичууд Холат Сяхл уулыг "Үхлийн уул" гэж нэрлэдэг. Тэдний итгэл үнэмшлээр, энэ уул нь хүмүүс нэвтэрч болохгүй, өөр ертөнцийн хүчтэй холбогдсон "ариун газар" байв. Нутгийнхан аялагчдыг энэ газарт ямар нэгэн "тэнгэрийн хаалга" нээгддэг, тэр хаалга нээгдэх үед тэнд байгаа бүх зүйл сүйрдэг гэж итгэдэг байсан. Дятловын багийнхан тэмдэглэлдээ нутгийн иргэдийн энэ мэт үгийг тэмдэглэж авсан ч, өөрсдөө зөвлөлтийн иргэд учир шинжлэх ухаанд харш мухар сүсэг хэмээн тоогоогүй орхисон байдаг. Өөрсдийнх нь шашин, зан үйлд харш зүйл хийсэн учир мансичууд тэднийг алсан гэх өөр нэг таамаг зөвлөлтийн үед хүчтэй явж, мөрдөгчид зарим уугуул иргэдийг эрүүдэн шүүж, бурууг тэдэнд тохохыг оролдсон ч, энэ нь бодит байдалд нийцээгүй юм. 
Энэхүү ослоос золоор амьд үлдсэн Юдин найзуудаа нас барсны дараа хэргийн газрыг танихад тусалж, нас барах хүртлээ энэ хэргийг илрүүлэхийн төлөө явсан. Тэр "Миний найзууд харах ёсгүй зүйлээ харсан учраас л амиа алдсан" гэж ярьдаг байжээ. Түүнийг нас барсны дараа гэрээслэлийнх нь дагуу Уралын нуруунд, найзуудынх нь булшны дэргэд оршуулсан юм. Өнөөдөр Дятловын даваа бол адал явдал хайгчдын очихыг хүсдэг хамгийн нууцлаг, харанхуй газруудын нэг болжээ. Аяллын компаниуд Дятловын даваа нэртэй аяллын үйлчилгээ гаргаж адал явдалд дурласан олон хүн тийш зүглэдэг. Хүмүүс тэнд очиж хүйтэн салхины исгэрээнд 1959 оны тэр шөнө майхнаа зүсээд гүйсэн залуусын айдас, цөхрөл, хариултгүй үлдсэн асуултуудыг эрцгээдэг. Игорь Алексеевич Дятловын багийн залуусын үхэл Зөвлөлтийн түүхэн дэх хамгийн том нууц болон үлдэж, өнөөг хүртэл хүн төрөлхтнийг эргэлзээ, айдас дунд орхисоор байна.

 


Үхлийн ууланд осолдсон Дятловын багийнхан
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ